Засгийн газрын ажлыг Хэрэг эрхлэх газар нь хэдий болтол дүгнэх вэ
Нам, эвслүүд ч яах вэ, 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө хүргүүлчих л байлгүй. Хэдийгээр улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад буй ч тэд яаж ийж байгаад хуралдаж, мөрийн хөтөлбөрөө баталчих биз. Гэхдээ Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрийн талаар ингэж дүгнэлт гаргаад ер нь хэрэг байна уу. Сонгуульд ялж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд эхэлсэн намаас буцаагаад биелэлтийнх нь тайланг нэхэх эрхгүй аудитын байгууллага анхнаасаа дүгнэлт гаргах шаардлагагүй юм биш үү.
...Тэр нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг Хэрэг эрхлэх газар нь дүгнэж, үнэлдэг явдал. Сонгуулиар олонх болж, ялалт байгуулсан намд л мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж олддог бөгөөд тэр нь тэдний байгуулсан "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр” хэмээх баримт бичигт тэр чигээрээ тусгалаа олж, батлагддаг. Гэвч хэрэгжилтийг нь өөрийнх нь "гал тогоо”-ны ажлыг хариуцдаг Хэрэг эрхлэх газар нь дүгнэж ирсэн байдаг...
Магадгүй улстөрчид, нам, эвслийнхэн "Ард түмэн ухаантай, сонгогчид сонгуулиар дүн тавьдаг. Аудитын байгууллагаар мөрийн хөтөлбөрөө дүгнүүлэх шаардлагагүй” гэж хэлэх байх. Үүнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Монгол Улс ардчилсан замыг сонгосноос хойших 30 орчим жилийн хугацаанд ээлжлэн төр барьж, мөрийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлсэн АН, МАН тэргүүтэй улс төрийн намуудаас ард түмэн залхаж, "Аль нь ч адилхан” гэж толгой сэгсрэх өнөөгийн дүр зураг аливаа эрх баригчдын амлалтад зөвхөн сонгуулиар дүн тавих нь өрөөсгөл болохын баталгаа. Намууд нь хүртэл бие биенээ элдвээр цоллож, МАНАН гэх хэллэг хэдийн танил болчихоод байхад гагц сонгуулийн үр дүнгээр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь хэр хэрэгжсэнийг хэмжих нь явуургүй. Тэгээд ч сонгуульд оролцогчдод гарааны тэгш нөхцөл гэж үгүй, "улс төрийн уралдаан”-ыг товлох, зарлах, зохион байгуулах, дүгнэх гээд бүхий л үйл явц төгөлдөржөөгүй, төвөгтэй олон асуудал дагуулсан манайх шиг улсад зуун хувь найдах зүйл нь энэ биш. Ерөөс сонгуулийн тухай ярих гэвэл мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газар дүгнэх хэрэгтэй юү, хэрэггүй юү гэдгээс хэтийдсэн асуудал, асуултууд хөврөх тул ингээд орхиё.
Ингэхэд мөрийн хөтөлбөрийг дүгнэж ирсэн өөр нэг жишиг бий, манайд. Тэр нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг Хэрэг эрхлэх газар нь дүгнэж, үнэлдэг явдал. Сонгуулиар олонх болж, ялалт байгуулсан намд л мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж олддог бөгөөд тэр нь тэдний байгуулсан "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр” хэмээх баримт бичигт тэр чигээрээ тусгалаа олж, батлагддаг. Гэвч хэрэгжилтийг нь өөрийнх нь "гал тогоо”-ны ажлыг хариуцдаг Хэрэг эрхлэх газар нь дүгнэж ирсэн байдаг. Жишээ нь, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 2018 оны эхний хагас жилийн байдлаар 47.2 хувьтай байна хэмээн Хэрэг эхлэх газар нь дүгнэсэн. Харин жилийн өмнө Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн эхний гурван жилийн хэрэгжилт, биелэлтийн тайланг УИХ-д өргөн барьсан. Тэгэхэд хэрэгжилт нь 50.5 хувьтай байв. Тухайн үед эрх баригч Ардын намын бүлгийн удирдлага "Өмнөх Засгийн газрууд үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн биелэлтийг их өндөр дүнтэй гаргадаг байсан. Эцэслээгүй ажлуудаа хэрэгжээгүй, биелээгүй гэж үзсэн учраас энэ удаа 50.5 хувийн биелэлттэй гарсан. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг нэрлэж болно. Бид гурван жил энэ талаар ярьж, судалж байгаа ч хэрэгжилтийг нь тайланд тэгээр тооцож, тусгасан” хэмээн тайлбарлаж байсан юм. 2016 оны сонгуулиар УИХ-д үнэмлэхүй олонх болсон Ардын намын дангаараа байгуулсан Засгийн газрын дөрвөн жилийн хугацаанд хийх ёстой ажлын биелэлт эхний гурван жилд ердөө 50 хувьтай гарсан нь энэ. Тэд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт 2020 онд буюу бүрэн эрхийн хугацаа нь дуусахад 70-80 хувьтай байна хэмээн тооцож буй юм билээ. Өнгөрсөн жил Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан гэх зэргээр тооцвол биелэлтийн хувь ахисан байлгүй. 2019 оны эцсийн байдлаар хэрэгжилтийг хараахан тайлагнаагүй байна. Өөрийнхөө хийснийг өөрөө үнэлдэг ийм тогтолцоо манайхаас өөр хаана байдаг бол. Засгийн газрын хийсэн ажлыг Хэрэг эрхлэх газар нь хэдий болтол дүгнэх вэ.
Тиймээс сонгуульд ялж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн нам Үндэсний аудитын газарт буцаагаад биелэлтийнхээ тайланг ирүүлдэг байх ёстой. Энэ эрх, үүргийг нь хуульчлан баталгаажуулах учиртай. Төрийн аудитын тухай хуульд зааснаар Үндэсний аудитын газар нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд санхүүжилтийн эх үүсвэрээс нь үл хамааран аудит хийх эрхтэй. Цаашлаад төсвөөс санхүүжилт авсан, орлого бүрдүүлдэг байгууллага, аж ахуйн нэгж төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаа, Засгийн газрын тусгай зориулалтын сан, жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайлан, өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийн хэрэгжилт гээд олон зүйлд аудит хийх эрхтэй ч тухайлан гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааны хөтөлбөрийг үнэлж, дүгнэх боломж алга. Нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөр нь улс орны хөгжлийн бодлоготой уялдаж буй, эсэхийг хянасан аудитынхан хэрэгжилтийг нь ч хянах учиртай. Улмаар мөрийн хөтөлбөрийн биелэлтийг ялсан намын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар бус, төрийн аудитын байгууллага жил бүр ард түмэнд танилцуулж, аль болох нээлттэй мэдээлж, хэрэгжихгүй байгаа хэсгийнх нь учир шалтгаанд дүн шинжилгээ хийгээд явбал хөгжлийн бодлогод илүү үр нөлөөтэй.
Үндэсний аудитын газар тэдний мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийдэг болоод хэдийн хоёр удаагийн ээлжит сонгууль өнгөрөөд байна. Одоо мөрийн хөтөлбөрүүдийг гурав дахиа хүлээн авах гэж байгаа нь энэ. Сонгогч биднийг гайхшируулах зүйлс сонгуулийн сургаар л амилж эхэлдэг. Ёстой л амлалтаараа чихэн дээр цэцэг ургуулж, ухаан алдтал "сюрприз” барьдаг. "Эрдэнийн хувь” гэж иргэн бүрт нэг сая төгрөг өгнө гэх АН-ын амлалтын араас өнөөгийн МАН-ынхан "Эх орны хишиг” болгон 1.5 сая төгрөг өгнө гэж амласныг мартаагүй биз дээ. Эдгээр бэлэн мөнгөний амлалтаас болж манай эдийн засаг хэрхэн сөхөрч, хойшид бидэнд ирэх байсан олон боломжийг үгүй хийж, хулгайлсныг хэлэх нь илүүц байж ч мэднэ. ШИНЭН гэж хүчин байгуулсан хүмүүс одоо гурваас олон хүүхэдтэй айл, өрхийг хүн амын орлогын албан татвараас чөлөөлж, нэг хүүхэдтэй, эсвэл хоёулаа хөдөлмөр эрхэлж байгаа залуу гэр бүл анхны орон сууцаа худалдан авахад нь ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг тэглэх, жилийн хүүг нь таван хувь хүртэл бууруулна гэсэн гоё гоё зүйлийн талаар яриад удаж байна. Ипотекийн зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт нэг хэсэгтээ моодноос гарахгүй. МАХН гэхэд л иргэдийг орон сууцжуулах хүүгүй, урьдчилгаагүй зээлд хамруулах хөтөлбөр боловсруулаад буй. Тэдний санаачилсан "Өрх бүрт орон сууц” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэдийг хүүгүй зээлд хамруулж, урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцад оруулах юм гэсэн. Цаашлаад цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай яриа мөнхийнх. Ингэхдээ эмч, багш нарын цалинг хөндөхгүй байна гэж үгүй. ХҮН-ынхан лав багш, эмч нарын дундаж цалинг хоёр сая төгрөгт хүргэнэ гээд хэдийн амлачихсан. Ийм боломж улсын төсөвт байгааг тус намынхан судалгаагаар нотолж, арга замыг нь тодорхойлчихсон гэсэн.
Хөнгөлнө, чөлөөлнө, үнэгүй өгнө гэсэн толгой эргэм олон амлалт мөрийн хөтөлбөрүүдэд хэрхэн тусгалаа олох бол. Төрийн аудитын байгууллагынхан тэрийг нь хянаж чадах болов уу. Өнгөрсөн хугацаанд энэ мэт, эдийн засгийн боломж, чадлаас хэтэрсэн, үл бүтэх зүйлс амлалаа гээд нам, эвслүүдийг сонгуульд оролцуулахаас татгалзсан удаагүй. Эсвэл тэд эвтэйхэн гэгч нь өнгөлөн далдалж, мөрийн хөтөлбөртөө өөр үгээр шургуулчихдаг юм уу.
Б.Номин
Эх сурвалж: Өнөөдөр сонин