"60 тэрбумын схем"-ийг боловсруулагчдын нэг нь Г.Доржзодов өөрөө болох нь нотлогджээ

🕔 2019/08/26 11:20

АТГ, ЦЕГ, Тагнуулын Ерөнхий Газрын хамтарсан ажлын хэсэг МАН-ын дарга асан М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй, Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох "60 тэрбум”-ын схемийг боловсруулах хэргийг шалгаж, мөрдөн байцаалт явуулж дууссан билээ.

Улмаар дээрх нэр бүхий этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 19.2-т заасанчлан "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах” зүйл заалтаар  яллагдагчаар татах хүсэлтээ өнгөрсөн 8-р сарын эхээр прокурорт хүргүүлсэн юм.

Мөрдөн байцаалтын явцад хэд хэдэн зүйл тодорхой болсон байна.

"60 тэрбумын схем"-ийг боловсруулах үйл явц 2014 онд болсон аж. Энэ үед Ц.Сандуй Нийслэлийн МАН-ын хорооны даргаар, А.Ганбаатар нь Нийслэлийн МАН-ын хорооны даргын зөвлөх, Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч, "Шинэ Монгол хаад" ХХК-ий Ерөнхий Захирал, Г.Доржзодов нь "Шинэ Монгол Хаад" ХХК-ий стратеги хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан бөгөөд Ц.Сандуйд Нийслэлийн МАН-ын хорооны НИТХ-ын 2016 оны сонгуульд хэрхэн оролцох стратеги, төлөвлөгөөг боловсруулж, тухайн үед МАН-ын дарга байсан М.Энхболдод танилцуулах шаардлага гарчээ.

Улмаар төлөвлөгөөг А.Ганбаатар, Г.Доржзодов нар Ц.Сандуйгийн удирдлага дор гардан боловсруулсан байна. Тэдэнд Ц.Сандуйгийн эгчийн хүүхэд болох н.Өлзий гэгч тусалжээ.

Улмаар тэд Нийслэлийн МАН-ын хорооны 2016 оны НИТХ-ын сонгуульд оролцох стратеги төлөвлөгөө буюу "60 тэрбумын схем" гэгчээ МАН-ын дарга байсан М.Энхболдод танилцуулсан бөгөөд төлөвлөгөөтэй танилцсан М.Энхболд батлах буюу хэрэгжүүлэх зөвшөөрөл огт өгөөгүй аж.

Иймээс Ц.Сандуй, А.Ганбаатар "60 тэрбумын схем"-ыг боловсруулсан Г.Доржзодовт ямар ч мөнгө өгөөгүй төдийгүй нэгэнт схем хэрэгжихгүй болсон тул түүнийг стратегийн зөвлөхийн ажлаас нь халжээ. Үүнд нь өширхөж, гомдсон Г.Доржзодов УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр "60 тэрбумын схем"-ийг М.Энхболдод танилцуулах үеийн бичлэгийг хэсэгчилэн дэлгэсэн аж.

Г.Доржзодов "60 тэрбумын схем"-ийг боловсруулагчдын нэг болох нь түүний өөрийнх нь дэлгэсэн бүтэн бичлэгээр нотлогдож буй бөгөөд тэрээр энэ үеэр төрийн албыг зарах санаархлыг ердийн л таксаа төлж буй хэрэг, үүнийг заавал Монголд хэрэгжүүлэх ёстой, Европын олон оронд ийм жишиг байдаг хэмээн М.Энхболдод тайлбарладаг юм байна.

Н.Болд

Эх сурвалж: sonin.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!