Дордохын долоон өөрчлөлт дампуурахын далан нөхөөс болох нь

🕔 2019/09/05 15:28

Үндсэн хуулийг өөрчлөх санаа дордохын долоон заалт гэгчээс эхлэлтэй. Долоон заалтаас болж Үндсэн хуульд гар хүрэхээс аргагүй гэсэн яриа аль хэзээнийх л дээ. Төдийгөөс өдий хүртэл эцэг хуулийг өөрчилнө гэсэн яриа, байр суурийн шалтаг шалтгаан болсоор ирсэн долоон заалт үнэхээр гай түвэг болохоор нөлөөтэй заалтууд байв уу гэвэл бас үгүй. Давхар дээлийг эс тооцвол бусад нь ардчилал, засаглалд тэгтлээ ад дараа болсон агуулга байхгүй. Сайн талаас нь харвал боломжийн, муу талаас нь харвал хэн ч өө гаргаж ирээд шүүмжилчихээр заалтууд. Муулахын тулд муулъя гэвэл юуг ч шүүмжилж болдог гэдгийг мэргэн уншигчид юу эс андах. Товчхондоо өнөө долоо өөрчлөхгүй л бол болохоо байчихсан заалтууд биш.

Болохгүй долоогоо сайжруулъя гэж оруулж ирсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл сүүлдээ бүр бантан болоод хувирчихлаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг шүүмжлэгчдийн нэг нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Тэрээр өнгөрсөн баасан гаригт сэтгүүлчдэд тусгайлан мэдээлэл хийхдээ "Зөвшилцөх ажлын хэсэг гэсэн нэрийн дор Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр тохиролцож байна. Ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгч ажиллаж байгаа. Уг нь хууль дүрмээрээ бол Ерөнхийлөгчийн бараа бологч жижигхэн залуу З.Энхболд энд үгээ хэлээд, тэмдэглээд хоёр, гуравдугаар хэлэлцүүлэг рүү ороод явж байх ёстой. Гэтэл бүгдийг нь "төмсөгдчихсөн”. 49 ЖДҮ-чин, 60 тэрбум, концессчин, хүн амины хэрэгтэн гээд намын даргынх нь хэлснээр тэр хүмүүс нь энд суугаад Үндсэн хуулийг хэлэлцэж байна. Хуучин буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хуулийг батлахдаа 400 гаруй депутатууд төслийн заалт тус бүр дээр 10 минут үг хэлж хэлэлцэж баталсан. Гэтэл МАН-ынхан өчигдөр гэнэт бүлгийн хурлаа зарлаж гишүүдийнх нь нэг нь ч төслийн заалттай холбогдуулан үг хэлж, асуулт асууж болохгүй гэдэг чиглэл өгсөн. Тэрийгээ тэд өөрсдөө хэлж байна. Тэгээд намайг асуулт асуухаар "Чи 30 цаг ганцаараа ярих нь” гээд үг хэлэх эрхийг хассан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг улс төрийн тохиролцоо, наймааны хэрэгсэл болголоо гэж би үзэж байна" гэж байр сууриа илэрхийлсэн юм.

О.Баасанхүү гишүүн УИХ-ын гишүүдийг 99 болгох, сонгуулийн тогтолцоог холимог системээр явуулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийг УИХ, Ерөнхийлөгчийн оролцоотойгоор бүрдүүлэх, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг таван жил болгох зэрэг заалт дээр шүүмжлэл, эргэлзээтэй хандаж яваагаа дуулгаад буй. Эрхэм гишүүний Үндсэн хуулийн хэлэлцүүлэгтэй холбоотой хардангуй хэлсэн байр суурийг ч хэвлэлийнхэн онцолж байна. Тэрээр "Үндсэн хуульд өөрчлөлт хийж байгаа нь ШХАБ-аас болсон шүү. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч давуу эрхтэй болно. Үүнийг нь хэлсэн хүн бүхэн рүү ямар нэгэн байдлаар дайрч байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүд "төмсөгдүүлж” саналаа өгч байна гэсэн О.Баасанхүүгийн шүүмжлэлийг батлахаар хэд хэдэн заалт анхаарал татаж байгаа. УИХ-ын гишүүд төсөв санхүүгийн ямар ч шийдвэрийг бие дааж гаргахгүй гэх мэт парламентын чадамжид халдсан утгатай заалтууд дээр толгой дохисон шигээ сууна гэсэн шүүмжлэл учир мэдэх улсын дунд өрнөж буйг энэ дашрамд онцолъё.

Үндсэн хуульд хувийн хэвшлийг хамгаалах заалт алга гэж шүүмжилж суугаа гишүүдийн нэг нь Ж.Ганбаатар. Баялаг бүтээдэг хувийн хэвшлийнхнийг биш, төрийн албыг хэт хамгаалсан заалт оруулсан гэх түүний байр суурь үнэний ортой. Төрийн албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд халахгүй гэдгээс эхлээд төрийн алба руу хандсан цөөнгүй заалт төсөлд туссан нь ингэж шүүмжлэх шалтгаан болсон хэрэг. Энэ тухай Ж.Ганбаатар гишүүн "Хувийн хэвшилд ажилладаг хүмүүсийг хамгаалдаг нэг ч заалт оруулаагүй мөртлөө төрийн албан хаагчийн эрхийг хамгаалсан заалтыг Үндсэн хуульд тусгаж өгч байна. Ийм заалт хэрэгжээд эхэлбэл баялаг бүтээх гэхээс илүү төрийн албанд ажиллах сонирхол нэмэгдэх эрсдэлтэй. Энэ бол хүнийг ялгаварлан гадуурхсан заалт” гэсэн шүүмжлэл хэлнэ лээ. Хуульч гишүүдийн нэг Ц.Мөнх-Оргил ч Ж.Ганбаатартай санаа нэг байгаагаа илэрхийлчихсэн. Төрийн албаны хуулиар хангалттай зохицуулсан харилцааг Үндсэн хуульд заавал тусгах шаардлагагүй гэсэн гишүүний үг үнэний ортой. Ортой ч гэж, ер нь үнэн.

Түүний шүүмжлэлтэй харж байгаа өөр нэг өөрчлөлт нь улс төрийн нам нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн заалт. Орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нам байж болно, заавал улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн босгыг намд тавьж болохгүй гэсэн утгатай байр суурийг нь дэмжих хүн олон байна. Ц.Мөнх-Оргил гишүүн эцэг хуулийн өөрчлөлтөд уянгын халил ихтэй өгүүлбэрүүд их байна гэсэн утгатай шүүмжлэл хэлж харагдсан. Мөн л анзаарч харахаас аргагүй өнцөг.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд шүүмжлэлтэй хандаж яваа өөр нэг гишүүн бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар. Тэрээр өнгөрсөн баасан гаригт "Өргөн баригдсан төсөлд байхгүй, хөндөгдөөгүй заалтыг Ерөнхийлөгч оруулж ирсэн. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй холбоотой заалтыг төсөлд огт хөндөөгүй байхад санал оруулж, төсөлд тусгаж буй нь хууль зөрчсэн эсэхийг анхааралдаа авч яримаар байна” гэсэн үг унагасан. Цаашлуулж харвал Цэцэд очоод бүдэрч мэдэхээр энэ мэт процессийн алдаанууд хэлэлцүүлгийн үеэр анзаарагдаж буй нь бас л булзаад байх юмгүй үнэн. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд санал нийлэхгүй зүйл байгаа гэсэн үгийг өнгөрсөн баасан гаригийн чуулганы үеэр онцолно лээ. Т.Аюурсайхан гишүүний хувьд шүүхэд шинэчлэл орсон юм алга, шүүх засаглал нэг хүний хараанаас гарахгүй нь гэсэн агуулгатай шүүмжлэл хэлж харагдсан.

Үндсэн хууль тойрсон энэ мэт шүүмжлэлийг УИХ-ын гишүүдээс гадна мэргэшсэн хуульчид хүртэл хэлж байна. Эцэст нь хэлэхэд эцэг хуулийн хэлэлцүүлэг тойрсон маргаан мэтгэлцээнийг анзаарахад дордохын долоон өөрчлөлт дампуурахын далан нөхөөс болох нь гэсэн болгоомжлол төрөөд байна даа.

Ц.Баасансүрэн

Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!