Хуулийн засаглалаа самарсан Хууль зүйн сайдын шилжилт

🕔 2020/01/20 15:06

СОНГУУЛЬ 2020: ТОЙРГУУДЫГ ТАНДАХУЙ

Олон хүний урьдчилан таамаглаж байсанчлан УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд ирэх сонгуулиар тойргоо сольж, Эрдэнэтээс нэр дэвшихээр болжээ. Түүний оронд "Хурд” группийн эзэн, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн энэ удаа Хан-Уул дүүрэгт өрсөлдөхөөр болж байгаа юм байна. Түүний барьсан, зарсан барилгын тоо тус дүүрэгт тоогоо алдсан тул тэндхийн оршин суугчид Б.Чойжилсүрэнгийн сонгогчдын цөм болох бололтой.

Харин Ц.Нямдоржийн хувьд УИХ-д долоон удаа сонгогдохдоо тавд нь өөрийн төрсөн нутаг Увс аймгаас нэр дэвшиж байв. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар Ц.Нямдоржийг чухам юу "хатгаж” Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн, бас Хан-Уулчуудыг юу хатгаж Ц.Нямдоржийг долоо дахь удаагаа УИХ-д сонгож гаргасныг чөтгөр л мэдэх байх даа.

1992 оны УИХ-ын сонгуулиар анх УИХ-д сонгогдохдоо нэг удаа тус дүүрэгт нэр дэвшиж байсныг эс тооцвол Ц.Нямдорж гэдэг хүн Хан-Уулчуудын хувьд "олз хайсан бадарчин”-гаас өөрцгүй. Өнгөрсөн дөрвөн жил лав сонгогчид нь түүнийг олж тойрогтоо олж хараагүй. Яах вэ, зурагтаар том том юм яриад, хүн загнаад байхаар бараанаас нь сүрддэг байж магадгүй.

Харин энэ удаа түүний Эрдэнэтээс нэр дэвших болсон шалтгаан нь мэдээж "Эрдэнэт”-ийн 49 хувь. Түүнийг төрд авахад оройлон ажилласан гэдэг утгаараа өөрийгөө тун ч гавьяатай нэгэн хэмээн үнэлж буй нь лав. Гэвч цаана нь түүний тус үйлдвэрээс идсэн уусан нь ч гэсэн найгүй гэлцэх юм билээ. Ямар үгүйдээ л "Эцэг хүн хүүгийнхээ төлөө ганц удаа утас цохиход яадаг юм. Шалихгүй мөнгө ш дээ, 300-хан саяын л ашиг хийсэн” хэмээн хээв нэг ярьж суух вэ. Тиймээс энэ хүний шударга байдал болоод шударга бусын тухайд Эрдэнэтчүүдийн сүжиг мэдэх асуудал юм даа.

Түүний Эрдэнэтийнхэн дээр дөрөөлөх болсон бас нэг шалтаг нь "эрүүдэн шүүсэн” асуудал. "Эрдэнэтийн жирийн иргэдийг ингэж хэлмэгдүүлсэн байна” гээд хоолой зангируулаад очихоор хормойгоо дэвсээд угтана гэж тооцоолсон байх. Гэвч нэгдүгээрт эрүүдэн шүүсэн асуудал нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байгаа. Эрүүдэн шүүсэн асуудлыг шүүхээр нотоллоо гэхэд тэр нь С.Зориг агсны аллагын гэмт хэргийг нотолсон хэргийн нотлох баримт мөн эсэхийг тусад нь тогтоох ёстой. Ямар ч байсан уг хэрэгт хяналт тавьсан прокурорын хувьд "Гэмт хэргийг хэрэгтнүүдийн нотлох баримтад үндэслэж тогтоогоогүй, өөр бусад мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон. Тиймээс хэргийн нотлох баримтыг нэг бүрчлэн үгүйсгэж дуусан дуустал би гаргасан шийдвэрээ хамгаална” гэж мэдэгдээд байгаа.

Хоёрдугаарт, Монгол Улсын шүүхийн бүх шат дамжлагаар шүүгдээд "С.Зориг гэдэг хүний амь насыг эдгээр нөхөд бүрэлгэсэн нь хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогдлоо” гээд шийдвэрлэчихсэн байхад Хууль зүйн сайд нь дангаараа шүүхийн шийдвэрийг эсэргүүцээд, хэрэгтнүүдийг суллана барина гээд яваа нь ч гэсэн асуултын тэмдэг мөн л дөө. Монгол Улсад хэн нэгний гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтоодог, шүүхээс гадуур ямар нэг шүүн таслах ажлиллагаа явуулахыг Үндсэн хуулиар хориглодог. Атал хуулийн засаглалыг хэрэгжүүлэх ёстой Хууль зүйн сайд нь өөрөө эдлэх ёсгүй эрхээ эдлээд, Үндсэн хуулиас давж яриад байгаа нь гайхалтай биш гэж үү? 

Ялангуяа өмнө дөрвөн удаа (энэ удаа тав дахиа) Хууль зүйн сайд хийхдээ С.Зоригийн хэргийг илрүүлэх тал дээр хуруугаа ч хөдөлгөж үзээгүй (илрүүлэхгүй байх тал дээр бол харин хангалттай ажилласан гэдэг юм билээ) хүн хэрэг шүүхээр шийдэгдсэний дараа үг, үйлдлээ хянаж чадахаа байтлаа цамнаж байгаа нь цаанаа учир шалтгаантай гэж харахад хүргээд байгаа. Үүний дэргэд Ц.Нямдоржийн тойргоо солих, зугтах энэ тэр бол байдаг л нэг асуудал. Угаасаа сонгууль дөхөөд ирэхээр манай улстөрчид "олз хайсан бадарчин" шиг л болдог нь гэм биш зан, гэнэт биш хууч юм даа. Нэгийг өгвөл арвыг авах, нэгийг алдвал арвыг хожих гэж зүтгэдэг. 

Б.Заяа

Эх сурвалж: inews.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!