ЗАР »
Өмч хувьчлалаар “баяжсан” үндэсний олгархууд
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсад 1992 оноос эхлүүлсэн өмч хувьчлалын үр дүнг өнөөг болтол хэн ч дүгнэж, алдаа оноог нь тооцолгүй явж ирсэн байна. Тийм учраас өмч хувьчлалын үр дүнг заавал судалж, дүгнэх ёстой” гэж үзэн ажлын хэсэг байгуулсан.
Тэгвэл цэнхэр ягаан
тасалбараар хагартлаа баяжсан хэсэг бүлэг нөхөд өнөөдөр монгголын толгой
баячуудыг өнгөлж яваа. Тэртээ 1990 оноос эхэлж айл бүр цэнхэр ягаан
тасалбарынхаа ид шидийг үзнэ гэж хөөрцөглөж байсан цаг мартагдаж эхэлжээ.
Тэгвэл эл тасалбарыг бизнес сэтгэлгээ нь эрт хөгжсөн хүмүүс ямар ид ид шидийн
аргаар гартаа оруулж баяжсаныг өгүүлье. Бидний аав ээжүүд цэнхэр ягаан
тасалбарынхаа ид шидийг ойлголгүй мөнгөтэй компанид өгч өөрсдөө ямар ч ашиг
хүртэлгүй өнөөдрийг хүрсэн түүхтэй.
Тэд одоо яригдаж буй цэнхэр ягаан тасалбар нь ийм хэмжээний хөрөнгө мөнгө болно
гэж огтхон ч зүүдлээгүй явсан нь өрөвдөлтэй. Эцэг эхийг нь минь мангартуулж
хэдэн саяар яригдах цэнхэр ягаан тасалбарыг нь авсан пүүс компанийн захирлууд
ханцуй дотроо наймаалцаж авалцаж, өгөлцөж байсныг одоо л ойлгон харуусаж
байгааг хэлэх нь зүйтэй. Тиймээс л энэхүү асуудлыг ЗГХЭГ-ын дарга дахин судалж
дүгнэх ёстой гэсэн нь зөв шийдвэр байв.
Уг нь цагтаа миний аав ээжтэй л адилхан үйлдвэрийн ажилтан байсан нөхөд том
том компанийн боссууд болж үнэтэй машин хөлөглөх болсон нь бидний нүдний өмнө
зурайж байгаа юм.
Эдгээр цэнхэр ягаан тасалбарыг авсан нөхдийг цухас дурдахад "УИХ” дэлгүүр,
"Баянгол ресторан”, "Талх чихэр”, "Говь” ХХК, "Улаанбаатар зочид буудал”, "Зоос
гоёл”, "Улаанбаатар хивс”, "Мах импекс”, "Дархан цементийн үйлдвэр”, "Сүү” ХК
гээд нэлээд олон нэрс хөвөрнө.
Уг нь 1990-1996 онд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр 18.5 тэрбум төгрөгийг бэлэн
мөнгөөр, харин 1.7 тэрбум төгрөгийг 21 тэрбум төгрөгийн ханштайгаар төр
өмчилсөн гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл төрийн мэдэлд 44 хувь нь байсан гэсэн
үг.
Үүнээс цэнхэр тасалбарыг нь их хувьчлал гэж нэрлэдэг байсан. Энэ цэнхэр
тасалбарыг олон хүн өөрийн болгох гэж үхэн хатан зүтгэж байв. Тухайлбал их
хувьчлал гэгдэх цэнхэр тасалбарыг 916 аж ахуйн нэгжийн 11.6 тэрбум төгрөгийн
хувьцаа буюу ногдол хувийг цэнхэр тасалбараар худалдаж 478 хувьцаат компани,
366 бүрэн бус хариуцлагтай компанийг шинээр үүсгэж 1.2 сая гаруй хүн хувь
нийлүүлэгч болж байжээ.
Харин үүн дотроос хувьчлагдаж болохгүй хөрөнгөөр "МИАТ”, "Улаанбаатар төмөр
зам” зэрэг газрыг хамруулсан байдаг. Түүнчлэн бага хувьчлал гэж нэрлэгдсэн
ягаан тасалбараар нийтийн хоол, үйлчилгээний газрууд, зарим орон сууцыг
худалдаж 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 3046 аж ахуйн нэгж хувьд шилжсэн аж.
Одоо хэл ам таталж буй үлдсэн цөөхөн төрийн мэдлийн компаниудыг эрх мэдэлтэнүүд
авах гэж улайрсны улмаас ашиггүй ажиллаж байна гэх үгийг өдөр шөнөгүй тоть шиг
давтах болсон нь цаанаа учиртай юм.
Үндсэндээ зах зээлд шилжсэн цагаас эхэлж дээр дурдсан компаниудыг дампууруулах
нь тэдний гол зорилго байсан. Ингэснээр өөрийн болгож авдаг шалгарсан аргатай
болцгоосон.
Иймэрхүү байдлаар өмч хувьчлал явагдаж хэдхэн баячуудыг төрүүлсэн гашуун
түүхтэй. Тэдгээрийн дотроос бидний өдөр тутмын хэрэгцээг бүрэн атгасан УИХ
дэлгүүр хамгийн дээгүүрт бичигддэг юм билээ. УИХ-ын дэлгүүрийн хувьчлалыг
"но-той” явагдсан гэдгийг албаны хүмүүс ч ярих юм билээ.
Товчхондоо эл дэлгүүрийн хувьчлал төрийн мэдлээс ямар аргаар гарч "Номин”-гоор
овоглогдох болсон А.Шагдарсүрэнгийн мэдэлд хэрхэн шилжсэн бэ гэвэл,
1992 оны долоодугаар сарын 11-нд "Номин-5” нэртэйгээр байгуулагдаж байсан тус
компани 1996 оны нэгдүгээр сарын 22-нд "Номин трейд” ХХК, 2002 оны тавдугаар
сарын 28-нд "Номин холдинг” ХХК болж өргөжжээ.
Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, санхүү, даатгалын чиглэлээр 12 охин
компанитай болж өргөжин өдгөө хамгийн том компанийн тоонд орох болжээ.
Харин УИХ дэлгүүрийг 1999 оны зургаадугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Засгийн
газраас "Улсын их дэлгүүр” хувьцаат компанийн нийт хувьцааг Монголын хөрөнгийн
бирж дээр хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн баталгаажуулсан цэнхэр тасалбар
болон бэлэн мөнгөөр арилжаалахыг Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Зоригтод
даалгасан” тогтоол гарч байсан юм билээ.
Ингээд нэгэнт тогтоол нь гарч хүчин төгөлдөр болсон учраас УИХ дэлгүүрийн
лангуунуудыг нэг сарын 2500 ам. доллараар түрээслэдэг болсон юм билээ.
Ямартай ч цэнхэр, ягаан тасалбараар үндэсний олигархи гэж нэрлэгдэх болсон
эрхмүүдийн түүх ийнхүү цааш зурайсна. Бид дараагийн дугаартаа дээр дурдагдсан
компаниудын тухай өгүүлэх болно.
Юутай ч У.Хүрэлсүхийн Засгийн газар 28 жилийн өмнө төрийн мэдлийн газрыг хэрхэн
ямар замаар хөрөнгөтнүүд хувьчилж авсан эсэхийг шалгах болно хэмээн мэдэгдсэн
нь сайшаалтай.. Тэр үед л дээрх газруудыг хэрхэн яаж гартаа оруулсан нь олон
нийтэд ил болно гэж найдая.
Р.Саруул
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!