Хөрөнгөө нуудаг хурган дарга нарыг өөгшүүлсээр байх уу

🕔 2019/10/18 11:47

Төрийн албан хаагчид хөрөнгө орлогоо жилдээ ганц удаа цахимаар мэдүүлдэг билээ. Тийм атлаа гуйлгаж, шаардуулж байж, хугацаа хожимдуулан Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийн маягт бөглөдөг аж. Энэхүү хүнд суртал, хойш суудаг хойрго зангийнх нь ард ашиг сонирхлын зөрчил нуугдаж байдаг гэх. Энэ жил 36 800 хүн хөрөнгө, орлогоо мэдүүлсэн. Монголбанк, бүх шатны шүүх, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн 141 удирдах албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас нарийвчлан шалгасан аж. 

Шалгалтаар МИАТ ХХК-ийн Сургалтын хэлтсийн дарга Б.Амарсанаа, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын тасгийн дарга Н.Алтангэрэл, Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын ахлах референт П.Ууганбаяр, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Алтанчимэг нар хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн нь илэрсэн. Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн I сургуулийн сургалтын менежер Д.Даваасүрэн, Ц.Цэрэнхүү, Н.Манлай нар орлогоо нуугаад баригдсаныг АТГ-ынхан нэгэн хурлын үеэрээ олон нийтэд танилцуулсан. Тиймээс Д.Даваасүрэн, Ц.Цэрэнхүү нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн аж. Мөн Н.Манлайд сарын цалингийн 30 хувийг гурван сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл ногдуулав. Энэ мэтээр зөрчил гаргасан 57 албан тушаалтанд хариуцлага тооцсон жишээ байна.

Үүнээс гадна албан тушаалтнуудыг хууль бусаар хөрөнгөжсөн гэх мэдээлэл иргэдээс ирэх нь эрс өсжээ. Энэ жил АТГ-ынхан иргэдээс ирсэн мэдээллийн дагуу 120 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгасан байна. Улмаар 19 албан тушаалтанд сануулах арга хэмжээ авч, таван хүнийг ажлаас нь чөлөөлсөн гэнэ. Товчхондоо, бизнесгүй мөртлөө тэрбумтан бизнесменүүдтэй хаяа залгуулан хаус барьж, амьдраад байгаа нөхдийг олон нийт АТГ-т мэдээлдэг болсон нь сайшаалтай.

Гэхдээ олон нийт шахаж шаардан, хэвлэлийнхэн анхааруулж, сануулаад ч сэхээрдэггүй, ёс зүйгээ умартсан хүмүүс бас байна. Тухайлбал, Дээд шүүх өнгөрсөн гуравдугаар сард Барилга хот байгуулалтын яам (БХБЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэж, өмнөх тогтоолыг хэвээр баталсан. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол гаргасныг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн юм. Авлигатай тэмцэх газар болон нийслэлийн Прокурорын газрынхан өдгөө ч "Хээл хахууль, авлигыг өөгшүүлсэн” хэмээн шүүхийн дээрх шийдвэрт шүүмжлэлтэй хандаж буй. Р.Эрдэнэбүрэн ямар хэрэгт холбогдсоныг эргэн сануулъя. Тэрбээр БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа өөрийн хууль ёсны орлогоосоо хэт давсан эх үүсвэрээр буюу 1.1 тэрбум төгрөгөөр орон сууц худалдан авсан. Ингэхдээ эл 344 ам метр байр, хоёр машины гараашаа бусдын нэр дээр бүртгүүлсэн нь шалгуулах үндэслэл

болжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 22.10-т "Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хураан, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж, 2700-14 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасны дагуу АТГ-т шалгасан юм. Гэтэл шүүх байгууллага Үндсэн хуулийн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, НҮБ-ын Хүний эрхийн хорооноос гаргасан "Гэм бурууг яллах тал нотлох үүрэгтэй бөгөөд шүүгдэгч өөрийгөө буруугүй болохыг нотлох үүрэг хүлээхгүй. Гэм бурууг шүүхээр нотлох хүртэл гэм буруугүй гэж үзнэ” гэх заалтыг эш болгохоос гадна Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулж дээрх хэргийг цагаатгасан.

Үүнтэй адил төстэй өөр хэргийг хууль хяналтын байгууллага хэрхэн шийдсэнийг сонирхъё. Зам, тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт иргэн Р.Онон холбогдсон. Тодруулбал, 242 ам метр талбайтай дөрвөн өрөө байрыг 644 сая төгрөгөөр худалдан авсан ч эх үүсвэрийг нь хаанаас гаргаснаа тайлбарлаж чадаагүй. 2017 оны арванхоёрдугаар сард эл хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн. Харамсалтай нь, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн эл хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Р.Онон хуулийн хариуцлагаас ингэж мултарсан. АТГ-аас өнгөрсөн хоёрдугаар сард НПГ-т хандаж, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг хамгаалж өгөх хүсэлт гаргасан байдаг. Прокурорын байгууллагаас шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргасны дагуу өнгөрсөн наймдугаар сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх Р.Ононгоос орон сууцын үнэ болох 644 сая төгрөг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, АТГ болон прокурорын байгууллага хамтран тэмцсэний үр дүнд төрийн албан хаагчийн цалингаасаа давсан орлогыг нь улсынх болгож чадсан юм.

Дараагийн жишээ илүү сонирхолтой байж мэднэ. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга, "Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа өнгөрсөн оны эцсээр хөрөнгө орлогоо нуусан гэх зөрчилд нэр холбогдсон. Энэ зөрчилтэй нь холбогдуулан АТГ-аас түүнийг ажлаас нь халах хариуцлага тооцуулахаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатад албан бичиг илгээсэн байдаг. Гэсэн ч А.Хаянхярваад зөрчлийн бус, сахилгын шийтгэл оноож, цалинг нь гурван сар хүртэлх хугацаанд 30 хувь бууруулах шийдвэрийг энэ оны нэгдүгээр сарын 7-нд гаргасан. Тиймээс АТГ-аас нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд хандсанаар А.Хаянхярвааг ажлаас нь чөлөөлсөн. Гэвч А.Хаянхярваа өнөөдөр ч нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын орлогч даргын үүргээ гүйцэтгэсээр яваа. Тэрбээр захиргааны хэргийн шүүхэд хандан, ажилдаа эргэн орсон байна. Баянзүрх дүүрэг дэх үл хөдлөх хөрөнгөө бусдад 36 сая төгрөгөөр түрээсэлсэн ч 24-ийг нь тэр мэдүүлээгүй байна. Түүнчлэн "Lexus RX 350” автомашинаа борлуулсан 15 сая төгрөгөө нууснаас гадна "Солид контентс”, "Аква Монгол” компанийн захирлаар бүртгэлтэй байсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18.6, 20.1 дэх заалттай харшилжээ.

Газрын хууль бус наймаанд нэр холбогддог, тендер будилуулсан гэх хардлагад өртдөг хурган дарга нарыг шүүх энэ өөгшүүлсээр байгаа нь харамсалтай.

Д.Мягмаржаргал

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!