Бялууны тэмцэлд баяртай гэж хэлье!
Төсвийн алдагдал их наядаар хэмжигдэж,төрийн албан хаагчид цалингаа авч чадахгүй хэмжээнд хүрч, эдийн засаг хүндрээд байгаагийн учиг шалтгаан нь өнгөрсөн хорин хэдэн жил төрийн эрхийг ээлжлэн бас хамтран барьж ирсэн АН,МАН-тай холбоотой. Тиймээс ч одоо хаа хаанаа улстөржилтөө умартан эдийн засгаа, иргэдээ хямралаас гаргахын тулд оюун ухаанаа уралдуулдаг цаг баймаар. Гэтэл нөгөөх хоёр том нам нь нэг нь эрх мэдэлд хүрчихээд бялуу хуваарилалтын асуудал дээр цаг уяж харагдах бол нөгөө нь дотоод эв нэгдлээ үл тоодог жишгээрээ ҮЗХ-аа хойшлуулсаар байна.
Тэгж байх зуур эдийн засаг улам хүндэрч, юун нөгөө хүүхдийн мөнгө манатай юм цаана чинь болж байна. Хэдэн сайдын нэрийг УЗ-өөр хэдэнтээ хэлэлцэж байх хугацаанд хэдэн өрх айл цалин цавуугаа хүлээн, талх тариагүй суугаа бол. Ингэж бодож үзсэн үү гэж эрх мэдэлтнүүдээс асуумаар байгаа юм. Эрхбиш тэгээд өнөөдөр засаг нь бүтэн болох биз ээ. Хариуцсан салбарууд дээрээ хүмүүс нь ирээд, эрх баригчид хий хоосон улстөржихгүйгээр урдахаа харж,асуудалдаа төвлөрч,ажлаа хийх болов уу л гэсэн хүлээлт байгаа учраас ийн хэлж бичээд байгаа хэрэг л дээ.
Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөлөөс дөрвөн сайдад нэр дэвшигчдээ тодорхой болгож, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж, нэр дэвшигчдийг дэмжсэн. Эрүүл мэндийн сайдад АӨСҮТ-ийн дарга А.Цогцэцэг, Эрчим хүчний сайдад ЭБЭХ-ний дэд сайд асан Т.Энхтайван,Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Барилга, хот байгуулалтын сайдад хотын дарга асан Г.Мөнхбаяр нарыг нэр дэвшүүлсэн юм. Тэгэхээр яг долоо хоногийн өмнө үүр цүүр болтол хуралдаж 11 сайдыг баталсан УИХ өнөөдөр үлдсэн 4 сайдыг батлах ёстой юм. Гол нь тэгээд хаа хаанаа хүнд байдалтай байгаад анхаарал хандууж, бялууны тэмцлээсээ ангижрах нь зөв биз ээ.
Эх сурвалж: Шуурхай.мн