Хандив нэртэй авлигыг бууруулах гарц нь хяналт

🕔 2019/11/28 15:57

Авлига, албан тушаалын наймааны үндэс нь намын санхүүжилттэй холбоотой

УИХ-ын ээлжит сонгууль болоход үндсэндээ долоон сарын хугацаа үлдлээ. Улс төрийн намууд эрх баригчид сонгуулийг ямар системээр явуулах шийдвэр гаргахыг хүлээхийн зэрэгцээ дор бүрнээ бэлтгэлээ базааж буй. Өөрөөр хэлбэл, ирэх оны сонгуульд хэрхэн бэлтгэх, ямар мөрийн хөтөлбөрөөр парламентад олонх болох, зарим нь парламентад хэрхэн суудалтай болох вэ гэж нарийн төлөвлөгөө зурж байгаа нь тодорхой. Харин төлөвлөгөө, тактикаа хэрэгжүүлэхэд тэдэнд санхүүгийн эх үүсвэр, нэг үгээр хэлбэл хандив зайлшгүй хэрэгтэй. Тиймээс улс төрийн намууд сонгуулийн санхүүжилтээ хэрхэн босгох талаар "толгой гашилгаж” буй энэ үед хандив нэртэй авлига цэцэглэж, хууль эрх зүйн орчныг чангаруулах шаардлагатай болсныг сануулъя.

Өмнөх сонгуулийн үед ил болж, саяхан хэргийг нь шийдвэрлэж буй МАН-ын "60 тэрбум”-ын хэрэг намын санхүүжилт босгох нэг арга байсан нь илэрхий. Энэ нь үе үеийн эрх баригчид намын санхүүжилт босгохын тулд төрийн албан тушаалыг наймаалдгийн бодит жишээ  болсон нь үнэн.

Авлига, албан тушаалын наймаа нь зөвхөн сонгуулийн үед л гэхэд нэр дэвшигчид, бизнесийн бүлэглэл, гишүүд дэмжигчдийн өгсөн хандиваар илэрч байна.

Харамсалтай нь, нэр дэвшигчдийн хандив нь мөнгөгүй ч мэдлэг чадвартай хүний шийдвэр гаргах түвшинд ажиллах боломжийг үгүй хийсээр байна. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчдийн хандивт ямар нэгэн хязгаар байхгүй, тухайн нам ямар хэмжээтэй байхыг нь тогтоож ирсэн нь эрдэм боловсролтой ч хөрөнгө чинээгүй хүний боломжийг хааж байгаа хэрэг. Энэ нь төрийн шийдвэр гаргах түвшинд баян чинээлэг л бол хэн ч хамаагүй гарах буруу тогтолцоо бий болгож байна. Саяхан л гэхэд Ардчилсан нам Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, эмэгтэй нэр дэвшигчид 60 сая төгрөг, эрэгтэй нь 100 сая төгрөг хандивлах шийдэлд хүрснийг дээр дооргүй ярьцгаалаа. Намынх нь хэсэг залуус ч "Нэр дэвшигчдээс их хэмжээний хандив нэхэж буй нь МАН-ын "60 тэрбум”-ын схемтэй яг адилхан зүйл бөгөөд нэр дэвшигчдийг хөрөнгө чинээгээр нь ялгаварласан зүйл” хэмээн шүүмжилж харагдсан.

Үүнээс гадна бизнесийн бүлэглэлийнхэнд хандиваар "барьцаалагдаж”, тэдний гар хөл болж буй улстөрч, улс төрийн нам цөөнгүй бий. Ингээд тоочоод байвал улс төрийн намын санхүүжилт зах замбараагүй болсон нь бүр л мэдэгдэнэ. Тиймээс намын санхүүжилтийг зохицуулдаг хууль эрх зүйг шинэчлэн, олон улсын жишигт нийцүүлэх шаардлага нэн тэргүүнд тулгараад байна.

19 жилийн дараа хөндсөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нам байгуулах болзлыг чангаруулахын зэрэгцээ бодлогын хүрээг тэлж, дотоод зохион байгуулалт, санхүүжилтийг нийтэд ил тод байхаар хуульчилсан нь хууль эрх зүйн хувьд дэвшил болсон гэж болно. Харин одоо намын санхүүжилтийг зохицуулах гол эрх зүйн акт болох Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх нь зүйтэй. Уг нь энэ хуульд зааснаар намын санхүүжилтэд гишүүний татвар, иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандив, төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, намын бэлгэдэл бүхий бэлэг дурсгалын зүйлс, өмчлөлд байгаа эд юмс, хэвлэл мэдээлэл сурталчилгааны орлого, өмчлөлийн эд хөрөнгийг худалдаж буюу түрээслүүлж ашиглуулснаас олсон орлого, мөнгөн хөрөнгийг банкинд хадгалуулсны хүү зэргийг оруулдаг. Ингэхдээ хандивлагчид улс төрийн намын үйл ажиллагааг санхүүжүүлсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглохоор хуульчилсан.

Гэсэн ч бодит байдалд хандивлагчид эдийн засгийн ашиг сонирхол, албан тушаалын үүднээс хандив өгдөг нь хэн бүхэнд тодорхой болсон. Улстөрчдийн хувьд ч хандивлагчийн эдийн засгийн ашиг сонирхлыг дөвийлгөх, тодорхой бүлэглэлийн гар хөл болох, тэдний эрх ашгийг илэрхийлэх тохиолдол олон байгааг судлаачид онцолж байна. Энэ нь үндсэндээ хандив нэртэй авлига намын санхүүжилтэд дөрөөлөн төрийн тогтолцоонд сууриа тавьсны илрэл юм. Гэхдээ ингэлээ гээд хандивыг шууд зогсоочихож болохгүй. Тэгвэл одоо хэрхэх вэ.

Манай улс намуудыг төсвөөс 100 хувь санхүүжүүлэх боломжгүй. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан зохицуулалтуудыг Улс төрийн намын тухай хуульд тусгахын зэрэгцээ  намын санхүүжилтийн хяналтын тогтолцоог чангаруулах шаардлага нэн түрүүнд байгааг улс төр судлаачид хэлж байна. Өөрөөр хэлбэл, аудитын байгууллага одоогийнх шиг намуудын өөрсдийн гаргасан тайланд хяналт тавьсан болж, тэдний эрх ашгийг хамгаалах бус дотоод зохион байгуулалт, бүх зүйлийг нь нарийн шалгадаг болбол улс төрийн намууд өөрсдөө хууль зөрчин, бизнесийн бүлэглэлийнхний гар хөл болох нь багасна. Үүний зэрэгцээ төрөөс олгодог санхүүжилтийг нэмбэл дээрх асуудлууд шийдвэрлэгдэнэ гэдэг. Манай улсын хувьд УИХ-д суудал авсан намд УИХ-ын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг 1000 төгрөгөөр тооцож, нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлдэг хуультай.Үүнээс гадна УИХ-ын гишүүний нэг суудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцож, тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам тухайн намд санхүүжилт олгохоор хуульчилсан. Ингэхдээ энэ мөнгөний 50 хувийг гишүүдийн тойрогт зарцуулахаар заасан ч хэрхэн зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс ямар ч тохиолдолд хяналтын тогтолцоог сайжруулахгүйгээр намуудын санхүүжилтийг хянаж чадахгүй гэдгийг судлаачид онцолж буй.

Тиймээс зөвхөн аудитын байгууллага гэлтгүй олон нийтийн хяналтад тулгуурлан намын санхүүжилтээ ил болгох хуулиа чангаруулах нь зүйтэй. Бусад улс оронд хууль зөрчсөн, санхүүгийн зөрчил гаргасан намуудаа сонгуульд оролцуулдаггүй жишиг бий. Энэ жишгийг нутагшуулахад буруудах зүйл үгүй биз ээ.

Улс орнууд хандивыг хүлээн зөвшөөрдөг ч санхүүжилтээ ил болгохыг хуульчилсан

Бусад улс оронд намын санхүүжилтийг олон хувилбараар олгож, хандивыг хүлээн зөвшөөрдөг ч санхүүжилтээ олон нийтэд ил болгохыг хуульчилсан байдаг. Тухайлбал, АНУ-ын хувьд олон нийтийн хяналтын дор санхүүжилтээ ил тод болгоход тулгуурлаж, ард түмний мэдэх эрхийг онцолсон байна. Тиймээс тус улсын улс төрийн намууд хэнээс, хэдэн төгрөг авснаа олон нийтэд мэдээлдэг байна. Мөн Улс төрийн намын санхүүжилтийг зохицуулах, олон нийтэд ил тод болгох хуулийн төслийг өнгөрсөн 2017 онд Испанийн парламент баталжээ. Ингэснээр улс төрийн намуудын санхүүгийн хэт хараат байдал арилж, авлига, хээл хахууль буурна гэж үзсэн байна. Учир нь тус улсын ард иргэдийн намд итгэх итгэл сүүлийн жилүүдэд хурдацтайгаар буурсан бөгөөд улс төрийн нам гэдэг хамгийн их авлигад өртсөн байгууллага болон хувираад байжээ. Финланд, Франц, Грек, Латви, Австри зэрэг улсад тухайн намын парламентад авсан суудлын тооноос нь шалтгаалж, сонгуульд оролцоход Засгийн газраас санхүүжилт олгодог бол Нидерланд зэрэг улсад сонгогч, болон дэмжигчдээсээ намын санхүүжилтээ босгох ч дараа нь хэрхэн яаж санхүүжилт босгосноо ард түмэнд нээлттэйгээр тайлагнадаг байна.

Түүнчлэн төрөөс намууддаа их хэмжээний санхүүжилт олгодог улсын жишээ нь Герман. Германд улс төрийн намыг авлигаас ангид байлгах хамгийн сайн хамгаалалт бол улсын төсвөөс хүрэлцэхүйц хэмжээний санхүүжилт олгох гэж үздэг байна. 2018 онд Герман улс татварын орлогоосоо нийт 200 сая еврог улс төрийн намуудын санхүүжилтэд зарцуулжээ. Намуудад төсвөөс олгож буй санхүүжилтийг хэтэрхий өндөр байна гэх шүүмжлэл байнга өрнөдөг ч энэ нь хуулийн тодорхой зохицуулалтаар хэрэгждэг аж. Улс төрийн намууд санхүүжилтийн тайлангаа олон нийтэд байнга мэдээлэхийн зэрэгцээ хувь хүмүүсийн эрх ашигт бус нийгмийн эрх ашигт үйлчлэх үүрэг хүлээдэг байна.

Б.Цэнд-Аюуш 

Эх сурвалж: eagle.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!