Чононд хонио хадгалуулах уу, үгүй юу?

🕔 2019/07/31 11:11

Дундаж цалинтай иргэний 173 жилийн цалинтай тэнцэх 1 тэрбум, 655 сая төгрөгийг эрх мэдлээ ашиглан авилгалдаж аваад оймсондоо чихчихдэг Төрийн тангараг өргөсөн албан хаагч 40-хөн саяар торгуулиад өнгөрчээ. Гэтэл гурван сарын л амьжиргаанд хүрэх төдий үнэлгээтэй хоёр гар утас хулгайлчихаад 3 жилийн ял аваад явж буй эгэл жирийн залууст төр төмөр нүүрээ харуулж чадаж байгаа. 

Төрийн эрх мэдлийг ашиглан нийтийг их хэмжээгээр хохироодгоороо, (эл хэрэгт иргэдийг хэдэн арван мянгаар нь эрүүл мэндээр нь хохироосон байх магадлалтай ) Төрд итгэх итгэлийг хумсалдгаараа авилгал нь халаасны хулгайгаас хувь илүү хүнд хэрэг.

Гэтэл яагаад авсан авилгалынхаа 41 хуваасны нэгхэн хувиар нь торгуулиад өнгөрч байна вэ? 

Үүнд мэргэжлийнхэн маш тодорхой, ойлгомжтой хариулж байна.

1.Хуульзүйн дэд сайд асан Б.ЭНХБАЯР:

"... Ямар нэгэн байдлаар гэмт хэрэгтнийг олоод барьсан чинь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна аа гэдэг үндэслэлээр хэргийг хаахгүй шүү, гэмт хэрэгтэн гишгэх газаргүй шүү, хэрэг хуучрахгүй шүү гэдэг концепцоор Засгийн газар хуулийн төслөө УИХ-д өргөн барьсан. Гэтэл УИХ-аар энэ төсөл хэлэлцэгдэх явцад, 2017 оны 5 сарын эхээр /5 сарын 4-ний өдөр/ УИХ-ын Хуульзүйн байнгын хороо Эрүүгийн хэргийг хянан шийтгэх хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж, эцэслэн батлах явцад гэнэт санал гаргаад хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн. Ажлын хэсгийнхний тайлбар сонсоогүй, шууд өөрсдөө санал гаргаад өөрчилсөн. 

.... Энэ хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсны утга учир нь юу юм бэ гэхээр, энэ мэт авилгал, албан тушаалын томоохон хэргүүд дандаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэрэгсэхгүй болоод байна...." 

2.Хуульзүйн ухааны доктор Х.ЭРДЭМ-УНДРАХ:

"...Мэргэжлийн ажлын хэсгийнхний боогоод тавьсан ийм нарийн хуулийг гишүүд хамаагүй хажуугийн санал гаргаж өөрчлөх нь ийм л хор уршигтай. ...

.... Эрүүгийн хуульд 209 зүйл бие даасан гэмт хэргийг зохицуулсан. Эдгээрийг заалт бүрээр тоолбол 400 гаруй гэмт хэрэг байдаг. Үүний 84 зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг нэг жилээр тооцох уу, таван жилээр тооцох уу гэдэг нь тодорхойгүй болсон. Тухайлбал Эрүүгийн хуулийн 22.4.1 (Хахууль авах), 22.5.1(Хахуул өгөх) ... гэх мэт гэмт хэргийг нэрлэж болно. 

.... Эргэлзээтэй тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдэх зарчим үйлчилнэ. Тэгэхээр албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа бас таван жил ч биш байж болохоор байна гэсэн үг. Энэ бол хуулийн хийдэл. Үүнийг санаатай хийсэн шүү, үгүй юу мэдэхгүй..."

Ийм байна. 

- Санаатай хийсэн гэвэл УИХ-ын гишүүд авилгалчидтай хүзүү сээрээрээ холбогдсон адилхан авилгалч болж таарна. Өөрөөр хэлбэл авилгалчдаар бид хуулиа батлуулж, хувь заяагаа шийдүүлж байна. 

Санаагүй хийсэн гэвэл ийм зүйлийн учрыг олох чадваргүй хүмүүсээр бид хувь заяагаа шийдүүлж байна гэсэн үг. Аль ч байсан ялгалгүй, тэд зөв өөрчлөлтийг, бидний хүсэн хүлээж буй өөрчлөлтийг хийх хүсэлгүй, эсвэл чадамжгүй. 

Бид ОЛИГАРХИЙН засаглалын тухай арван хэдэн жил тасралтгүй ярьлаа. Олигархи засаглалын гол мөн чанар нь авилгалаар Төрийн эрх мэдэл гэдэг маш үнэтэй капиталыг худалдаж авдаг, авилгалчидаа хуулийн хүрээнд хамгаалж, өөрсдийнхөө засаглалыг бэхжүүлдэгт юм. Энгийнээр хэлбэл авилгалчдын гар хөлүүд, хамсаатангууд, эрх ашгийг хамгаалагчид өөрсөддөө ашигтайгаар хууль баталдагт юм. "Нэгийг хулгайлбал гар хэрэгтэй, нэлээдийг хулгайлбал бүлэг хэрэгтэй, бүр ихийг хулгайлбал хууль хэрэгтэй" гэдгийн учир энэ. Хууль батлаад тэрбум тэрбумаар нь хулгайлаад, түүнээ хуулийг засварлаж, ял завшаад, шударга ёс хүссэн олныг элэглэж шоолоод, дараагийн сонгуульд хоногийн хоолноосоо хэтэрч чадахгүй байгаа олныг онхолдож унатал амлаж, хуурч, авилгалаар авсан мөнгөөрөө төөрч мунгинасан олны саналыг худалдан авч, хэвлэл мэдээллийг мөнгөөр цутган, тархи угааж, 60 тэрбум гэх мэтийн сүлжээний эрх ашгаар барьцаалж, дахин дахин сонгогдож, засаглалаа бэхжүүлж байдаг ЗАСАГЛАЛ юм. 

Одоогийн УИХ-ын зүтгүүлээд буй Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцээд буйн үндсэн шалтгаан нь Үндсэн хуулийг огт өөрчилж болохгүй гэж буй хэрэг биш, харин ийм нөхдүүдээр бидний 30 жилийн ирээдүйг, үр хүүхдүүдийн маань хувь заяаг тодорхойлох амин чухал шийдвэрийг гаргуулж болохгүйд л юм. 

Одоогийн УИХ-ыг Үндсэн хуулинд өөрчлөлт хийх ёс суртхууны эрхгүй гэсэн шүүмжлэлийг цөөн бус хүмүүс хэлж буйн утга нь энд гарч ирнэ. Өөрөөр хэлбэл хулгайчид өөрсөддөө ашигтайгаар хууль зохиочихдог учраас л эсэргүүцээд байгаа хэрэг. Тэгээд ч өнөөгийн улс орны өмнө тулгараад буй өөрчлөлтийн мөн чанар нь энэ олигархийн засаглалаас салахад юм. Гэтэл одоогийн хэлэлцэж буй ҮХ-ийн өөрчлөлт нь өнөөх олигархийн засаглалыг үргэлжлүүлэхэд чиглээд буйд юм. 

Энэхүү томоохон авилгалын хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр ялаас мулталж өнгөрөөж буй хэрэг нь зөвхөн энэ оймстой холбоотой төдий биш, энэ бол мөсөн уулын ил гарсан орой төдий нь. Ихэнх нь бидний нүд чихнээс далдуур чимээгүй өнгөрдөг. УИХ-д санхүүгийн томоохон бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалагчид олноороо сууж байгаа. 

Өмнө нь ч хуулийг ОЛИГАРХИ засаглалдаа ашигтайгаар өөрчилсөн үйлдлийг нэг бус хийж байсан. 

Иргэн та татвараа шударгаар төлөөд явж байтал таниас хэдэн зуу, мянга дахин их татвар төлөх ёстой атлаа нэг ч төгрөг төлөлгүй нуугаад нуугаад үлдсэн нөхдүүд УИХ-аар баталсан хуулийн дагуу хариуцлагаас цэвэрхээн мултраад байвал танд шударгаар татвараа төлөх итгэл үнэмшил төрөх үү? Тэд хууль батлан татвараас чөлөөлж, улсын сангаас хусаж, авилгалаар авсан мөнгөөрөө тэжээгдэн, тэр мөнгөөрөө таны тархийг угааж, тэр мөнгөөрөө таны саналыг худалдаж аваад, эрх мэдэл гэдэг үнэтэй капиталын хэмжээ хязгааргүй эзэгнэгч болон суусаар байх гэж зүтгэж байгааг яагаад олж харахгүй байна вэ? Таныг урт дараалалд зогсож байтал хэн нэгэн өмнүүр тань дайрч ороод, таны авах ёстойг авчихвал таны цухал хүрэх үү? Ийм л зүйл хийгээд байгаа нөхдүүдээр Үндсэн хууль хэмээх Төр, иргэдийн суурь харилцааг, улс үндэстний оршин тогтнохийн суурь мөн чанарыг тодорхойлсон хуулийг хийлгэх нь хэр ухаалаг хэрэг вэ? 

Хэдхэн сарын өмнө ЖДҮ-гийн хэрэг сөхөгдөж баахан шуугисан, бүгд мартацгаачихсан уу? Эсвэл уужуу сэтгэлээр өршөөчихсөн үү?

Суурь хонь хэдхэн чононд итгээд амьдралаа даатгаж буйтай адил хэрэг биш гэж үү? 

Үндсэн хуулийн өөрчлөлтийг ид хэлэлцэж буй энэ өдрүүдэд энэхүү Оймсны хэрэг олонд цацагдсан нь асуудлын мөн чанарыг олж хараач ээ гэсэн хувь заяаны дохио санамж биш үү? Үндсэн хуулийг эднээр өөрчлүүлэх үү, үгүй юу гэдэг нь ЧОНОНД ХОНИО ХАДГАЛУУЛАХ УУ, ҮГҮЙ ЮУ гэсэнтэй яг адил утга юм шүү. 

Б.Номинчимэд

Эх сурвалж: sonin.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!