Хонзонгийн хонгилууд

🕔 2019/03/16 16:52

Улстөрчид хувь хувьдаа хэрхэн хонгил барьж, хэн нь хэнийгээ чирж оруулан чихдэж гаргахыг цаашид хэчнээн жил харах бол?

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн найз, охин, хүргэн гээд хамаарал бүхий этгээдүүд Засгийн газрын тэргүүний нэр нөлөөөг ашиглан хонжоо хайх нь бүү хэл ажил, албан тушаалд ганц нь ч очилгүй зөв зүгээр байхад "шударга бусын” хэмээх аймшигт хонгилоор чирж оруулжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тавантолгой төсөл дээр Ерөнхийлөгчийн үгэнд орохгүй, өөрт нь үйлчлэхгүйгээр шударга ажиллах гээд байсан тул Ц.Элбэгдорж түүнийг чадахын тулд Ерөнхий сайдын эргэн тойрных нь хүмүүсээс найзыг нь ахлах зөвлөхөөр, хүргэн дүүг нь ЗГХЭГ-ын дэд даргаар гэх мэт төрийн хариуцлагатай албанд дургүй байхад нь хүчээр өөрөө томилуулсан бололтой юм. Дараа нь алдаа гаргахыг нь анаж байгаад охиных нь, хүргэн Дэнзэнгийнх нь болон найзынх нь хийсэн өвс хялгасын чинээ өчүүхэн гэм бурууг уулын дайтай том болгож Авлигатай тэмцэх газар, шүүх, прокурорын байгууллагуудыг дайчлан турхирч хууль бусаар яллан тохуурхсан нь зурагтаар илчлэгдэж эхлэв. Илчилж буй Л.Гансүхийн ярьж байгаагаар бол, Н.Алтанхуягийг барьцаалахын тулд Монгол Улсын хуулийн байгууллагууд шат шатандаа хуулийн ямар ч мэдлэггүйгээр, баримт нотолгоогүйгээр шийдвэр гарган гаргасаар л байсан нь лойсон гэхэд дэндүү лойчихсон хэрэг юм шүү. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шударга бусын хонгилдоо аваачсан хүмүүсээ заримыг нь яллаж, хэсгийг нь айлгадаг байж. Л.Гансүхийн өмнө "хамар” Ганболд ч бас айдас хүйдэст умбан өөрийн мэдэлгүй андуурч эндүүрэн авлига өгснөө хүлээсэн шүү дээ.

Шударга бусын хонгилыг хүмүүс жигшин зэвүүцэж, энэ бузар хонгилыг барьж байгуулсан Элбэгээгийн арьс маханд нь шийтгэл оноох, тас цавчих, буудан хороох, эсвэл Монголоос хөөн зайлуулах ял төлөвлөөд байна. Түүнчлэн түүний байгуулсан шударга бусын хонгилд орсон хүмүүс хэн ч бай жинхэнэ шударга үнэний дуу хоолой, улс төрийн баатар, дараагийн УИХ-ын гишүүд болон мандан бадрах нь гарцаагүй ээ. 

Элбэгээ ганцаараа л хувьдаа ийм шударга бусын хонгилтой байх нь нээлттэй, чөлөөт нийгэмд шударга бус тул одоо түүний хонгилыг үзэн ядагсад үзэн ядалтаа тайлах өс хонзонгийн хонгил барих бүтээн байгуулалтын ажилд шуударчээ. Яг л өмнөх Ерөнхийлөгчийн зурсан зургаар дараагийн хонгилын схем шинэчлэгдэж, эзэн биеүд нь л өөрчлөгдөж байна. Ц.Элбэгдоржийг үзэн ядагсад тэрхүү хонгилоор мань Элбэгээг нэр холбогддог улстөрчид, хуульчид, пүүс компаниудтай нь ээлж дараалан оруулж, залхаан цээрлүүлэхээр болж байна. 

Ер нь иймэрхүү хонгилууд аль болох олон байвал Монгол Улсад маань авлигын хэргүүд цэгцэрч, улстөрчид цэвэршиж магадгүй тул улам олуулаа морилогтун. Жирийн иргэд сүүлийн 20 гаруй жилийн турш улстөрчдийн идэж уусан, цусалж шамшигдуулсан тухайтад тууштай бачимдан уурлаж байсны хэрэг одоо л гарч байх шиг. Дээдсүүд ч бас хэн илүү эрх мэдэлд очсон, хаана мөнгө төвлөрүүлж байгааг ажиглан хоорондоо өрсөлдөн бүлэрхэж, харилцан бие биенээ гогдон зуудаг байж. Харин тэд нэг хонгилоос нөгөө хонгилыг бүтээн байгуулж, үсдэлцэн чирэлцэж, хуульт ёсыг уландаа гишгэн тоглохдоо ард түмэн хонгилдсон хийгээд хонгилдуулсан бүхий л улстөрчдөд итгэх итгэлээ алдаж, улс орны эрх ашиг, хөгжил цэцэглэл, шударга ёс, сахилга хариуцлага гээч зүйлсийн тухай яриад ч нэмэргүй болсоор байгааг анзаарах завгүй боллоо. Улстөрчид хувь хувьдаа хэрхэн хонгил барьж, хэн нь хэнийгээ чирж оруулан чихдэж гаргахыг цаашид хэчнээн жил ард түмэн бид харж ахуй амьдралын бэрхшээлээ умартталаа бачууран суух бол?  

Б.Энхцэцэг


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!