Э.Цэвэлмаа: Аюулгүй ажиллагаа бол амжилтын үндэс юм

🕔 2020/01/07 14:17

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилт, аймгийн салбар зөвлөлийн үйл ажиллагаа болон энэхүү хууль дүрмийг сурталчлах аяны үр дүнгийн талаар Дундговь аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Э.Цэвэлмаатай ярилцлаа.

-Дундговь аймгийн ХХҮГ-аас "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль дүрмийг сурталчлах” аяныг нэлээд урт хугацаанд зохион байгуулж дүнгээ гаргалаа. Аяныхаа зорилго, зорилтыг танилцуулахгүй юу?

-Манай аймгийн хувьд 108 төрийн байгууллага, 439 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ олон байгууллагын үйл ажиллагааг хүн л удирдаж, хүн л гардан хэрэгжүүлдэг. Иргэдийн дунд байдаг нэг буруу, ташаа ойлголт бол уул, уурхай болон үйлдвэрлэл явуулж байгаа байгууллага дээр л хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ярьдаг гэсэн хандлага юм

Тэгэхээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар бүх л байгууллага дээр ярьж, хууль, журмыг хэрэгжүүлж байх ёстой.

Ер нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж, эрүүл аюулгүй ажлын байрны орчинг бүрдүүлэх, тогтолцоог бий болгож, сайжруулах, ажил олгогч, ажилтны үүрэг хариуцлагыг өндөржүүлэх асуудал чухал юм.

Тиймээс энэ л зүйлийг бий болгох, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн аюулгүй, эрүүл орчныг бий болгох зорилгоор л энэхүү аяныг зохион байгуулсан. Хэн нэгэн хүн хууль, журмаа мэдэхгүй бол түүнийг хэрэгжүүлнэ гэж хэзээ ч байхгүй. Тиймээс л хууль журмыг сурталчлах энэ аяныг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлээд он дуустал зохион байгууллаа.

-Ямар нэг аян, ялангуяа хууль сурталчлах аян зохион байгуулахаараа ихэвчлэн зохион байгуулагч тал өөрсдөө сургалт хийж, өдөрлөг зохиож, иргэдэд мэдээлэл өгөх байдал түгээмэл байдаг. Харин танай энэ аян арай өөр хэлбэрээр өрнөлөө. Ер нь ямар үр дүн гарсан гэж дүгнэж байгаа вэ?

-Аяны хугацаанд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомжийг эмхэтгэн хавтсанд хийж, бүх байгууллагаар аялуулсан. Энэ өөрөө ямар зорилготой вэ гэхээр нэгдүгээрт хууль журмаа сурталчлах, хоёрдугаарт тухайн байгууллага хууль журмын дагуу зохион байгуулалт, тогтолцоогоо бий болгож, ажилтнууддаа сурталчлан таниулах, гуравдугаарт байгууллагууд бие биенээсээ суралцах тийм боломжийг олгож байгаа юм.

Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын удирдлагууд, холбогдох мэргэжилтэн байгууллага дээр хавтас аялах хугацаанд ажлаа төлөвлөж, хэрэгжүүлж, үр дүнг нь тооцож, эцэст нь тайлангаа хавсаргаад дараагийн байгууллагадаа хүлээлгэж өгөх зарчмаар энэ ажил маань хэрэгжсэн гэсэн үг.

Мөн Хөдөлмөрийн сайдын А/33 дугаар тушаалын дагуу 25 аж ахуйн нэгж байгууллагын 890 ажилтныг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулсан.

Аяны үр дүнд 14 байгууллага Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн булантай болж, 11 байгууллага ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж, мөн 11 байгууллага галын булан багаж хэрэгслээ сэлбэж, галын аюулаас урьдчилан сэргийлэх зураглалтай боллоо. Түүнээс гадна 10 байгууллага гадна орчны тохижилт хийсэн, чамлахааргүй үр дүн гарсан гэж бодож байгаа.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрмийг сурталчлах энэ аянд ямар байгууллагууд хамгийн сайн оролцсон бэ, идэвх санаачилгатай оролцсон байгууллагуудаа шалгаруулсан байсан?

-Байгууллагууд нэлээд идэвхтэй оролцсон. 31 байгууллагаар хавтсаа аялуулж, энэ дундаас "Мандалговь хүнс” ХХК нэгдүгээр байрт шалгарч, "Уламжлалт” эмнэлэг, Сайнцагаан сумын "Мандал” сургууль удаах байруудад орлоо.

Энэ байгууллагууд маань бусдаасаа илүү санаачилга гаргаж, хууль дүрмийг хэрэгжүүлж, сурталчилсан гэсэн үг юм.

-Манай аймгийн хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ямар салбар, нэгж ажилладаг вэ, ямар ямар төлөөллөөс бүрдэж байна?

-Дундговь аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл гэж ажилладаг. Энэ салбар зөвлөлийг аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун удирддаг. Мөн сумдад Засаг даргын орлогчоор ахлуулсан салбар зөвлөл байдаг.

Хөдөлмөрийн сайдын А/114 тушаалаар хориос дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагуудад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлтэй байна гэж заасан байдаг. Судалгаагаар аймгийн хэмжээнд хориос дээш ажилтантай 85 байгууллага байгаа бөгөөд тэдгээрийн 50 хувь нь салбар зөвлөл байгуулсан байна.

Аймгийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд ажилчдыг төлөөлж "Үйлдвэрчний эвлэл”, ажил олгогчийг төлөөлж "Ажил олгогч эздийн холбоо", төрийн байгууллагын төлөөлөл тэгш тоогоор ордог. 9 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа.

-Аймгийн салбар зөвлөл голлон ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Мэдээж сургалт сурталчилгаа түлхүү хийдэг байх.

-Төрөөс баримталж байгаа бодлого нь ажилтны амь нас, эрүүл мэндийг бүх талаар сахин хамгаалахад чиглэгдэж байдаг. 2017 онд аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр батлагдсан. Дэд хөтөлбөрийн хүрээнд бүх суманд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл байгуулж, гишүүдийг чадавхжуулах ажлыг зохион байгуулж, гарын авлагаар хангасан. Сумдын салбар зөвлөл нь ААН, байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх маш чухал үүрэгтэйгээр ажилладаг.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, журмын хэрэгжилтийг иргэд, ялангуяа малчид тэр бүр тоодоггүй шүү дээ. Тэдэнд хууль яаж үйлчилдэг вэ?

-Малчид бүгдээрээ л хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс. Энэ хүмүүс маань өөрсдийнхөө амь нас эрүүл мэндийг хамгаалах эрхтэй, бас үүрэгтэй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль аль 2008 онд батлагдсан байдаг. Энэ хууль батлагдахаас өмнө Үндэсний хөтөлбөрөөр зохицуулдаг байсан. Харамсалтай нь одоо болтол малчид цоо шинэ зүйл мэт хүлээн авдаг.

Аюулгүй ажиллагаа яагаад чухал болохыг малчдад ойлгуулахын тулд малчид хаана цуглаж байна, бид тэр болгонд л очиж мэдээлэл хийхийг зорьдог. Хониндоо мотоциклоор явж байгаад унаад амь насаа алдах, хөл гараа хугалах гээд гэмтэл бэртэл авах тохиолдол их байдаг.  

Энэ тохиолдолд сумынхаа Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх комисстоо хандаж, үйлдэрлэлийн осол мөн эсэхийг судлуулж, Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид бүртгүүлснээр "үйлдвэрлэлийн осол”-д тооцогддог. Үйлдвэрлэлийн осол нь тогтоогдсон тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас тодорхой хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийг 100 хувиар авах эрх нь үүсдэг. Энэ талаар мэдэхгүй болохоор төрөөс энэ үйлчилгээг авч чадахгүй хохирох байдал түгээмэл байна.   

-Магадгүй ажилтан ноцтой биш хөнгөн бэртэл авсан тохиолдолд заавал бүртгүүлэх ёстой юу?

-Тухайн үед ажилтны биед ноцтой өөрчлөлт ороогүй байж болох ч хэдэн жилийн дараа ноцтой өөрчлөлт орох тохиолдол гарч магадгүй. Тэр үед холбогдох байгууллагууд үйлдвэрлэлийн ослын актыг үндэслэн дараагийн асуудлыг шийдвэрлэх тул ажлын байрандаа осолд өртсөн ажилтан үйлдвэрлэлийн ослоо тогтоолгох хэрэгтэй. 

-Хөдөлмөрийн аюулгүй байдлын хамгийн чухал нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа байгаа. Тэгэхээр байгууллагууд ер нь юу хийх ёстой вэ?

-Тийм ээ. Аж ахуйн нэгж байгуулалагууд хамгийн түрүүнд эрсдэлийн үнэлгээ хийх хэрэгтэй. Энгийн үгээр илэрхийлвэл ажилтан өөрийн ажиллаж байгаа ажлын байранд ямар эрсдэл байгааг өөрөө тодорхойлж гаргахыг л ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх гэж хэлээд байгаа юм.

Нийт ажилтнаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулж, тодорхой ойлголттой болгох хэрэгтэй. Хөдөлмөрийн сайдын А/33 дугаар тушаалаар ХАБЭА сургалт зохион байгуулах, шалгалт авах журмыг баталсан. Энэ журмын дагуу байгууллагын удирдлагууд ажилтан, албан хаагчдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулах зайлшгүй шаардлагатай юм.

-Хөдөлмөр эрхлэгчид хаана хандаж мэдээлэл авах боломжтой вэ?

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдээлэл авахыг хүссэн аж ахуйн нэгж байгууллага, иргэн сумынхаа Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаас зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой.

Ер нь аюулгүй ажиллагаа бол амжилтын үндэс юм. Тиймээс ажилтан бүр ажлын байрандаа аюулгүй ажил үүргээ гүйцэтгэж, эрүүл байхын тулд энэ хууль, журмыг бүгд мэдэж, хэрэгжүүлдэг байх нь чухал юм шүү дээ.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!