ЗҮҮН ҮЗЭМЧИН ХОШУУНЫ "ЖААХАН НОЁН" ДУНДГОВЬД АЖ ТӨРЖ БАЙНА /Уншигчдын хүсэлтээр/

🕔 2019/02/10 20:49
ЗҮҮН ҮЗЭМЧИН ХОШУУНЫ--------------------------------------------------
                                                ЖААХАН НОЁН
            --------------------------   --------------------ДУНДГОВЬД  АЖ ТӨРЖ БАЙНА
           
Энэ хүний тухай "Нэр төр, эрхэмсэг амьдрал” ТББ-ын тэргүүн Дамдинсүрэнгийн Наранцогтоос анх сонсч сураглан уулзсан ч тухтайхан ярилцаж завдалгүй өнөө хүрсэн юм. Энэ хүн бол Өвөр Монголын Зүүн Үзэмчин  хошууны 14 дүгээр үеийн ноён, Эрдэнэ бэйл жүн ван  Минжүүрдоржийн хүү Содномдовжой \Халх аялгаар Содномдорж\ юм. Эрдэнэ бэйл Гомбосүрэнгийн Минжүүрдорж тодорхой шалтгаанаар цол хэргэмээ хураалгасны учир 16 дугаар жарны хар морин жил буюу 1942 онд түүний хүү  М.Содномдовжойг тэргүүн зэргийн тайж, жүн ванд өргөмжлөн Зүүн Үзэмчин хошууны засаг ноёны суудалд залсан тухай Чулуунбатын Шуушингаагийн бичсэн "Хорьдугаар зуун дахь Үзэмчиний нүүдэл суудал” номын 11 дэх хуудсанд бичсэн бий.  Үзэмчин түмний хувьд Содномдорж гэж нэрийг нь хэлдэггүй, ”Жаахан ноён” гэж нэрлэсэн нь одоо ч уламжлагдсаар авай. Ингээд Дундговь аймгийн төвд, "Ган-Илч” компаний төв офесийн сахиул, нутгийн олноо "Амбаа” хэмээн авгайлагдсан Минжүүрдоржийн Содномдорж \Доржийн Гунгааравдан нэрийн талаар хойно тайлбарлана\ гуайтай ярилцсанаа толилуулж байна.
-За таны бага нас, үүх түүхээс яриагаа эхлэх үү?
-Миний эцэг Минжүүрдорж бол Зүүн үзэмчин хошууны хүн. Харин ээж маань Авга хошууных. Балданбамуу хатан \Иргэд Баамуу хатан хэмээн авгайлдаг\ гэж ээж минь дөлгөөн, эелдэг даруу, найрсаг, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн байсныг дээр үеийн хүмүүс ярьдаг, ном зохиолд ч бичсэн бий. Ээж маань ноёны төрт ёс үйлдэж авсан тамгын хатан байж. "Тамгын хатан” гэдэг нь ноёны албан хэргээ явуулахад тамганы хайрцгийг нээн дэргэд нь залдаг журамтай юм даа. Миний төрсөн оныг 1935 оноор Үзэмчиний түүхийн номонд бичсэн бий. Харин миний одоогийн албан ёсны бүртгэлд 1938 оны наймдугаар сарын 20 гэж орсон. Аль нь зөв гэж үзэхийг би нэг их хөөцөлдөөгүй. Нэг ийм зөрүү яваад л байгаа. Намайг багад эцэг маань  ээжээс салсан нь төрийн ёс жаяг зөрчсөн үйлдэл болж Баруун Үзэмчин хошуунд цөлөгдсөн. Энэ хойгуур аавын холын хамаатан Довдон хошууны ажлыг залж чиглүүлж байсан юм билээ.    Аавыг маань төрийн ёс үйлдэн авсан авааль эхнэрээсээ салсан гэсэн шалтгаанаар хэргэм зэргийг хурааж  1942 онд хошуу ноёны суудалд хүү намайг залсан юм.  Зургаа долоохон настай намайг харъяат ардууд "Жаахан ноён” гэж нэрлэсэн нь одоо ч үзэмчинүүдийн дунд уламжлагдаад үлдчихсэн. Олонхи нь миний нэрийг нэг их мэдэхгүй "Жаахан ноён” л гэлцдэг юм билээ. "Би хятад сургуульд сууж бичиг ном үзэж эхэлсэн ч томцуул "Хэдий хүүхэд ч гэлээ ноён хүн  хамаагүй тоглож, гүйж харайж болохгүй” гэж хориглодог байлаа. Хүүхэд л юм хойно ангидаа очоод хүүхдүүдтэй тоглож наадаж барилдаж уралдаж явдаг байлаа. Миний ангийхан  одоо уулзахаараа "Багадаа чамд мөн ч олон удаа худлаа унадаг байлаа. Барилдвал ноёныг унагаж болохгүй гэж томцуул хорьдог болохоор хичнээн бяр тэнхээ давуу ч худлаа барилддаг байлаа” гэж хуучлан хөхрөлддөг юм.
Миний аав хэргэм зэрэг, албан тушаалаа хураалгасан ч олон түмний дунд асар их нэр хүндтэй, "Дорж ноён” гээд юү хэлнэв, тэр бүхнийг нутгийн иргэд дагадаг байсан юм билээ.
-Үзэмчин ястны хувьд та түүхийг нь сонсч дуулсан байж таарнаа даа?
- Үзэмчин ястнууд Чингисийн эзэнт гүрний үед Алтайн уулсаар нутаглаж байж гэлцдэг. Тэр нутагт Үзэмийн уул гэж байсан тухай ч таамаглал тааралддаг. Бодвол үзэмтэй адил төстэй жимс ургадаг ч газар юм уу. Энд нутагладаг хүмүүсийг  Үзэмчин гэж нэрлэсэн  байх нь. Ингээд тэднийг Батмөнх даян хааны үед өмнийн говь руу нүүлгэн одоогийн Өвөр Монголын Үзэмчин хошууны нутагт суурьшсан бололтой. Аливаа засаглалыг Чингисийн алтан ургийн хүн үе залгамжлан засаглаж байсны нэг нь манай хошууны 14 дэх үеийн ноён нь миний аав гэхээр намайг 15 дахь үеийн ноён гэж өргөмжилсөн хэрэг. Ер нь Үзэмчиний түүх, гарал үүсэл судладаг хүмүүс байдаг юм билээ. Бичсэн номыг нь л хааяа харж суух юм. Тэндээс харахад 1640-өөд онд Манжийн захиргаа Үзэмчнийг Баруун гарын, Зүүн гарын гэж хуваасан нь өнөөгийн Баруун үзэмчин хошуу, Зүүн үзэмчин хошуу байна.  Зүүн үзэмчин дахин хуваагдсан нь миний эцгийн Монгол руу хэсэг харьяат ардын хамт нүүсэн явдалтай холбогддог.
-Тэгэхлээр Та бол Чингисийн алтан ургийн хүн, угсаа залгамжилсан ноён хүн юм байна шүү?
-Зүүн Үзэмчин хошууны сүүлчийн ноён гэж миний нэр түүхэнд орчихсон.   Манай үзэмчиний түүхийн ном, зохиолд ч намайг "Чингисийн алтан ургийн сүүлчийн ноён” гэж судлаачид бичсэн байдаг. Миний өвөг эцэг Гомбосүрэнд олгосон ДАРХАН ВАН цол хэргэмийг гурван үе  дамжин залгамжилж хэрэглэхийг зөвшөөрсөн тухай тэнд бий. Миний эцгийн хэргэм ч ДАРХАН ВАН байсан.
-Тэгвэл Та ч бас Дархан ван хэргэмтэй хүн байна шүү.
-Номонд бичсэнээр тийм л байгаа юм.  Миний аав Минжүүрдоржид 1952 онд ангич үүднээс хандан зохиомол хэрэг үүсгэж шоронд хорьсноос тэнд архаг хууч өвчтэй болсон нь сүүлд сэдэрч 1956 онд түүний улмаас насан эцэслэсэн.   Харин 2001 онд манай аавыг цагаатгасан Улсын дээд шүүхийн тогтоол гарсаан.
Зохиогчоос: "Чингисийн алтан ургийн хэлхээ, Зүүн Үзэмчин хошууны Засаг вангийн гал голомтыг сахисан Алтансүйх авгай 1956 онд хүүгээ суллагдаад ирэхэд угтан авчээ. Минжүүрдоржийн төрсөн эх Алтансүйх бага залуудаа Үзэмчин зүүн гарын хошууны Засаг вангийн хатан болж эх эцэг, элгэн садан, нутаг усаа санахын зовлон, эрх мэдэлтэй дутагдаж гачигдахын зовлон үзээгүй, сайн сайхан амьдрал, гучин хэдэн насандаа бэлэвсэрч ганцаардахын зовлон, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө, арван хэдэн үе дамжсан алтан ургийн гал голомтыг мөхөөхгүйн төлөөх тэмцэл, хувьсгалт хуулийн хатуурхал, ач үрс нь бутран сарниж, айл гэр доройтохын зүдүүрийг туулан жар гаран насалжээ”  \Ч.Шуушингаа. "20-р зууны зуун дахь Үзэмчиний нүүдэл, суудал” 227 дахь тал\
-Үзэмчиний тэр тахидаг сүлд сүүлчийн ноёны хувьд танд хадгалагдаж байх ёстой байх нь ээ?
- Манайд хадгалж байсан Хошуу Сүлдийг 1954 онд хамгийн сүүлд Хэрлэнбаян суманд нууцаар тахисан. Түүнээс хойш хэсэг хүн ирж Хошуу сүлдийг маань Дотоод яам нь ч юмуу, Шинжлэх ухааны академи ч юмуу авч явсан юм билээ. Одоо Үзэмчинд "Алтан дөрөө” сүлдээ сэргээн хийгээд тахиж байгаа. "Алтан дөрөө” гэж Үзэмчиний том наадам Дорнод аймгийн Сэргэлэн суманд болдог. Би аль алинд нь уригдан оролцсоон. Сүлдний тахилга их л нарийн дэг жаягтай зан үйл байсан юм билээ. Ер нь Чингис хаан Зүүн Үзэмчинд дөрөөгөө үлдээснээс морьд нь хурдан , Баруун Үзэмчинд зодогоо үлдээснээс  бөх сайтай гэсэн домог яриа бий. Тэгээд тэр домгоос үндэслэн  "Алтан дөрөө” сүлдтэй болж тахидаг болсон хэрэг.
 
-Та өөрийн Монголд нүүж ирэн суурьшсан тухай  дэлгэрүүлж ярих уу?
-Манай эцэг  Ар Монголыг ихэд сонирхож байсан юм билээ.  Тэгээд ч цөллөгөөс ирснийхээ дараа Амьтны Амгалан, Сэнгээ гэж хоёр хиагаа дагуулан Монголд очин  тэр үеийн удирдагч Хорлоогийн Чойбалсантай уулзан Японы түрэмгийлэгчдэд эзлэгдэхээс өрсөн Зүүн Үзэмчин хошууны харъяат ардуудын хамт Монгол нутагт нүүж ирэн суурьших хүсэлтэйгээ илэрхийлсэн юм билээ. Чойбалсан  их найрсаг хүлээн авч "Үнэхээр нүүж ирэх юм бол тусад нь засаг захиргааны нэгж болгон даргаар  өөрийг нь тавих” талаар ч амласан юмдаг уу.  Аавыг эгэн ирсний дараа манай хошууны уулын тахилга болсон. Уулын тахилга руу  нэгэнт отго жинс, хэргэм зэрэг авсан ноёны хувьд намайг ч авч явсан.  Нэг морин дээр сүлдээ байрлуулж хөтлөөд явсны араас намайг морь унуулаад бас хөтөлж явна. Ноёны араас   тахилгад оролцох ардууд тэгээд л явна шүү дээ. Замд миний эмээлийн буруу талын дөрөөний сэнж хугарч унасан. Тухайн үед ердийн тохиол байсан ч томцуул сүүлд нь "Жаахан ноён”-ны дөрөөн сэнж хугарсан нь дайн дажин болохын дохио байжээ гэж их сэжиглэцгээсэн гэдэг юм. 1945 оны чөлөөлөх дайн эхэлж Зөвлөлт, Монголын арми яг манай хошууг дайран давшсан юм билээ. Чөлөөлөх дайн боловч нутгийн ард дайны хөлд нэрвэгдэн адгуулж байсан мал сүргээсээ хагацаж, олон  хүн амь үрэгдэн гашуун зовлон амссан.  Миний сурч байсан сургуулийн багшийг ангид нь буудаад л хөнөөсөн гэсэн. Тэгээд юун уул овоогоо тахихтай мантай дүрвэн манай  эцэг  тэргүүтэй ардын хамт бид Хан ууланд арваад хоног бүгсэн. Нэг япон цэрэг амь зулбасан л хэрэг байх, манайхныг бараадан бүгэж явснаа өөрийгөө буудаад хөнөөчихсөн. Манайхан хоол ундгүйдэж аянчин жинчнээс үхэр авч төхөөрөн  хээрийн галд шаран хооллож байсан даа.
Дайны хөл намжсан хойно эцэг маань хошууны хэсэг ардыг аван Ар Монгол руу гарахаар хөдлөсөн ч нэг хэсэг ардууд биднийг хориглон бүсэлж "Ноёноо явуулахгүй” гэж нэлээд юм болсон гэдэг. Гэвч манай эцэг зорисон хэргийнхээ төлөө эргэлтгүй зүтгэж буун дуу гарган бүслэлтээс гарснаар дагах ардууд мал сүрэгтэйгээ Монголын хил рүү хөдөлсөн. Нүүдлийн замд эрсдэл их ч гарсан л байлгүй. Харин Монголд орж ирэхэд нутгийн ардууд их найрсаг угтсан. Тухайн үеийн төр засаг ч эерэг хандан Хэрлэнбаян сумыг байгуулан манайхныг суурьшуулсан даа. Ном зохиолд бичсэнээр 457 өрхийн 2000 гаруй хүн 40 мянга орчим малтайгаа нүүн ирж суурьшсан. Ингэснээр Үзэмчиний өмнө нь хоёр хуваагдсан байсан дээр манай эцгийн үйлдлээр дахин нэг хуваагдал нэмэгдэж Баруун, Зүүн, бас Ар Монгол дахь гээд гурван хэсэг оршиж байна даа. 
Зохиогч:  Содномдоржийн эцгийн өргөдлөөс энд иш татав.
"Дотоод Монголын Зүүн үзэмчин хошууны харъяат ард бөгөөд Дархан ван Минжүүрдоржоос БНМАУ-ын Засгийн газарт хувийн өргөдөл бичих нь” гэсэн өргөдөлд "Эдүгээ миний зорилго бол БНМАУ-ын харьяат болохыг чин зүрхнээс хүсмой. Би тус улсын харьяат болохдоон, түүний Үндсэн хууль, улсын нийгмийн ёсонд тохируулан, олон жил үе улирсан хэргэм цол, тушаалыг хэвээр байхыг хүсэхгүй. Монголын хөдөлмөрчин ардын нэгэн адил эрх чөлөөтэй, жаргалант амьдралтай болохыг хүсмой. Үүний зэрэгцээ вээр өөрийн үр хүүхэд    Содномдовжоо 12 настай, охин Өлзийхутаг 11 настай, хүү Чочров 9 настай энэ төрийн төлөө гуйвалтгүй зүтгэгч нар болохыг хүсч ардын нэгэн адил эрх үүрэгтэй, эрдэм оюунтай болохыг хүсмой.”
-Засаг захиргааны нэгж гэхээр нэг сум болжээ дээ?
-Чойбалсан аймгийн Хэрлэнбаян сум байгуулж даргаар нь манай эцгийг Чойбалсантай уулзахад хамт явсан хиа Амьтаны Амгаланг сумын даргаар тавьсан. Амгалан бол  бичиг үсэггүй, гэхдээ их сэргэлэн, сүрхий цээжтэй, сайхан ярьдаг хүн байсан. Манай эцгийг  феодол гээд дарга болгоогүй хэрэг байх. Эцэг маань жирийн ард болж 1956 онд элэгний өвчнөөр нас барсандаа.
-Таны амьдрал ч тэс өөрөөр эргэнэ биз дээ. "Жаахан ноён” гээд хүндлэгдэж байсан хүн чинь?
 -Миний хувьд Чойбалсан аймгийн төвийн 10 жилийн сургуульд сурч наймдугаар анги төгсөөд хориод нас хүртлээ сумынхаа "Хөдөлмөр” нэгдлийн туслах үйлдвэрлэлд  аар саар ажил хийж 1961 оны зургадугаар сарын нэгэнд  Баянтүмэний Төмөр замд  замчнаар орсон.   Анх Монголд ирсний дараа "Ноёны хүүхэд, Ноён” "Өвөр Монголынх” гээд сургуульд авахгүй, энэ тэр асуудал байсан ч сүүлдээ тэр яриа намжиж сүүлдээ больсоон. Хоёр жил замчнаар ажиллаад Төмөрзамын техникумд зургаан сар сууж Хүнд машин механизмын жолооч болсон. Тэгээд Баянтүмэний Төмөр замынхаа карерт экскваторын жолоочоор 1999 онд тэтгэвэрт гартлаа ажилласаан. Хөдөлмөрийн хүндэт медаль, "Хүндэт төмөр замчин” цол, тэмдгээр шагнагдсан. Байгууллагынхаа хөдөлмөрийн аваргаар лав л арван удаа шалгарсан.  "Хүндэт төмөр замчин” хүн жилдээ нэг удаа дотоодын галт тэргээр үнэгүй зорчих эрхтэй. Улаанбаатараас Замын-Үүд орноо гэвэл үнэмлэхээ, нэр өөрчилсөн тухай бичигтэйгээ үзүүлээд үнэгүй зорччихно. Нэр төртэй ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан шүү.
-Дорнод аймгийн хүн Дундговьд аж төрөх болсон тухайд?
- Хүний хувь тавилан юм даа. Манай хүүхдүүд Баянжаргалан сумын Хөөтийн уурхайг ажиллуулах юм болоод мэргэжлийн хүний хувьд надаар эксковатор бариулна гээд нааш ирсэн. Тэгээд тэр уурхай нь ч ажиллаагүй. Энэ Осорын Ганбатын эхнэр Адьяагийн ээжтэй би ханилж байсан.  Тэр хань маань надтай арав гаруй жил амьдраад элэгний өвчнөөр нас барсан юм.  Адъяагийн дүү Пүрэвтогтохтой би Төмөр замд хамт ажиллаж байсан. Тэгээд л энэ "Ган-Илч” компанидаа намайг ажиллуулсан. Тэгээд л тэд өөрийн аав ээж шиг намайг хүндэтгээд, хайрлаж халамжлаад  л ингээд аар саар ажил хийлгээд тав арван төгрөг өгөөд ажиллуулж байдаг. Саяхан нэг хурал дээр тэтгэврийн хүмүүсийг чөлөөлж залуучуудыг ажиллуулах тухай яригдсан. "Энэ удаа Амбаагаа үлдээнээ. Ажиллаж бай” гэсэн шүү. Энэ нутагт ирээд амьдрал зохиогоод энэ хүүхдүүд, ханийн буянд сайхан амьдарч байнаа. Манай хөгшнийг Өлзийбаяр гээд Хоёрдугаар сургуулийн багш байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо ч Дундговьд танил олон болж, бүгд л "Амбаа” гээд инээж хөхрөөд, хууч хөөрөөд сайхан байдаг юм.
-Таны нэрийг  хоёр өөрөөр яриад байнаа даа?
-Миний анхны нэр Гунгааравдан л даа. Эцгийг маань "Дорж ноён” гэдэг байсан болохоор Доржийн Гунгааравдан нэрээр сургууль, ажил албаны нэр нэг хэсэг явсан. Намайг хошуу ноёны суудалд залахад Содномдовжой \Содномдорж\ нэрийг өгсөн. Сүүлд аавыг цагаатгасны дараа хэлмэгдэгсдийн үр хүүхдэд тэтгэмж олгох болохоор 1947 оны хүн амын бүртгэлийг баримтлах шаардлага гарсан. Ингээд хууль номын дагуу өргөдөл гарган Минжүүрдоржийн Содномдорж нэрээ сэргээн өөрчилж  иргэний бичиг баримт энэ овог нэрээрээ болсон юм. Ийм л учиртай.
-Төрсөн нутаг орон, тэнд үлдсэн төрөл садантайгаа ямар холбоотой байна даа?
-1945-1990 онд ямар ч холбоо байсангүй шүү дээ. Харилцаа гайгүй байхад ч холбоо байгаагүй, жараад оноос өмнөд хөрштэй харилцаа эвгүйцсэн болохоор бүр ч байхгүй. 1990 оноос хойш хэд хэд явлаа.  Анх 1990 онд Дорнодоос Улаанбаатарт ирээд вагоноор Эрээн орж азаар Монголоос кино хийх ажлаар яваа хүмүүс таарч тэдэнтэй Авга хошуу орсон. Очоод хүн амьтан танихгүй, буудалд хоёр ч хонож билээ. Анх учир мэдэхгүй цөөн юаньтай явсан. Буудалд ус уугаад авч явсан бэлэгнээсээ идээд л сууж байтал Цагдаад ажилладаг Нямаа гэж хүн "Ар Монголоос нэг хүн ирэх ёстой, би хүргэж өгөх юм” гэж сураглаж уулзаад намайг авч яваад ээжтэй маань уулзуулсан. 45 жил уулзаагүй ээжтэйгээ тэгэж уулзсан даа. Сүүлд 1995 оны 4 дүгээр сард  ээжийгээ нас барахад явсан. Эрээн дээр  "Гунгааравдан” гэсэн үгтэй улаан тууз зүүсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн намайг угтан аваад явж байсан. Намайг Ганбаатар Эрээнд хүргээд ирсэн хүмүүстэй уулзуулж өгөөд буцсан. Ээж маань 95-96 хүрээд бурхны оронд явсан даа. Ээжийгээ Утайд залсан. Авга хошуунаас ээжийн чандрыг аваад ирсэн хүмүүс, Үзэмчнээс ирсэн хүмүүстэй Сөнөдөд уулзаад хоёр машинтай шөнөжин давхиж Утайд өглөөний 10 цагт очиж уулын энгэрт ээжийнхээ чандрыг залсан. Их хол газар байна лээ.  Тэгээд ээжийнхээ оршуулгад  оролцсон хүмүүст  би өөрийн зүгээс хүндэтгэл үзүүлж тэндхийн хоолны гэрт  дайлсан. Дайллаганы дараа Авга хошууныхан тэндээс буцаж Үзэмчинээс ирсэн хүмүүс ”Ноёноо нутгаар нь оруулна” гээд намайг аваад явж байлаа.  Бас сүүлд Авга хошуунд дүүгийндээ очиж байлаа. Үзэмчиний  сүлдний тахилга, "Алтан дөрөө” наадамд ч оролцож байлаа. Энэ 12 дугаар сард манай дүүгийн хүү Авга хошуунаас нэг хүргэнтэйгээ над дээр ирнэ гээд байгаа. Монголд хэд хоноод юм үзэж хараад надтай уулзаад буцна биз дээ.
Зохиогчоос: Чингисийн алтан ургийн хүн, Зүүн Үзэмчиний сүүлчийн ноён, үзэмчин түмнийхээ дунд "Жаахан ноён” хэмээн авгайлагдсан, Минжүүрдоржийн Содномдорж \Амбаа\ гуайтай  хөөрөлдсөнөө уншигч нартайгаа хуваалцахад ийм буюу. Чингисийн алтан ургийн хүн, Өвөр Монголын Зүүн Үзэмчин хошууны сүүлчийн ноён, Дархан ван Содномдорж ийнхүү Мандалговьд, та бидний дунд хэнд ч анзаарагдахгүй даруухан аж төрж байна. Үзэмчиний хошуу сүлд, алтан дөрөөний учир, түүнийг тахиж тайх ёс жаяг, зан үйлийг ном зохиолд олонтоо бичсэн байх тул энд дэлгэрүүлсэнгүй. Таалан болгоох болтугай.
                                                                                                С.ПҮРЭВСҮРЭН
Энэхүү нийтлэлээс жилийн дараа болсон  ёслолын үеийн зургийг  нийтэлсэн болно.

 
 

ЗҮҮН ҮЗЭМЧИН ХОШУУНЫ "ЖААХАН НОЁН" ДУНДГОВЬД АЖ ТӨРЖ БАЙНА /Уншигчдын хүсэлтээр/

ЗҮҮН ҮЗЭМЧИН ХОШУУНЫ "ЖААХАН НОЁН" ДУНДГОВЬД АЖ ТӨРЖ БАЙНА /Уншигчдын хүсэлтээр/

 

ЗҮҮН ҮЗЭМЧИН ХОШУУНЫ "ЖААХАН НОЁН" ДУНДГОВЬД АЖ ТӨРЖ БАЙНА /Уншигчдын хүсэлтээр/

 

ЗҮҮН ҮЗЭМЧИН ХОШУУНЫ "ЖААХАН НОЁН" ДУНДГОВЬД АЖ ТӨРЖ БАЙНА /Уншигчдын хүсэлтээр/

 

ЗҮҮН ҮЗЭМЧИН ХОШУУНЫ "ЖААХАН НОЁН" ДУНДГОВЬД АЖ ТӨРЖ БАЙНА /Уншигчдын хүсэлтээр/

 

ЗҮҮН ҮЗЭМЧИН ХОШУУНЫ "ЖААХАН НОЁН" ДУНДГОВЬД АЖ ТӨРЖ БАЙНА /Уншигчдын хүсэлтээр/

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!