Н.Золжаргал авга дүү нарынхаа нэрээр мөнгө шилжүүлж, Австрид байр авчээ

🕔 2019/06/20 12:03

Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалыг АТГ болон ЭЦА-ныхан хэд хэдэн үндэслэлээр шалгаж, нэг бус хэрэгт яллагдагчаар тооцоод буй билээ. Тухайлбал, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банканд зээл олгохдоо маш бага хүүтэй мөнгө шилжүүлсэн, "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг "Монголын зэс корпорац” ХХК-ийнхан авахад Монголбанк баталгаа гаргасан гэх үндэслэлээр Н.Золжаргалыг мөрдөн шалгах дээрх хоёр байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхний саналаар яллагдагчаар татсан юм. 

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдоод буй түүний Австрид үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэх үйлдлийг шалгаж дууссан гэнэ. АТГ-ынхан өнгөрсөн гуравдугаар сард мэдээлэл хийхдээ "Н.Золжаргалд холбогдуулан гурван багц асуудлыг шалгаж байна. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа арилжааны банкуудад хуулиар тогтоосон хэмжээнээс бага хүүтэй зээл олгосон, Австри улс руу мөнгө шилжүүлж, байшин хуралдан авсан, хууль зөрчсөн хэлцэл хийсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Эдгээр асуудлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан дуусгана” хэмээж байв. Тэгвэл мөрдөн шалгах ажиллагаа дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т ирүүлсэн гэдгийг эх сурвалжууд баталлаа. 

Шалгалтаар Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал 2013-2016 онд төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр Австри улс руу мөнгө шилжүүлсэн нь тус улсаас ирүүлсэн баримтаар тодорхой болсон сурагтай. Улмаар тэр 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэдгийг Австрийн прокурорын газраас шүүхийнхээ зөвшөөрлөөр гаргаж, Монгол Улсад ирүүлсэн баримт баталж буй гэнэ. Тиймээс Н.Золжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн буруутгаж, шүүхэд шилжүүлэхээр болоод байна.

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!