Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн өдөр Германы ерөнхийлөгч Польшийн ард түмнээс уучлалт гуйлаа
Зургаан жилийн дараа дайн дуусахад Польш улс зургаан сая иргэнээ буюу хүн амынхаа бараг 20 хувийг алдсан бөгөөд тэдгээрийн талаас илүү хувь нь жүүд хүмүүс байсан юм.
Арга хэмжээнд оролцсон Германы ерөнхийлөгч Франк Уолтер Штайнмайер "Энэ дайн бол Герман улсын үйлдсэн гэмт хэрэг байсан. Хохирогчдын зовлон шаналалын төлөө би залбирч байна. Герман улсын түүхэн нүглийг уучлахыг би хүсэж байна. Бидний хариуцлага үүгээр дуусахгүйг би баталж байна” гэж мэдэгджээ. Тэр бас дайны үед үйлдсэн гэм буруутай үйлдлээ Герман улс өнөөдөр Европ тивийн хөгжилд тэргүүлэх замаар цайруулж байгаагаа онцолсон байна.
Уг арга хэмжээнд Германы канцлерь Ангела Меркель, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс, Польшийн ерөнхийлөгч Андрей Дуда тэргүүтэй улс орнуудын удирдагчид оролцсон юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэхээр төлөвлөж байсан ч Дориан далайн хар салхины аюул улс оронд нь ойртож байгаатай холбоотойгоор айлчлалаа цуцалсан байна. Түүхэн ойн арга хэмжээнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг уриагүй нь 2014 онд Крымийн хойгийг Украинаас булаан эзэлсэн явдалтай холбоотой гэнэ.
Тэрээр 10 жилийн өмнө 70 жилийн ойн арга хэмжээнд уригдан оролцож байжээ. Нацист Германы цэрэг Польшийн нутагт халдан довтолсноос хоёр долоо хоногийн дараа Зөвлөлтийн цэрэг тус улсын зүүн хэсэгт нэвтэрч, хил хязгаараа шинэчлэн тогтоож байжээ.
Польшийн ерөнхийлөгч Андрей Дуда хэлсэн үгэндээ "Саяхан Европ тивд бусдын газар нутагт халдах, хил хязгаарыг хүчээр өөрчлөх зэрэг империалист хандлага эргэн ирэх шинж ажиглагдах боллоо” гэсэн нь Украинд болж буй хэрэг явдлыг шууд бусаар хэлсэн хэрэг байв. Тэр бас сүүлийн жилүүдэд Европ даяар сэргэж байгаа үндсэрхэг үзэлтэй тэмцэхийг хүндэт зочдод уриалсан байна.
Р.Төмөр
Эх сурвалж: Associated Press