Ц.Нямдорж Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ нарыг үл тоон, тохуурхаж байна
Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дарга, Монгол Улсын Сайд Л.Оюун-Эрдэнэ ч Ерөнхий сайдынхаа зарчмыг ажил хэрэг болгох үүднээс Төрийн бүх шатны албан хаагчдын ёсзүйн дүрэмд өөрчлөлт оруулж дотоод, гадаадад мөрийтэй тоглохгүй байх заалтыг тусгасан билээ.
Энэ тухайгаа Л.Оюун-Эрдэнэ: "Төрийн бүх шатны албан хаагчдын ёсзүйн дүрэмд өөрчлөлт оруулж, дотоод, гадаадад мөрийтэй тоглохгүй байх заалтыг тусгасан. Үүнтэй холбоотойгоор төрд ажиллаж буй хэнбугай ч казино тоглосон тохиолдолд хариуцлага тооцохоор шийдвэрлэлээ. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төрийн албан хаагчид мөрийтэй тоглох, хээл хахуульд автах байдал газар авсан. Төрийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа төрийн өмчийн үйлдвэрийн газрын дарга, захирал, удирдлагууд казино тоглож байгаагаараа бусдыгаа тэргүүлж байна. Иймээс ч энэ шийдвэрийн биeлэлтэд төрийн бүх байгууллагууд болон иргэд, олон нийтийн хяналт үүнд чухал юм. Мөрийтэй тоглоом тоглож байгаад баригдвал ажлаас нь чөлөөлнө.Мөн төрийн албан хаагчид мөрийтэй тоглоом тоглож байгаа эсэх талаар улирал бүр тайлан гаргана. Хэрэв журам хэрэгжихгүй бол хууль гаргахаар төлөвлөөд байна. Энэ журам УИХ, Засгийн газрын гишүүдэд ч мөн хамааралтай..
Солонгосын казинод манай улсаас хамгийн олон төрийн албан хаагчид казино тоглодог гэсэн статистик бий. Засгийн газар төрийн албан хаагчдынхаа цалинг нэмж байгаа боловч Солонгост хар ажил хийж байгаа төвшинд ч аваачиж чадахгүй байна . Тэр нь сард 4.5-5 сая төгрөг. Гэтэл төрийн албан хаагчид Солонгост тоглоод байна. Энд ямар логик харагдаад байна вэ гэхээр авлига. Өөрөөр хэлбэл дарга нар нь валютынхаа урсгалыг казинод аваачиж тушаагаад байдаг. Төрийн албан хаагчид нь цалин хүрэхгүй Солонгост очиж хар ажил хийгээд байдаг. Монгол Улсын албан бус мөрийтэй тоглоомын систем, далд систем, далд эдийн засаг авлигад живэх дөхсөн байна. Олон судалгаа үүнийг баталж байгаа. Үүнийг цэгцлэхээс өөр арга байхгүй. Дарга бол казино ч тоглох, зээл ч авах, хүүхэд нь сургалтын хөтөлбөрт ч хамрагдах эрхтэй, ямар ч хуульгүй болчихоод байна шүү дээ" хэмээн өгүүлж байв. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Монгол Улсаас Австрали улсад суугаа элчин сайд гэх нөхөр гэсэн гурван хүн Австралид казино хэсэж яваа нь нэгэнт ил болоод буй.
Энэ үйл явдалтай холбоотойгоор ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа: "Зарчимдаа үнэнч хэвээр байгаа. Хууль тогтоомжийн хүрээнд казино тоглосон нөхдүүдэд ямар нэг хэмжээгээр хариуцлага тооцно" хэмээн мэдэгдсэн юм.
Харин Монгол Улсын Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тэдний энэ үйлдлийг "Юун сүртэй юм? Казино бол орж гарч л байдаг газар шд" хэмээн өмгөөлсөн билээ. Энэ нь Монгол Улсын Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ нарыг үл тоон, тохуурхаж байгааг шууд илтгэсэн явдал болж байна.
Нөгөөтэйгүүр Монгол Улсын Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийнхоор бол Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ нар ямар ч ач холбогдолгүй зүйлд буюу бүр тодруулбал хүмүүсийн орж гарч л байдаг газрын тухай ямар ч хэрэггүй шахам журам, хууль боловсруулж суугаа "хийх ажлаа олж чадсан" хүмүүс болж таарч байгаа бололтой.
Ер нь улс төрийн хүрээнд Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг Засгийн Газар дотроо тусдаа фракц болж, танхимын зарчмаар ажиллахаа больсон, Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг үл тоох болсон гэх яриа гараад удаж буй билээ.
Д.Жанчив
Эх сурвалж: sonin.mn