С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн учир зангилаа ээдрэв үү
Үе үе хүчтэйхэн сөхөгдөөд чимээгүй болдог энэ хэрэг 21 дэх жилийнхээ босгон дээр дахин "амиллаа”. Учир нь өчигдөр буюу 2019 оны наймдугаар оарын 23-ны эл өдөр Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх нэр бүхий есөн хүний гэм буруугүйн шүүх хурал эхэллээ.
Эрүүдэн шүүсэн гэх хэргийг сөхвөл, өнгөрсөн гуравдугаар сард Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж, ял тулгасан болох нь бичлэгээр олон нийтэл ил болсон. Тэднийг Төв аймаг дахь хорих ангийн хонгилд тусгайлан бэлдсэн өрөөнд бүтэн 476 өдөр эрүүдэн шүүж, тамласан үйл явцыг хуулийнхан төдийгүй улстөрч, сэтгүүлчдэд үзүүлсэн. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа тэрхүү бичлэг 27 минут найман секунд үргэлжилсэн. Бичлэгийн эхний 25 минут орчим нь Б.Содномдаржааг эрүүдэн шүүж, тамлан зовоож байгаа нь гардаг. Үлдсэн минутад нь Т.Чимгээг айлган сүрдүүлж, хэргээ хүлээхийг шаардаж байгаа хэсэг гардаг билээ.
Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг хүний эрхэд ноцтой халдаж, эрүүдэн шүүсэн эсэхийг шүүх шүүх хуралдаан товлосон ёсоор 10:00 цагт эхэлсэн ч түр хойшилсон юм.
Тодруулбал, Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс хохирогч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэгдэж байгаа гүйцэтгэгч Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авснаар 14:00 цаг хүртэл хойшилсон байна. Үдээс хойших хуралдаан үргэлжилсэн ч С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой шүүх хурлыг ирэх наймдугаар сарын 12-ны өдөр хүртэл дахин хойшлууллаа.
Шүүх хурал завсарлах үеэр сэтгүүлчид ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцаас цөөн асуултад хариулт авахад "Эрүүдэн шүүсэн тушаалыг ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа та өгсөн үү, энэ тал дээр тайлбар өгөөч” хэмээн асуухад тэрбээр "Тийм зүйл байхгүй. Шүүх хурал дуусаагүй байна” гэдгээс өөрийг хэлсэнгүй.
Уг хэргийг хамтран гүйцэтгэсэн, хамжигчаар оролцсон, мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулсан, хууль бусаар ашигласан гэх зэрэг хэрэгт Б.Хурц, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч нар 10 гаруй өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцсон ч ийнхүү хойшлов.
Шүүх хуралд мөн С.Зориг агсны эхнэр Б.Булган, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хохирогчоор оролцлоо. Хурал завсарлах үеэр шүүгдэгч Г.Эрдэнэбатаас мөн уг хэргийн талаар тодруулахад "Ялтнуудыг эрүүдэн шүүсэн тухай мэдээгүй. Бид нарт мэдэх боломжгүй зүйлс гэж бий. Хэргийг хэрэгсэхгүй болгох талаар ч би мэдэхгүй. Тэр бол өмгөөлөгчийн байр суурь байх” гэлээ.
Харин С.Зориг агсны эхнэр Б.Булганы өмгөөлөгч Ц.Гүенбаатар "Манай үйлчлүүлэгчийг 2015 оны арваннэгдүгээр сард С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. Хорьж байх хугацаандаа эрүүдэн шүүсэн. Хэрэв эрүүдэн шүүсэн бол цагдан хорьсон нь ч бас хууль бус гэсэн үг. Мөрдөн байцаах алба болон прокурорын зүгээс Б.Булганыг хохирогчоор оролцуулах санал гаргасан юм билээ. Үүний дагуу хохирогчоор оролцож байна” гэлээ.
Энэ үеэр мөн Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр "Тагнуулынхан манай гэр бүлийнхнийг тайван байлгадаггүй байсан. Ханийг минь наранд байхад чамайг ална шүү. Эхнэрийг чинь ална шүү. Хүүгээс чинь эхлэх юм уу. Миний үгээр явахгүй бол эхнэрийг чинь мөчилж ална гэх мэтээр их олон удаа утсаар дарамталдаг байсан. Мессеж ирдэг байсан. Цагдаад хэлэхээр арга хэмжээ авдаггүй байлаа. Хүүхдүүд нь аавыгаа ирнэ гэж гэртээ хүлээж байна” гэв.
Олны анхаарлыг татсан дуулиант хэргүүд дээр өмгөөлөгчөөр ажилладаг болсон Г.Батбаяраас хэвлэл мэдээллийнхэн цөөн асуултад хариулт авч байр суурийг нь сонслоо. Тэрбээр "Эрүүдэн шүүсэн хүмүүс нь мөрдөн байцаагч, тагнуулынхан биш, Ц.Амгаланбаатар, Итгэлтөгс нар шүү дээ. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүгээд байгаа хүн нь хоригдол Ц.Амгаланбаатар.
Бичлэг дээр эзэн холбогдогч нь тун тодорхой харагдаж байхад иргэдэд буруугаар таниулж болохгүй. Эрүүгийн хуульд зааснаар хэрэв зодож хэрэг хүлээлгэсэн бол сахилгын шийтгэл хүлээнэ гэсэн заалттай. Амгаланбаатар, Итгэлтөгс нар сахилгын шийтгэл хүлээх ёстой.
Гэтэл энэ хүмүүс нь хариуцлага хүлээхгүй, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нар нь буруудаад явж байна. Саналаа орж тавина. "Маш нууц” гэсэн нэрийн дор хүнийг хэлмэгдүүлэх зүйл явагдаж магадгүй байна. Үүнийг би өмнөх хурал дээр ч хэлсэн” гэв.
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт шийтгүүлсэн Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа ч мөн ирсэн байлаа. Тэрбээр "Миний хүүг хүний эрх зөрчиж дөрвөн жил тамлалаа. Хорин хэдэн жилийн ял өгсөн. Хэвлэл мэдээллээр ил болсны хүчээр арга хэмжээ авч байна гэж ойлгож байна. Өмнө нь шүүхэд итгэх итгэл надад үнэндээ байгаагүй. Шүүх 17-8 хүнийг хэлмэгдүүлсэн.
Өнөөдрийн шүүх бүрэлдэхүүн үнэн мөнийг нь олох байх. Эгч нь хүүтэйгээ долоо хоногийн өмнө эмнэлэгт уулзсан. Хүү минь ч мөн хууль гэж байдаг бол үнэний талд гарна байх гэж хэлсэн. Ер нь биднийг энэ бүх хугацаанд Тагнуулынхан л их дарамталсан даа. Шүүх байгууллага тагнуулынхны гар хөл битгий болчихоосой гэж залбирч байна” гэлээ.
Хэргийн захиалагч ил болсон, илрээгүй, тэгсхийгээд замхарна, гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүллээ, гэмтнүүд үйлийн үрээ эдэлж байна... гэх мэт олон нийтийн дунд мөнхийн асуулт, сэжиг бүхий сэжүүрээр дүүрэн энэ хэрэг өнгөрсөн 21 жилийн дуулиан яах аргагүй мөн байв. Маш олон хүний нэр холбогддог С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг ийнхүү дахин "амилж” шүүх үнэн мөнийг олж чадвал Монгол Улсын хууль, шүүх засаглалын нэр хүнд өнөөдрийнхөөсөө жаахан өндийнө.
Юутай ч тагнуулынхан эрүүдэн шүүсэн эсэхийг нийтээрээ харах үлдлээ. Гэхдээ нөгөө талаас С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн учир зангилаа ээдрэв үү гэх сэжиг төрж буйг нуух юун...
М.Мөнхтунгалаг
Эх сурвалж: Үндэсний шуудан