УИХ-ын 76 гишүүн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ 100 хувь гаргаж бүртгүүлсэн байна

🕔 2016/08/05 09:21

 

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр тухайн шатны сонгуульд сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох байгууллагуудад гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

УИХ-ын гишүүний хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх хуулийн хугацаа 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөр дуусгавар болсон бөгөөд хуулийн хугацаанд УИХ-ын 76 гишүүн 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ 100 хувь гаргаж бүртгүүлсэн байна.

Авлигын эсрэг хуульд зааснаар албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг олон нийтэд нээлттэй байх бөгөөд тус газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Мөн аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар нь тухайн шатны ИТХ-аар бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн тогтоол, шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор мэдүүлгээ гаргаж тухайн шатны ИТХ-ын ажлын албанд бүртгүүлэх юм. Энэ хугацаа нь аймаг бүрт харилцан адилгүй байх бөгөөд хуулийн хугацаанд багтаан мэдүүлэх талаар Авлигатай тэмцэх газраас зөвлөмж, чиглэл хүргүүлж хяналт тавин ажиллаж байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!