Эрх нь үүсээгүй 53 хүнд 677.5 сая төгрөгийн тэтгэвэр олгожээ

🕔 2019/12/04 19:52

Эрх нь үүсээгүй 53 хүнд 677.5 сая төгрөгийн тэтгэвэр олгожээ

 

Төрийн аудитын байгууллагаас улсын хэмжээнд нэгдсэн удирдамжаар аудит хийх олон нийтийн дунд хүлээлттэй байдаг хэд хэдэн сэдвийг баталсан. Үүний нэг болох Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнд аудит хийх ажлыг аймаг бүрт зохион байгуулж байгаа юм. Аудитын дүгнэлтүүд эхнээсээ гарч, олон нийтэд танилцуулж эхэллээ. Аймаг бүрийн Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн даатгалын тасаг, сумдын нийгмийн даатгалын улсын байцаагч нарын 2012-2018 он буюу зургаан жилийн үйл ажиллагааг хамруулан тус аудитыг гүйцэтгэсэн байна. Орхон, Говь-Алтай, Төв, Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод, Дундговь зэрэг аймаг дахь Төрийн аудитын газрууд Нийгмийн даатгалын санд хийсэн аудитын тайланг Үндэсний аудитын газрын www.audit.mn сайтад байршуулаад байна.
 
Байцаагч нараас шалтгаалсан алдаа зөрчил их байна
 
Дүгнэлт нь тодорхой болсон тайлангуудаас харахад нийгмийн даатгалын үйл ажиллагааг хууль журмын дагуу явуулах процессийг илүү сайжруулах, даатгалын байцаагчдын чадварыг дээшлүүлж, бичиг баримтын алдаа дутагдал гаргахгүй байхад анхаарах зайлшгүй шаардлага байгааг харж болохоор байна.
 
 
Тухайлбал, нийгмийн даатгалын байцаагч нараас шалтгаалсан алдаа зөрчил багагүй гарч байгааг Төв аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн тайланд онцлон дурджээ. Тус аймгийн нийгмийн даатгалын байцаагч нар тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй 53 хүнд тэтгэвэр тогтоож 677.5 сая төгрөгийн тэтгэврийг 2012-2018 онд олгосон зөрчил илэрсэн байгаа юм.
 
 
Шаардлагатай бичиг баримтыг нягтлан шалгахгүй, зөрчлийг нь засаж залруулахгүй, шаардлага хангахгүй буюу дутуу материалаар ийнхүү олон хүнд тэтгэвэр тогтоосон гэсэн үг. Тухайлбал, байгууллагаас ирүүлсэн тушаал дээр иргэний нэрийг гараар нөхөж бичсэн баримтаар есөн хүнд, архиваас гаргуулсан тушаал дээр иргэний овог зөрүүтэй байхад таван хүнд, хүнд нөхцлийн ажил, мэргэжлийн жагсаалтад хамрагдах ажлыг нотлох боломжгүй байхад хоёр хүнд, шаардлагатай бичиг баримт дутуу засвартай байхад 28 хүнд тэтгэвэр тогтоосон гэх мэт зөрчлүүдийг аудитаар илрүүлсэн байна. Түүнчлэн аргачлал заавраа баримтлаагүйгээс тэтгэвэр авах эрх үүсээгүй хүмүүст тогтоосон, ажилгүйдлийн тэтгэмжйг зөрүүтэй олгосон зэрэг зөрчлүүд илэрч байгаа нь байцаагч нарын ажлын хариуцлагагүй байдал, дотоод хяналт шалгалт сул байгаагаас шалтгаалж байна гэж үзжээ.
 
Шимтгэлээ өндөр төлдөг даатгуулагчид сангийн зарцуулалтыг нэмэгдүүлж байна
 
Сүүлийн жилүүдэд тэтгэвэрт гарахын өмнөх таван жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг өндрөөр төлдөг сайн дурын даатгуулагчид төлсөн шимтгэлээ тэтгэмжээр буцаан авч, өндөр тэтгэвэр тогтоолгож байгаа нь сангийн зарцуулалтыг нэмэгдүүлж байна гэсэн дүгнэлтийг Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас хийсэн байна. Тодруулбал, тус аймагт 2012-2018 онд тэтгэвэр авагчийн тоо 17 хувиар өсч, тэтгэврийн хэмжээ 50 хувиар нэмэгджээ. Яагаад ийм өсөлттэй байгааг судлахад 2012 онд 600 мянган төгрөгөөс дээш дүнтэй тэтгэвэр авагч нийт хүний 0.4 хувийг эзэлж байсан бол жил бүр өссөөр 2018 онд 4.1 хувийг эзлэх болжээ. Тэдгээрийн ихэнх нь сайн дурын даатгуулагч бөгөөд тэтгэвэрт гарахаас өмнөх таван жилийн шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр төлж байсан байна. Өөрөөр хэлбэл, 30 гаруй жил НДШ төлж ажиллаад 300-500 мянган төгрөгийн тэтгэвэр авч, төлсөн шимтгэлээ авч амжихгүй нас барж байгаа даатгуулагч байхад сайн дураар даатгуулагчид таван жил шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр төлөөд таван жилийн дотор төлсөн шимтгэлээ 2-3 жилийн дотор сангаас буцаан авч байгаа дүр зураг харагдаж байна. Тэтгэврийн хувь хэмжээг таван жилийн дунджид үндэслэн тогтоож байгаа нь даатгуулагчдын хооронд эрх тэгш бус байдлыг үүсгэж байна гэж аудитаар дүгнэжээ. Тиймээс энэ асуудлыг бодлогын төвшинд судлах хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлсэн байна. Сингапур, Хонгконг улсын жишгээр бол тэтгэврийн даатгал нь хуримтлалын сан болон хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр оршдог бөгөөд жилийн 2.5 хувийн нэрлэсэн өгөөжтэй, даатгуулагч нь тэтгэвэрт гараад хүүгээ аваад явдаг, үр хүүхдэдээ хуримтлал хэлбэрээр өвлүүлэн үлдээдэг тогтолцоотой байдаг аж.
 
Нийгмийн даатгалын сантай холбоотой нийтлэг асуудлууд ийнхүү аудитаар илэрч эхэллээ. Энэ талаар "Зууны мэдээ” сонин үргэлжлүүлэн хүргэх болно.
 
 
Б.Төгс
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!