Тавантолгойн баруун цанхийг Хятадууд үнэгүй шахуу авсан гэв үү?

🕔 2016/08/24 15:36

Тавантолгойн баруун цанхийг Хятадууд үнэгүй шахуу авсан гэв үү?

 

"Бүсээ чангалах” гэдэг үг энэ засгийн трэнд үг болоод байгаа билээ. Тэрчлэн эдийн засгийн эрх мэдлээ Олон улсын валютын сангийн гарт атгуулж, "Стэнд бай”  хөтөлбөрт хамрагдахаас өөр гарц үгүй юу гэдэг асуулт тавигдаж байгаа. Тэгвэл эдийн засагч Ч.Хашчулуун байр сууриа илэрхийлэхдээ "Хоёр дахь гарц нь манай дотоодын томоохон нөөцүүд бий. Үүнийгээ ашиглах хэрэгтэй. Гэхдээ том төслүүдийг хөдөлгөхөд гацаа үүсч байна. "Таван толгой”-г аваад үзэхэд хөрөнгө оруулалт авах бүрэн боломжтой гэж ярьж байгаа боловч өнгөрсөн Засгийн газар 2015 Хятадын үл мэдэх компанитай гэрээ байгуулаад Баруун цанхийг үнэгүй шахуу өгчихсөн байх жишээтэй. Одоо энэ гэрээ хөрөнгө оруулалт татахад маш том асуудал болон гарч ирж байна. Ийм асуудлуудыг нэг нэгээр нь шийдэж Монгол руу оруулах долларын урсгалыг эрчимжүүлнэ. Хэрэв "Таван толгой”-н гэрээ амжилттай болбол 4 тэрбум ам.доллар, ТЭЦ 5 төсөл хэрэгжвэл 1.5 тэрбум ам.долларын урсгал ирнэ. Ам.долларын ханш өмнөх эдийн засгийн хүндрэлийн үед 1,300-1,700 руу унасан ч эргээд чангарсан. Томоохон төслүүдийг хөдөлгөж, бодлогоо зөв хэрэгжүүлбэл эдийн засаг хурдан хугацаанд өөрчлөгдөж болно. Гэхдээ шийдэмгий арга хэмжээ авах ёстой.”  хэмээн хэлж байна.

Тэгэхээр гадаад дотоод зах зээл дээр хүлээлт үүсгээд байгаа Тавантолгойн баруун цанхи хэдийнэ хятадуудын бодлогоор үйл ажиллагаа нь явагдаж байгаа гэсэн ойлголт эндээс гарч ирж байна.

"Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс баруун цанхийн уурхайн талаар мэдээлэл өгөхдөө "Цанхийн уурхайн баруун хэсгийн уулын ажлын нарийвчилсан зураг төслийг боловсруулан талбайг ашиглалтанд бэлтгэж, 2013 оны 06 дугаар сард уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн. Цанхийн ордын баруун хэсэг 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Цанхийн уурхайн баруун хэсгийн нүүрсний экспорт 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эхэлсэн бөгөөд  2013 онд  1.2 тонн, 2014 онд 3.6 сая, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар 3.3 сая тонн нүүрс тус тус экспортлоод байна.2013 онд Цанхийн уурхайн баруун хэсгээс 1,5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн ч төлөвлөгөөгөө хоёр дахин давуулан биелүүлж 2.5 сая тонн нүүрс, 2014 онд 4.5 сая тонн нүүрс, 2015 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар 3.8 сая тонн нүүрс олборлоод байна."Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Цанхийн уурхайн баруун хэсэгт уулын ажлын үйлчилгээ үзүүлэх гэрээт олборлогчоор "Хишиг Арвин Индустрал”, "Мера”, "Монголын Үндэсний олборлогч” компанийн "Монгол уурхайчид” түншлэл шалгаран олборлолтыг чанартай гүйцэтгэсэн.” гэж байсан.

Тэгвэл эдийн засагч Ч.Хашчулууны хэлж ярьснаас үзэхэд баруун цанхид "Хишиг Арвин Индустрал”, "Мера”, "Монголын Үндэсний олборлогч” компанийн "Монгол уурхайчид” түншлэлээс гадна Хятадын компани орж ирсэн гэж ойлгогдож байна. Тэгээд зогсохгүй Тавантолгойн ирээдүйд тээг саад болоод байгаа бололтой.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!