Дэлхийд алдартай И.Моисеевийн ардын бүжгийн чуулга манайд ирнэ

🕔 2019/07/03 15:34

Нэрт бүжиг дэглээч, бүжгэн жүжгийн найруулагч И.А.Моисеевийн үүсгэн байгуулсан Оросын Ардын бүжгийн эрдмийн чуулга удахгүй манай оронд ирж гайхамшигт бүжгээсээ сонирхуулах нь ээ.

Тус чуулга Финланд, Хятад, Их Британи, Ливан, Египет, Сири, АНУ, Энэтхэг болон Өмнөд Америкийн орнууд зэрэг дэлхийн 60 гаруй орноор аялан тоглосон бөгөөд Зөвлөлт, Оросын нэр хүндийг өргөн улс хоорондын таатай харилцааг бий болгоход хувь нэмрээ оруулж, тэр ч байтугай загварын чиг хандлагад нөлөөлдөг хэвээрээ хэмээн хүндлэгддэг байна. 1953 онд Францад хэд хэдэн тоглолт хийсний дараа франц бүсгүйчүүд казачок гутал өмсдөг болж, ихэд дэлгэрчээ. 1965 онд Бүжигт хүрэх зам хөтөлбөрийнхөө ачаар "Эрдмийн чуулга" нэрийг хүртэж, 1987 онд "Ард түмнүүдийн найрамдлын одон"-гоор шагнагджээ.

Моисеевийн эцэг нь язгууртан байсан бол ээж нь франц-румын гаралтай загвар зохион бүтээгч, оёдолчин байжээ. Игорь 24 насандаа  «Большой» театрын бүжигчин болж, дараа нь хэд хэдэн бүжгийн концерт тавьж, тус театрын бүжиг дэглээч болсон байна. Харин 1937 онд мөрөөдлөө биелүүлж, ардын бүжгийн улсын чуулгаа байгуулж, түүндээ Холбооны улсуудын хамгийн авьяаслаг ардын бүжигчдийг урин оруулжээ. И.А.Моисеев 70 гаруй жилийн хугацаанд 300 орчим тоглолт найруулсан бөгөөд нас барсны нь дараа чуулгыг түүний нэрэмжит болгосон байна.

2011 онд Моисеевийн шавь, гоцлол бүжигчин Елена Щербакова чуулгыг удирдан урын сангаа улам баяжуулан Италийн «Anita Bucchi» шагнал, ЮНЕСКО-гийн «Таван тив» одон, «Оросын ард түмний соёлын өвийн онцгой обьект» хэмээх статус хүртээд байна.

Ж.Батсайхан

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!