Ерөнхий сайд асан гурав дахь хүнийг барилаа, тавилаа

🕔 2019/06/24 12:15

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан гурав дахь хүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаргийн үдэш баривчиллаа. Өмнө нь Оюутолгойн болон Дубайн гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан үндэслэлээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг саатуулан шалгаж, өдгөө мөрдөн байцаалт нь дуусаагүй байгаа. Харин Ерөнхий сайдаар ажиллаж байсан, баривчлагдсан гурав дахь хүн М.Энхсайханыг Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулахдаа бусдад хууль бусаар давуу байдал олгосон байж болзошгүй гэсэн үндэслэлээр пүрэв гаргийн үдэш гэрт нь нэгжлэг хийж, улмаар хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. Гэвч маргааш нь буюу энэ сарын 21-ний 17.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг суллахаар шийдвэрлэсэн. Тус шүүхийн шүүгч түүнийг суллах үндэслэлдээ "АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ” гэсэн. 

Түүнийг цагдан хорьсоны дараа "Хийгээгүй гэрээгээр хүн хэлмэгдүүллээ” гэх хүн цөөнгүй байсан. "Гэрээ байгуулаагүй ч, бусдад давуу байдал олгож хууль зөрчсөн бол буруу гэдэг нь ойлгомжтой. Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа М.Энхсайханы боловсруулсан гэрээг УИХ зогсоогоогүй бол "Эрдэнэс Тавантолгой” компани өдгөө жилд 800 тэрбум төгрөгийн ашиг олох байсан уу гэдгийг бодолцмоор” гэх хүмүүс ч байв. Юутай ч Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх Төрийн тэргүүнээ шалгуулахаар 178 хуудас баримт Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгаланд өгч, уг материалыг нь АТГ-ынхан шалгахдаа М.Энхсайханыг холбогдуулсан үйлдэлд нэгтгээд буй билээ. 2014 оны арванхоёрдугаар сард Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Монгол Улсын сайд хэмээх албан тушаалд томилогдож, Тавантолгойн нүүрсний уурхай, цахилгаан станц зэрэг мега төслүүд хариуцсан сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт шалгахын тулд Шведэд суух Элчин сайдын албан тушаалаас нь түүнийг эгүүлэн татсан юм.

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!