МАН-д Үндсэн хууль өөрчлөх ёс зүй байхгүй
Ерөнхийлөгчийн ирүүлсэн бичигт "Өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд УИХ өөрөө тарахыг миний бие санал болгосон. Үүнээс хойш хагас жил орчим хугацаа өнгөрсөн ч УИХ-ын ажил дорвитой сайжирсангүй. Сонгогчдын итгэлийг хөсөрдүүлсэн, хууль зөрчсөн үйлдэл гаргаж ирсэн.
ЖДҮХС-гийн зээлийг төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд авч, жирийн иргэдийн боломжийг булаалаа. Төрийн өндөр албан тушаалыг үнэлэх замаар мөнгө босгох санал гаргаж байсан. УИХ-ын гишүүд хүчингийн хэрэгт нэр холбогдсон олон асуудал гарсан. УИХ-ын баталсан Татварын багц хууль иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн эрхийг зөрчсөн олон заалт байсан. Өнөөгийн Монгол Улсад УИХ нь ард олныг сайн сайханд дагуулах чадваргүй байна. Тиймээс улс төрийн эр зориг гарган УИХ өөрөө тарах шийдвэр гаргахыг уриалж байна” гэсэн байдаг. Мөн сөрөг хүчин, эрх баригч намын зарим гишүүн хүртэл УИХ өөрөө тарах ёстой гэсэн байр сууринаас гарын үсэг цуглуулж байсан удаатай.
Гэвч энэ хаврын чуулганы хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөхөөр ярьж эхэллээ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойрсон санал шүүмжлэл өнгөрсөн хугацаанд нэлээд яригдсан. Тухайлбал, МАН-ын боловсруулсан хуулийн төсөлд Ерөнхий сайдад эрх мэдлийг өгч, харин Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарласан заалтууд нэлээд орсон байдаг.
Тухайлбал, хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн нэр дэвших шалгуурыг өндөрсгөх, бүрэн эрхийн хугацааг нэмэх заалт оржээ. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж, танхимынхаа сайд нарыг өөрөө томилох, огцруулах эрхтэй болно. Харин Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх, Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хасах, зарим хууль, хүчний байгууллагын дарга нарыг томилох биш, зөвшилцдөг болгох санал орсон. Мөн сум, баг, хорооны Засаг даргыг аймаг, дүүргийн Засаг дарга шууд томилдог болохыг хуулийн төсөлд тусгажээ. Иймэрхүү утга агуулгатай Үндсэн хуулийн төсөл удахгүй парламентаар орох нь.
МАН-д Үндсэн хууль өөрчлөх ёс зүй байгаа эсэх талаар хуульчдын байр суурийг хүргэж байна.
Хуульч Б.Гүнбилэг: Шуудхан хэлэхэд энэ хүмүүсээс айж байна
-Ёс зүйн хувьд энэ парламент муу муухайгийн үүр болсон газар шүү дээ. Оролцоогүй муухай юм алга. Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах эрх байхгүй л гэж харж байна. Ер нь Үндсэн хуулиас болоод гацаанд орлоо, болохгүй бүтэхгүй байна гэж ярих нь ихсэх болсон байна. Түгжээ, гацаа гээд байгаа тэр үг чинь Үндсэн хуулийн согог биш. Харин түүнийг огтхон ч ухаараагүй "тархины түгжрэл”, "оюуны цоорхой” гэхэд огт хилсдэхгүй” үг байдаг. Энэ үнэн шүү дээ. Нийгмийн хэрэгцээ шаардлага, цаг үеийн нөхцөл байдлаасаа шалтгаалаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хэзээ ч үгүйсгэх учиргүй. Гэхдээ Үндсэн хуулийн яг ямар зохицуулалтыг, хэрхэн, хэзээ өөрчлөх, тухайн зохицуулалтын үр дүн болон өөрчилсний үр дүнг урьдчилан сайн судлах нь бидний өнөөдрийн тулгамдсан асуудал. Одоогийн явж байгаа төслийн зарим нэг зүйл заалтад ч санал нэгдэхгүй байгаа. Тухайлбал, давхар дээлийг бүрэн тайлах хэрэгтэй. Одоогоор дөрөв хүртэл сайд гэсэн заалт явна лээ. Түүнчлэн Өргөн барьж байгаа төслүүдийг иргэд байтугай хуульчид ч олж хараагүй. Тэдний дунд нээлттэй хэлэлцүүлсэн зүйл алга. Шуудхан хэлэхэд энэ парламентаас айж байна. Тэд юу л хийх гэж зэхэж байгаа бол доо.
Хуульч, өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар: "Гэмт хэрэгтнүүд” Үндсэн хуулийг өөрчлөх боломжгүй
-Одоогоор энэ парламентын 29 гишүүн ЖДҮХС-гаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаад зээл авсан байна. Дөрөв нь эрүүгийн хэрэгт холбогдсон, бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдсан байдаг. Нэг нь гэмт хэрэгт холбогдоод орон гарсан. Мөн албан тушаалын хөөн хэлэлцүүлэх хугацааг үгүй хийсэн, өөрсдийгөө шүүхэд дуудагдахаас хамгаалаад Захиргааны ерөнхий хуулийг баталчихсан. Нэн яаралтай гэдэг горимоор Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хоёр хоногийн дотор өөрчлөөд, шүүх засаглалын хараат бус байдлыг алдагдуулсан. Ийм хэрэг хийсэн хүмүүс Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэгт итгэхгүй байна. Ямар нэгэн байдлаар сайн үр дүн гарна гэсэн итгэл үнэмшил алга. Мөн Үндсэн хуулийн төсөл өнгөрсөн хугацаанд маш олон өөрчлөгдсөн. Орон нутгийг өмчтэй болгоно гэсэн заалт байна. Тэгэхээр өөрийн газар нутаг байгалийн нөөцөө өмчлөнө гэдэг шийдвэр гаргаад өмчтэй болбол үндсэн ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт оруулна гэсэн Засгийн газрын бодлого хэрэгжихгүй байдал үүсч байна. Үүнийг би буруу гэж бодож байна. Харин Ерөнхийлөгчийн эрхийг шүүх засаглал дээр нэлээн хязгаарласан байна лээ. Гэхдээ энэ өөрчлөлтийг энэ парламент хийнэ гэдэг итгэл үнэмшил надад алга.
Доктор Л.Мөнхсайхан: Үндсэн хуульд "гар хүрэх” санаачлагаа болих нь зүйтэй
-Одоогийн УИХ Үндсэн хуульд гар хүрэх эрх зүйн чадамжгүй. Яагаад гэвэл УИХ-ын дарга байсан хүн нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан яриа олон нийтэд ил болсноор албан тушаалаасаа огцорсон. Нэг гишүүн нь хүчингийн хэрэгтэй, яллагдагчаар татагдаад үүрэгт ажлаасаа чөлөөлөгдчихсөн байхад УИХ-ын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах шийдвэрээ хууль зүйн хувьд алдаатай гаргасныг ҮХЦ "хууль бус”-аар цуцалсанд эрх зүйн дүгнэлт хийхгүй байгаа. Иймд яллагдагчаар татагдсан гишүүдтэй, олон давхар дээлтэй УИХ өнөөдөр Үндсэн хуульд гар хүрэх санаачлагаа болих нь зүйтэй. Мөн одоогоор өргөн барьсан хуулийн төсөл нь сайжирсан зүйл харагдсангүй. Шүүх томилгооны хараат хэвээрээ, УИХ нь өөрөө хуулиа батлаад өөрөө Засгийн газрын чиг үүргийг хэрэгжүүлэх нь. Өөрөөр хэлбэл УИХ нь хуулиа ч тогтоох, түүний хэрэгжилтийг ч зохион байгуулах эрхийг давхар эдлэх нь хэвээрээ. Түүнчлэн "Ард түмний дундын өмч” байгалийн баялгийг хэн нэгэн эрх мэдэлтэй, сүүхээтэй нэг нь ганцаараа идэх бусад нь ядуурал, мөхлийн туйл руу гулссаар байх өнөөгийн тогтолцоо ч хэвээрээ байхаар байна лээ.
АН-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Ариунболд: Парламентын нэр хүндийг унагасан хүмүүсээс зөв шийдвэр гарна гэдэгт итгэлгүй байна
-Хуульчийн байр суурь гэхээс илүү иргэний хувьд байр сууриа хэлье. Үндсэн хууль гэдэг Монгол Улсын нийгмийн харилцааг бүхэлд нь зохицуулж байгаа суурь баримт бичиг юм. Энэ баримт бичиг нийгмийн гэрээг өнөөдрийн УИХ өөрчилнө гэвэл өрөөсгөл байна. Хэдий олонхиос бүрдсэн парламент ч гэлээ өнгөрсөн хугацаанд ард түмэнд юу үзүүлэв. Гишүүд нь ямар гэмт хэрэгт холбогдоод тэрийгээ яаж хаацайлсан байна гээд ёс суртахууны хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх байхгүй л дээ. Яагаад гэвэл ёс суртахуунгүй УИХ-ын нэр хүндийг унагаасан хүмүүсээс зөв шийдвэр гаргана гэдэгт итгэхгүй байна. Зөвхөн өөрсдийн ашиг сонирхлоор ЖДҮ-гийн зээлийг өөрсдөдөө зориулж тэрбумаар нь төсөвлөснийг бид харсан. Ийм хүмүүс Монгол Улсын хөгжлийн төлөө гэхээс илүү хувийн явцуу эрх ашгаа бодно. Тэр л бодлоороо Үндсэн хуульд өөрчлөлт хийж байна гэдэг хардлага зүй ёсоор төрж байна. Тиймээс би дэмжихгүй. Ер нь эцэг хуулийг өөрчлөх шаардлага байхгүй байна. Ёс зүй хэрэв байдаг бол бүх асуудлыг органик хуулиар зохицуулах боломжтой. Бусад органик хуулийн хариуцлага, хяналт, хамгаалалт хийчихвэл болох асуудал л даа.
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин