"ГАЗАРТ БУУСАН ТЭНГЭРИЙН ЦАГААН ДАГИНА"-ЫН ТУХАЙ VTV ТЕЛЕВИЗ "МИНИЙ САЙХАН ЭЭЖ" НЭВТРҮҮЛЭГ ЦАЦЛАА

🕔 2019/01/01 21:48
Нэг. Мөрөөдөлдөө хүрсэн Мөнххааны охин
Нугасны дэгдээхэй арвуулаа байлаа
Нуугдаж ниссээр нутаг буцлаа
Нутгийн чамдаа хайртай байлаа
Нууцхан бодсоор хадамд гаргалаа...
Жараад онд ийм нэгэн дууг бараг л хүн бүхэн
амандаа аялдаг байлаа. Ямархан хүний үр хэзээ, хэнд зориулан зохиосон юм бол доо хөөрхий хэмээн шүүрс алдам яруу үг, уянгалаг аялгуутайсан.
1963 онд Сүхбаатар аймгийн Хонгор сумын долоон жилийн сургууль төгссөн Гүндэгмаа охин Цэцэрлэгийн багшийн сургуулийн хуваарь авчээ. Уул нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын хүн, Улаан-Яст хэмээх газар Жанцангийн гуравдугаар охин болон төржээ. Даншиг наадмын аварга Буянтоо аваргын зээ охин. Удам сайтай нягт нямбай айлын, ажилтай гэхэд дэндүү ажилтай, зүс царай нь дэнлүү мэт гэрэлтэй, гишгэсэн мөр дээр нь цэцэг дэлбээлэм үзэсгэлэн гоо охин Улаанбаатарыг зорьсон аж.
Оюутан цагийн хөгжил хөөртэй шуугиант он жилүүдийн багшлах дадлага, зуны ажил, намрын ургац хаана ч явсан Гүндэгмаа бүхний манлайд гялалзана. Тэр ер бусын сайхан бичигтэй болохоор сургуулийн хамаг л чухал бичиг баримт дээр дайчлагдана. Ханхэнтий уулын аймгийн Мөнххан уулын хошууныхан хэзээнээс уран гоё бичигтнүүдээрээ алдартай байжээ. Дээр цагт зэргэлдээ хошууны нэг их уран бичгийн түшмэлийн шарилыг хөндөн, гарыг нь нутагтаа залж тайж тахиснаас хойш тийн жинхэнэ бичээч олон төрөх болсон гэх домог түүхтэй хошуу нутгийн хүн юм хойно арга байж уу.
Нэгэн намар "өндөр ургацын” дайчилгаан дээр ажиллаж байхад нь төвийн сонины сурвалжлагч залуу Цэцэрлэгийн багшийн сургуулийнхныг зорин очжээ. Мэдээж сайн ажиллаж байгааг нь шилж сурвалжлахаар ирсэн, тэдний нэг нь Гүндэгмаа байх нь дамжиггүй. Сурвалжлагч залуу буцсаар удалгүй захидал ирүүлэв. Ангийн охид шуугилдан дугтуйг задалбаас дээр өгүүлсэн дууны үг гарсан байна.
Ангирын дэгдээхэй арвуулаа байлаа
Алслан ниссээр нутаг буцлаа
Амраг чамдаа хайртай байлаа
Андуу бодсоор хадамд гаргалаа... хэмээн чухамхүү Гүндэгмаа бүсгүйд зориулан бичиж ирүүлжээ.
Тийм ээ, Гүндэгмааг нутагт нь яах аргагүй сэтгэлтэй хүн нь хүлээж байсан юм. Халзан сумын Дугаржав гэх өөрөөс нь хэд ах хархүү цэргийн алба хааж ирээд "Чамайг хүлээнэ ээ” гэсэн. Өөр олон таван үггүй ердөө л ингэж хэлсэн аж. Хүлээнэ, хүлээлгэнэ гэдэг угтаа хүний мөс чанарын шалгуур, Дугаржав, Гүндэгмаа хоёр шиг чин халуун зүрх сэтгэлтэй хүмүүсийн амьдралд л сая биеллээ олдог сорилт ажгуу. Гүндэгмаа:
-Төд удалгүү нөгөөх шүлэг маань дуу болчихсон радиогоор хангинадаг боллоо. Би баахан ичингүйрч харин өвгөн маань их л бахдалтай сонсдогсон хэмээн өгүүлнэм. Гүндэгмаа ийн монгол түмнийхээ сэтгэлээ гэгэлзүүлэн дуулах дуртай нэгэн сайхан дууг орчлонд төрүүлэх учиртай хүний охин үр ажгуу.
Гүндэгмаа 1967 онд сургуулиа дүүргэж нийслэлийн наймдугаар цэцэрлэгт багшаар очиж Улаанбаатарт Дугаржавынх гэдэг айл төвхнөсөн байна. Хань нь Ардын армид жолооч, гэр бүлийн хоёрын нэг нь цэцэрлэгийн, нөгөө нь цэрэг армийн цаг наргүй ажилд зүтгэнэ. Зулай зулайгаа гишгэн дөрвөн хөөрхөн охин, дөрвөн сайхан хүү мэндлэн том нь багыгаа хөтлөн хүн болцгоов. Гэлээ гээд тэдэнд амьдралд түүртэх юм даан ч байгаагүй, Гүндэгмаа бүсгүйд үйл үртэс мэтгэх, хоол унд хийх, гэр орноо авч явах, хань ижлээ халамжлах, өтгөс буурлаа өргөх, үр хүүхдээ өсгөх, ажил амьдралаа өнгөтэй өөдтэй авч явах ур ухаан бүрэн тэгш заяасан нэгэн буюу.
Тэр үед хадам аав нь өндийх тэнхэлгүй болж хүний гарт ороход Гүндэгмаа арчилж тойлон, гэрийнхээ бүслүүрт баруунаас зүүн хаяаг хүртэл өнгө өнгийн зөөлөн алчуур угаагаад хавчуулчихна. Цаг тутамд аавыгаа хуурайлна, угааж арчина, хооллож ундална, яг л нялх нялзрай амьтан арчлах мэт, хадам эхийгээ ч гар хүргэхгүй өдөр шөнөгүй өөрөө л өргөнө. Тийм дор орсон хүнийг тэгж сайхан асарч болдгийг харсан ах дүү, айлынхан нь бүү хэл эмч нар хүртэл дуу алддаг байсан гэдэг.
Өөрийнх нь аав Жанцан Гандантэгчинлэн хийдийн Гунгаачойлон дацангийн жорвон лам байв. Дугаржав хүргэнийхээ хаяанд жижигхэн дөрвөн ханатаа шийрлэн суух хувраг гэр орондоо ном талбин, зул хүж болоод байх амаргүй цаг үе хэдий ч хүргэн, хүүхэн хоёртойгоо санасан бүхнээ болгож бүтээсээр иржээ. Багачууд нь хар нялхаасаа өвгөн аавын маань мэгзмийг өвлөн гэртээ чангахан дуугаар, гадаа бол сэмхэн шивнэн гүйлдэнэ. Өдөрт өргөх зулын тоо талийж өгнө, аргагүй шүү дээ, цагийн аясыг дээлийн товчин чинээхэн цөгцөнд цутгасан зулаар аргадна, бараг эргээд харах хооронд жаргана. Дахиад л өргөнө.
Хүргэн хүү улаан номертой хар тэргээрээ өвгөд хөгшдийг ганц нэгээр нь зөөнө. Нэг зиндааны лам нар хурал номондоо цуглаж байгаа нь тэр. Сайдын машин болохоор хүн нэг их анзаарахгүй, хүн харахад Дугаржавын хүүхдүүд гудамжны баруун, зүүн ам бараадан тоглоно, тэгэхдээ их багагүй хүн болгон харуулын үүрэгтэй, сэжигтэй юм харвал хэл өгнө.
Гүндэгмаа их гэртээ цав, манз бэлтгэнэ, орж гарсан хүн олон хүүхэдтэй айл будаагаа л болгож байна даа гэхээр, лам аавынх нь үүдний пин гаднаасаа цоожтой, гэвч гэрт хорь гучин хүн хурал хурж, сэм ном хаялцана. Дугаржавынх нэг иймэрхүү ажил амьдралтай.
Хашаа, хаалганаасаа эхлээд гэрэл гэгээ цацрах цэвэр цэмцгэр Дугаржавынхыг үзэх гэж ажлын хамт олон, айл саахалтынхан, эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагын төлөөлөгч, сурвалжлагч, олны хөл тасрахгүй, Ардын армийн хүндэт самбар, сонин сэтгүүлд гэр бүлээрээ зурагтайгаа бишгүй нэг гардаг Улаанбаатарын жинхэнэ үлгэр жишээ гэр бүлийн нэгэн болсон аж.
Хүн шиг хүн байж, айл шиг айл болох юм шүү гэсэн Гүндэгмаа охины багын мөрөөдөл, аав ээж, нутаг ус, ханьдаа өргөсөн ам тангараг ийн биелжээ. Гүндэгмаа:
-1980 оны Москвагийн олимпод хүндэт зочноор, Халх голын 30 жилийн ойд төлөөлөгчөөр оролцож байлаа. ЗХУ, Польш, Чех зэрэг орноор тойрон аялж, амарч, эх орныхоо үзэсгэлэнт сайхан байгальтай Хорго, Тэрхийн гол, Ёл хад, Дарьганга... гээд ажлын буянаар яваагүй газар, үзээгүй юмгүй хүн дээ би хэмээн хуучилна. Энэ бол түүний хэрхэн ажиллаж, амьдарч явсныг илэрхийлэх биет баримтын тайлан.
Гүндэгмаа анх томилогдсон цэцэрлэгтээ арван гурван жил ажиллаад 1980 онд Ардын армид уригдсанаар цэргийн хүн болсон байна. Армид ч бас манлайд нь гялалзсан он жилүүдийг үджээ. Тэрбээр торгон цэрэгт алба хаахдаа Батлан хамгаалах яамны сайд нараас эхлээд, удирдах дээд тушаалын офицеруудад үйлчлэхийн дээр, Засгийн газрын томоохон хүлээн авалт, хүндэтгэл ёслолд биечлэн үйлчлэх чухал албанд тохоон томилогдсон юм. Олон ч том ажлын ард нэр төртэй гарсан нь эдүгээ дурсамж болон үлджээ.
1970, наяад оны үед Засгийн газрын ордны зоогийн газарт "Нүхтээс ирдэг” гэх нэг их амттай сайхан гэрийн боорцог, тогооны өрөм зардаг байв. Сэтгүүлч бид хаа нэг хурал цуглаанд очихоороо тэр боорцог, өрөмнөөс ёс юм шиг авч харьдагсан.

"ГАЗАРТ БУУСАН ТЭНГЭРИЙН ЦАГААН ДАГИНА"-ЫН ТУХАЙ  VTV ТЕЛЕВИЗ "МИНИЙ САЙХАН ЭЭЖ" НЭВТРҮҮЛЭГ ЦАЦЛАА

 

"ГАЗАРТ БУУСАН ТЭНГЭРИЙН ЦАГААН ДАГИНА"-ЫН ТУХАЙ  VTV ТЕЛЕВИЗ "МИНИЙ САЙХАН ЭЭЖ" НЭВТРҮҮЛЭГ ЦАЦЛАА

 

 

"ГАЗАРТ БУУСАН ТЭНГЭРИЙН ЦАГААН ДАГИНА"-ЫН ТУХАЙ  VTV ТЕЛЕВИЗ "МИНИЙ САЙХАН ЭЭЖ" НЭВТРҮҮЛЭГ ЦАЦЛАА

 


 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!