“Изинис Эйрвэйз”-ийн нууц ноёнтон Б.Хурц МИАТ-ийг залгих уу
Тийм ээ, Б.Хурц нууц ноёнтон болчихсон уу. Үгүй гэж хэлэх хүн олдохгүй л болов уу. Ингэж хэлэхийн учир нь Засгийн газрын 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн хуралдаанаар БНСУ-д Элчин сайдаар суух Б.Ганболдыг чөлөөлж, Б.Хурцыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байсан ч нэр бүхий гишүүд элчин сайдад тохирох хүн биш хэмээн дуулиан тарьж эцэст нь нээлттэй сонсгол хийх саналыг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн ч түүний томилгоо аажимдаа замхарч тэрбээр ор мөргүй алга болсон юм.
Тиймээс Монголын улстөрчдийг бөлдөгдөөд байсан Б.Хурцыг өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-ын гишүүн Ж.Батзандан уучлалт гуйх ёстой гэсэн Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарч түүнийг эрэн сурвалжилсан ч оршин суугаа хаяг тодорхойгүй байна гэсэн хариуг хуулийнхан өгч байв. Тэгвэл хуулийнхны хайгаад олохгүй байсан эрхэм хааяадаа хилийн дээс алхан гарч ирээдүйд хийх бизнесийн ажлаа эртнээс төлөвлөж нисэхийн салбарт хүч үзэхээр сэтгэл шулуудсан тухайг МИАТ-ийн учир мэдэх хүмүүс ярьж байна.
Тухайлбал, Б.Хурц нэр бүхий 13 улстөрч, бизнесийнхэнтэй хамтран "ИЗИНИС ЭЙРВЭЙЗ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж МИАТ-ийн хувьчлалд орохоор зэхэж буй аж. Энэ эрхэмд агаарын салбар түүний мэргэжлээс тэс хөндлөн ч тэрбээр өнгөрсөн хугацаанд ТЕГ, АТГ-ын дарга хийж байхдаа улстөрчид болон бизнесийн бүлэглэлийн эздийг бөлдөгдөж тэднийг эрхшээлдээ оруулж "Цааш нь ярих уу яах уу” хэмээн даапаалж тэдний эмзэг цэгийг хатгаснаар уул уурхай, агаарын тээвэр гэсэн салбарт ноёрхох болсон нь нууц биш. Тэрбээр яагаад заавал "ИЗИНИС ЭЙРВЭЙЗ”-ийг сонгох болов гэдэг тохиолдлынх биш байлтай. Учир нь одоо тус компанийг бидний эчнээ танил Ч.Хоролсүрэн гэх эрхэм толгойлж байгаа.
Тодруулбал, 2013 онд МИАТ-ийг захирлууд нь улстөрчидтэй нийлж дампууруулан шинэ авиа компанийг гаргаж ирэх зорилготой байсан ч энэ нь бүтэлгүйтэж байсан түүхтэй билээ. Өөрөөр хэлбэл, "ИЗИНИС ЭЙРВЭЙЗ” ХХК-ийн захирал Ч.Хоролсүрэн нь МИАТ-ийг дампууруулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Тэрбээр МИАТ-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа "Дайны эрсдлийн даатгал” нэрээр МИАТ-ийн тийзийн үнэ дээр таван ам.доллар нэмж авч, түүнийгээ зохиомол даатгалын компани руу гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж байсан гэх хэрэгт холбогдож шүүхээс ял сонсч аавынд морилж байсан нэгэн.
Тэрбээр ердөө хоёрхон жил ял эдэлж эрүүл мэндийн шалтгааны улмаас хугацаанаасаа өмнө суллагдаж байв. Тэгвэл өөрт байсан эд хөрөнгөөрөө улсыг хохиролгүй болгосон гэдэг Ч.Хоролсүрэн яаж энэ компанийг өөд татав гэдэг сонирхолтой. Өөрөөр хэлбэл, Ч.Хоролсүрэн энэ компанийн захирал гэсэн халхавчийг зүүж ард нь эрх мэдэл бүхий Б.Хурц тэргүүтэй 13 нэр бүхий улстөрч бий гэдэг үнэнээс хол зөрөхгүй болов уу. Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлж Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ ам нээх бүртээ агаарын тээврийг либералчилна хэмээн ярьж байсан. Тэрбээр иргэдэд хямд үнээр зорчих боломж олгох, МИАТ-ийг өрсөлдөөнд оруулж, үргүй зардлыг багасгах зорилгоор либералчлал хийх хэрэгтэй гэж тайлбарлаж байсан юм.
Түүнийг ингэж ярьснаас хойш МИАТ-ийг хувьчлах тухай яриа хүчтэй яригдаж хаврын чуулганаар хүртэл оруулаад амжсан. Юутай ч МИАТ-ийг зохион байгуулалтайгаар дампууруулах зорилго өвөртөлсөн эрхмүүд нэг л өдөр МИАТ-ийн оронд "ИЗИНИС ЭЙРВЭЙЗ”-ийг "Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар”, "Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар” чиглэлд нислэг үйлдлээ гэхэд гайхах хэрэггүй болов уу. Учир нь ашиг олдог чиглэлийнхээ зорчигчийг буулгачихвал МИАТ дампуурч амьд орших эсэх нь эргэлзээтэй болж хүчээр МИАТ-ийн дампуурлыг эрх баригчид хийгээд лобби бүлгийнхэн баяртайгаар ард түмэнд зарлана гэсэн үг.
Уг нь Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого нь үндэсний агаарын тээвэрлэгчээ хөл дээр нь бат зогсоох зорилготой байсан. Харин энэ бодлогыг үгүй хийх санаачилгыг улстөрчид аль хэдийнэ хийгээд эхэлчихсэнийг бид хаврын чуулганаас харж байсан. Ямартай ч МИАТ-ийг хувьчлах асуудлыг ТӨБЗГ-аас 2018-2020 онд хувьчлах компаниудын тоонд багтаасан учраас энэхүү хувьчлал МАН-ын Засгийн газрын үед хийгдэнэ гэдгийг баттай хэлчихье. Товчхондоо 23 жил яригдаж, 13 Засгийн газрын нүүр үзсэн МИАТ-ийн хувьчлалын асуудал У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед хийгдэж Б.Хурц нарын 13 нэр бүхий улстөрч, бизнесийн бүлэглэлийн гарт очих нь.
Хамгийн гол нь 800 гаруй ажилтантай МИАТ компанийн хувь заяа хувьчлалын үр дүнд чухам хаашаа эргэх бол гэдэг нь өөрөө асуулт дагуулж байна.
Эх сурвалж: NIIGMIINTOLI.MN ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN |