С.ПҮРЭВСҮРЭН: АЛТАН МАНЖУУРТ ЗОРЧИХУЙ \Аян замын тэмдэглэл\

🕔 2019/06/22 08:00
Алтан Манжуур хотыг хоёр дахиа зорилоо. Хамгийн эхлээд Манжуур гэж ямар үүх түүхтэй газар вэ, Манжуур гэж Монгол үг үү, гадаад үг үү... гээд зүсэн зүйлийн юм бодогдоно.  Нэрийн тухайд Манжийн эзэнт гүрэн мандан цэцэглэж асан 19 дүгээр зууны төгсгөлөөр Оросын Алс дорнодын төмөр замыг хил давуулан нэгэн өртөө байгуулсантай холбогдоно.  Тэр жижиг өртөөг Манж гүрний нутаг дээр учир ийн нэрлэсэн хэрэг. Англиар Manzhouli гэж бичсэн харагдана.  Япончууд өнгөрөгч зууны эхээр Зүүн хойт Хятадыг эзэрхийлэхдээ Манж-Го гэсэн тоглоомын улс байгуулсан ч төдхөн нуран унасан. "Манжин байвал махаар яахав. Манжийн хүү байхад Монголоор яахав” гэдэг үгийг лав Монголчууд гаргаагүй нь мэдээж.  Хэдийд хаанаас үүсэлтэйг хэн мэдлээ. Монголчуудын тухайд хэзээ, яаж зохиогдсоныг тэр бүр мэдэхгүй ч "Манжуурын толгод” гэх гэгэлгэн, хөнгөн  аялгуунд вальс эргэх дуртай.
            Тэгвэл  энэ вальс "Манжуурын толгод дахь Мокшаны хороо” гэсэн өөр нэртэй байсныг энд тэнд бичсэн бий.     Үлээвэр найрал хөгжмөөрөө алдартай нэгэн бэлтгэл батальеон хэзээ ч, хэнд ч үл анзаарагдан мартагдаж мэдэх  Оросын  нэгэн жижиг сууринд үүссэн аж. Тэр суурины нэр Мокшан аж.  Мокшаны бательеоныг 1904 оны зун Манжуурт дайны бүс нутаг руу шилжүүлснээр  тэнд амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулан Үлээвэр хөгжмийн батальеоны удирдагч И.А.Шатров энэ вальсыг зохиосон түүхтэй. Энэ вальс нэрийн хувьд сунжирч "Манжуурын толгод” нэрээр бидний үед зуун дамжин хүрч иржээ. Манжуур хот руу орж ирэхүй орос загварын шовгор оройт барилгууд, энд тэндгүй орсоор бичсэн хаяг, сурталчилгаа угтах юм. Хятад дахь Орос хот ч гэлтэй. Эхэнд өгүүлсэн төмөр замын өртөөний цаахна, Манжуурын төвөөс есхөн километрт Оросын Забайкальск хот харагдана.  Социалист нийгмийн Зөвлөлт, Хятадын харилцаа муу үед хаалттай байсан хил  1992 онд нээгдсэнээр өнөөгийн  энэ дүр зургийг бүтээн босгосон байна.
            Бидний аялал Манжуурын толгод дахь  Гиннесийн номд бичигдсэн дэлхийн хамгийн том Матрёшкатай танилцахаас эхэллээ. Гаднаас харвал Оросын дотор дотроо ордог хүүхэлдэйг аварга томоор бүтээжээ. Үүдэндээ "Матрёшка зочид буудал” гэж англиар бичсэн харагдана. Тэнд хогийн тантан, гэрлийн бүрхүүл, бэлэг дурсгалаас аваад бүх зүйл "Матрёшка”  Шилэн бүхээгтэй цахилгаан шатаар жуулчид дээш доош зорчих нь нүднээ ил.
Дотогш орвол өөр өөрийн үндэсний хувцастай хятад, орос хоёр охин угтах юм. Арван долоон давхар энэ байгууламжийн эхний гурван давхар нь ресторан, хоолны газрууд байгаа бол түүнээс дээших давхруудад Зочид буудлын хэдэн зуун өрөө  бий гэнэ. Хана, таазыг Оросын эртний  сонгодог зургаар донжийг олон чимэглэсэн харагдах юм. Тэр орчинд ер нь Хятад оронд яваагаа мартаж Оросын нэгэн хотод аялж яваа шиг санагдах юм.  Ялангуяа хуучин тогтолцооны үеийн бидэнд танил дотно орос үг эх хэл шиг маань ойр, ойлгомжтой  юм даа.
Манжуурт "Монгол аялал” компани их нэр хүндтэй нь анзаарагдсан. Хаана л орвол "Монгол аялал”-ын нэр сонсонгуут "Ногоон гэрэл”-ээр нэвтрүүлнэ. Матрёшкад орох жуулчин бүр 100 юань төлдөг бол "Монгол аялал”-аар яваа бид ямар ч төлбөргүй шууд  нэвтэрч том ресторанд залагдах нь бахархмаар... "Монгол аялал”-ын тэмээ унасан монгол аялагчийн зураг бүхий лого энд тэнд тааралдана. Биднийг тэнд оройн зоогт ороод гарч ирэхэд жуулчны хэдэн арван том автобус ирчихсэн зуу зуун  жуулчин бужигналдаж асан нь шөнийн гэрэлтүүлгийг харах гэсэн хэрэг аж.
Манжуурт үүр эрт цайж орой эрт харанхуй болдог юм билээ. Харин орой эрт харуй бүрий болчихдог тул гаднах чимэглэлийн гэрэлтүүлгээ  19 цаг 30 минутад өгчих юм. Яг цаг болохоор Манжуур даяар  гэрэл цацраад явчихна. Өнөө аварга том "Матрёшка” чинь тэр аяараа янз бүрийн гэрлэн зургаар солигдон дүрлэгэр алаг нүдээ ирмэж дохиод эхлэхийг яана. Москвагийн Улаан талбайн эргэн тойрныг санагдуулам гоёмсог барилгууд ч гэрлэн чимэглэлээрээ өнгө алаглан хараа булаана.
Тэндээс бид Шөнийн Манжууртай танилцах аялалд гарлаа.  Зочид буудлын зориулалттай хорь, гучин давхар цамхагууд, орон сууцны хороолол, гудамж талбай тэр аяраа алтлаг шар гэрэл болж жинхэнэ "Алтан Манжуур”-ыг энд харах юм. "Алтан” хэмээн нэрлэсний учир ийнхүү тайлагдана. Тэдгээр сүрлэг цамхагууд хиймэл нуурын толин мандалд алтлаг дүрсээ буулган  улам ч гоёмсог харагдах нь гайхамшиг. Нуурын эргээр жуулчдад зориулсан бэлэг дурсгалын худалдаа хаа сайгүй. Гурван зуун мянган хүнтэй энэ хот жилдээ гадаад, дотоодын 5-6 сая жуулчин хүлээн авдаг гэхлээр жинхэнэ жуулчдын хот төдийгүй, ашиг орлогын ихэнх нь энэ салбараас "Цутган” ордог аж. Асар уудам нутагтай Хятад орны алслагдсан хязгаар энэ бэсрэгхэн хотыг ирж үзэхийг хятадын олон зуун сая иргэн мөрөөдсөөр байдаг ч 5-10 мянган километр зам туулж ирнэ гэдэг санасан болгонд олдох завшаан биш аж. Эндхийн орон сууц оршин суугаа айл өрхийн тооноос гурав дахин олон айлд хүрэлцэнэ. Орон сууцны гуравны хоёр нь оршин суугчдаа хүлээн эзэнгүй байна гэсэн үг юм уу даа. Тийм болохоор орон сууцны үнэ харицангуй хямд, нэг метр квадрат нь 3000 юань гээд бодчих. Орон сууцны барилгын цонхны гуравны нэг шөнөдөө харанхуй ч гадна гэрэлтүүлэг нь алтран харагдуулна.  Ийнхүү "Алтан” гэж нэрлэтэл гэрэлтүүлэхэд нарийн технологи, ямар нэг нууц байна уу даа гэж бодогдсон. Аялал жуулчлалын энэ хотод дэлхийн хэмжээний өндөр зэрэглэлийн зочид буудлын сүлжээ Шангри-Ла  хэдэн жилийн өмнө салбар буудлаа барьсан нь Манжуурын өндөр өндөр цамхагуудтай өндөр булаалдан сүндэрлэх ч Алтан Манжуур дахь цорын ганц "Харанхуй” барилга аж. Учир нь Манжуур хотын Захиргаанаас "Нэгэнт манай хотод үзэмж нэмсэн сайхан цамхаг баригдсан тул гэрэлтүүлгийг өөрийн талаас шийдэж өгье” гэсэн санал тавьсан ч "Манайх өөрсдөө шийднэ” гэж томорсон бололтой юм. Гэтэл гэрэлтүүлгийн технологийг ч мэдээгүйгээс юмуу, юутай ч Манжуурын барилгууд шиг "Алтан” болгон гэрэлтүүлж чадсангүй.  Манжуурын Зочид буудлууд асар олон жуулчны урсгалд дарагдан дараалал ихтэй байдаг ч  Шангри-Ла-гийн өндөр үнэтэй буудалд тэр болгон жуулчин буухыг хүсдэггүйгээс дампуурахдаа хүрээд байгаа сураг чих цохилоо. Манжуурт шөнийн яг 24 цагт хот даяараа гадна талын "Алтан” гэрэлтүүлгээ унтраах юм. Энэ нь нэг талаар жуулчдын унтаж амрах цаг болсныг, нөгөө талаар хэмнэлтийн тогтсон горим байж мэднэ. Хотыг "Алтан” болгон харагдуулах энэ гэрэлтүүлгийг зөвхөн салхин сэнсний сэргээгдэх эрчим хүчээр шийдсэн гэж сонссон шүү.  "Монгол аялал”-ын Манжуурт хийсэн ээлжит аялал тодорхой шалтгаанаар нэг өдөр сунгагдахад хөтөч маань аялагчиддаа гурван сонголт санал болголоо. Нэг нь Хөлөн нуур дээр очиж шорлог шарж үдийн зоог барих байлаа.  Газрын зураг дээрх  "Далай нуур” нэрээр нь мэдэх, манай Хэрлэн гол цутгадаг энэ цэнгэг уст нуур Өвөрмонголын хамгийн том, Хятад гүрний тав дахь том нуур. Дашрамд өгүүлэхэд Манжуур хот газар нутаг дээр нь оршдог аймаг бол хоёр том нуурын нэрээр ХөлөнБуйр гэж нэрлэгдсэн, барга ястнуудын өлгий нутаг аж. Одоо Хөлөнбуйр аймаг гэхээ больсон тул хошууд нь улсын зэрэглэлтэй Хайлаар хотод харьяалалтай аж.
Хөлөн нуур загас, сам хорхой, сувд, хавчаар баялаг, бас Өвөр монголын Зэгсний аж ахуйн гол түшиц газар гэсэн шүү. 1945 оны дайны дараа энэ нутгаас олон зуун барга айл Монгол улсын хил даван орж ирснийг Засгийн газраас Дорнод аймагт суурьшуулан Хөлөнбуйр сумыг байгуулсан түүх бас бий. Буйр нуур Монголынх боловч нөгөө эрэг нь Хятад улсад харъяалагддагаас  энэ нэрэнд ороо юу даа. Өөр нэг санал нь Жуулчны нэг баазад очин өдрийн амралт хийн тэндхийн технологиор хонь бүтнээр нь шарж зооглох, эсвэл  Манжуураас 200 км давхиад Хайлаар хот орж танилцах аялал байсан ч аялагчид Манжууртайгаа улам гүнзгий танилцах, бид л болсон хойно дэлгүүр, зээлээр тойрох хүсэлдээ дийлдээд  олонхи аль ч санал дээр нэгдсэнгүй.
Монголоос Манжуур луу гарах хамгийн дөт боомт нь Дорнод аймгаас 100 км дэх Хавиргын боомт юм. Хятадын талын хилийн боомт нь Архашаат гэсэн нэртэй юм билээ. Гуравхан жилийн өмнө энэ боомтоор нэвтрэхэд Архашаат дээр ажиллах хил, гаалийн ажилтнууд өглөө нь Алтан-Эмээлээс ганц цагаан машинтай давхиж ирээд хилээ нээн биднийг гаргаж байсан. Мэдээж тэд орой нь Алтан-Эмээл рүүгээ буцаж байсан биз. Алтан-Эмээл гэдэг нь хилээс  70 гаруй км дэх эхний хот л доо.  Шинэ барга хошууны төв Алтан-Эмээл балгас гэж нэрлэнэ. Балгас гэдэг нь хотын зэрэглэлгүй томоохон суурины нэршил юм байх. Нэгэн жижиг байшинд шалган нэвтрүүлэх хил, гаалийн бүх ажил төвлөрч байсан бол Эрээний боомтоос дутахааргүй том хэд хэдэн барилга бариад амжчихсан, хил, гаалийн шалганд нүсэр бүрэлдүүн ажиллаж байх юм. Орчны тохижилт, кирилл, хуучин монгол үсгээр бичсэн сурталчилгааг ёстой "Тултал” нь хийсэн байна лээ. Хятад гүрэн өөрийн эдийн засагт ашгаа өгөх л бол нүсэр байгууламжид мөнгө хайрлагдаггүй, цаг алддаггүйг эндээс харж болно.
За Манжуурын аяллаа үргэлжлүүлье. Манжуурын музейн нэг гол үзмэр нь Арслан зааны олдвор. Арслан заан гэж ямар аварга амьтан эртний Монголчуудын газар нутаг дээр амьдарч байсныг эндээс харж болно.  1980 онд Хөлөн нуурын ойролцоо нүүрсний хайгуулчид Арслан зааны бүрэн араг яс олсноос үүдэн эрэл хайгуул үргэлжлэн  энэ нутагт Арслан заан сүрэглэн амьдарч байжээ гэсэн дүгнэлтэд хүрснээр дэлхийд ховорхон "Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн” байгуулж амжсан юм.  Арслан заан голдуу эртний амьтдын зуу шахам баримал бүхий энэхүү цэцэрлэгт хүрээлэнгээр аялах ахул гурван метр гаруй урттай аварга том соёогоо сэрийлгэсэн  таван метр өндөр байшингийн дайтай аварга том арслан заанууд зүүн урд зүгийг зорин сүрэглэн нүүдэллэж эргэн тойрон ан амьтан, араатан, жигүүртний дунд алхаж яваа сэтгэгдэл төрж сая живаа жилийн өмнөх эртний газар нутагт оччих шиг санагдана.  Энэ цэцэрлэгт хүрээлэн Манжуурт тив дэлхийн жуулчдыг соронздон татаж мөнгөн урсгалыг хандуулсан аж. Манай оронд ч Зүүн Хараагаас, өөр хаанаас ч гэлээ арслан зааны олдвор гарлаа л гэдэг ч түүгээрээ мөнгө "Уутлах” аргаа олоогүй л явааг бодоход харамсмаар ч юм шиг. Юутай ч Монгол орон аварга үлэг гүрвэлийн төдийгүй арслан зааны уугуул нутаг болох нь аль эрт батлагдсан л байлтай.
Манжуурын гудамжаар алхах ахул арилжаа, наймааны дүр зургийг тодхон харж болно. Орос наймаачин булган шубаа, хятад наймаачин өдөн хүрэм наймаалж буй, эсвэл нохойд хөллөсөн  чаргаар хурдалж яваа умарт туйлд ойр анчид, модон торх дүүрэн дарсаа дааж ядан дамжилсан бавгар сахалтай орос эрчүүдээс аваад Орос, Монголын орчин үеийн урлаг,  соёлын өвийг дүрсэлсэн зохиомж төгс хүрэл баримал           зөндөө тааралдана.
Гудамжаар "Хуучин шуб авна, солино” гэж орос, монголоор бичсэн зар хаа сайгүй тааралдана.  Бүр "Хуучин шубыг шинэ гэсэн шубээр сольж зөрүү мөнгийг өгнө” гэсэн зар ч байх юм. Хөтөч нарын яриагаар бол хуучин шубыг аваад шинэ юм шиг сэргээгээд эргүүлэн зарж жуулчдын хулхидах  явдал ололтой гэнэ.
Аяллын замд гарахын даваан дээр "Монгол аялал”-ын Ц.Пүрэвдорж захирал автобусанд орж ирэн  аян замдаа сайн явахыг ерөөгөөд "Хуурамч бараа худалдаж авав аа. Олонхи нь хүүхнүүд харагдана, Шуб авах бол хөтөчтэйгээ зөвлөөрэй. Хуурамч, сэргээсэн хуучин шубыг шинэ гэж андуурч авах вий. Тэнд "Виск” гэсэн хүрэн архи бол виск биш  хуурамч шүү. Хятадад хэзээ ч виск үйлдвэрлэж байгаагүй” хэмээн чин сэтгэлээсээ захиж билээ.
Манжуур хотод жуулчдад зориулсан үдшийн шоу, цэнгээний том том клуб цөөнгүй бололтой. Жуулчид оройн зоог барингаа  тэрхүү цэнгүүнийг алба юм шиг сонирхоно.  Оросын цагаан хусыг санагдуулам өндөр гоолиг орос хүүхнүүд орос ардын болон орчин үеийн бүжиг бүжиж, монгол залуус ардын дуу хуураа сонирхуулан орос охид, хөвгүүд агаарын циркийн дуу алдам хүнд үзүүлбэрийг үзүүлэх шиг болох юмаа. Илбэчин монгол залуу\нэрийг тогтоосонгүй\ хэдэн цагаан тагтааг өөрийн дураар удирдаж хоосон гар хуруугаа үзүүлэнгээ үзүүрээс нь, биенийхээ энд тэндээс гэнэт дэр дэр хийтэл нисгэн ширээн дээр хэвтүүлсэн орос бүсгүйг агаарт бараг 40-50 см хөөргөн жуулчдыг гайхшруулах жишээний.  Жуулчид бүжигчин орос хүүхнүүдтэй зураг хөргөө татуулан айллын цаг мөч бүхэн шинэ шинэ, сонин  содон сюрпризээр дүүрэн явлаа.
Ийнхүү аялах боломжийг Ш.Төрбат даргатай Мэргэжлийн хяналтын газар ажилтнуудынхаа баярын өдрөөр хамт олноо ийнхүү "Монгол аялал”-аар аялуулахдаа ахмадуудаа  оролцуулсанд талархаад ч баршгүй. МХГ маань "Ахмадад ээлтэй байгууллага” өргөмжлөлтэй шүү.
Манжуурын толгодод нар эрт мандаж эрт жаргах  ч жуулчид өдрийн аяллаа шөнийн Манжуураар үргэлжлүүлэх ажээ. Үнэхээр энд үзэж харах юм чдуусашгүй ээ. Завтай болоод морьтойсон бол ч...

                                                                                                С.ПҮРЭВСҮРЭН

С.ПҮРЭВСҮРЭН: АЛТАН МАНЖУУРТ ЗОРЧИХУЙ Аян замын тэмдэглэл

 

С.ПҮРЭВСҮРЭН: АЛТАН МАНЖУУРТ ЗОРЧИХУЙ Аян замын тэмдэглэл

 

С.ПҮРЭВСҮРЭН: АЛТАН МАНЖУУРТ ЗОРЧИХУЙ Аян замын тэмдэглэл

 

С.ПҮРЭВСҮРЭН: АЛТАН МАНЖУУРТ ЗОРЧИХУЙ Аян замын тэмдэглэл

 

С.ПҮРЭВСҮРЭН: АЛТАН МАНЖУУРТ ЗОРЧИХУЙ Аян замын тэмдэглэл

 

С.ПҮРЭВСҮРЭН: АЛТАН МАНЖУУРТ ЗОРЧИХУЙ Аян замын тэмдэглэл

 

С.ПҮРЭВСҮРЭН: АЛТАН МАНЖУУРТ ЗОРЧИХУЙ Аян замын тэмдэглэл

 

С.ПҮРЭВСҮРЭН: АЛТАН МАНЖУУРТ ЗОРЧИХУЙ Аян замын тэмдэглэл

 

С.ПҮРЭВСҮРЭН: АЛТАН МАНЖУУРТ ЗОРЧИХУЙ Аян замын тэмдэглэл

 

С.ПҮРЭВСҮРЭН: АЛТАН МАНЖУУРТ ЗОРЧИХУЙ Аян замын тэмдэглэл

 

С.ПҮРЭВСҮРЭН: АЛТАН МАНЖУУРТ ЗОРЧИХУЙ Аян замын тэмдэглэл

 

С.ПҮРЭВСҮРЭН: АЛТАН МАНЖУУРТ ЗОРЧИХУЙ Аян замын тэмдэглэл

 

С.ПҮРЭВСҮРЭН: АЛТАН МАНЖУУРТ ЗОРЧИХУЙ Аян замын тэмдэглэл

 

С.ПҮРЭВСҮРЭН: АЛТАН МАНЖУУРТ ЗОРЧИХУЙ Аян замын тэмдэглэл

 

С.ПҮРЭВСҮРЭН: АЛТАН МАНЖУУРТ ЗОРЧИХУЙ Аян замын тэмдэглэл

 

С.ПҮРЭВСҮРЭН: АЛТАН МАНЖУУРТ ЗОРЧИХУЙ Аян замын тэмдэглэл

 

С.ПҮРЭВСҮРЭН: АЛТАН МАНЖУУРТ ЗОРЧИХУЙ Аян замын тэмдэглэл

 

С.ПҮРЭВСҮРЭН: АЛТАН МАНЖУУРТ ЗОРЧИХУЙ Аян замын тэмдэглэл

 


Манжуур-Мандалговь
 
 
 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!