У.Ганбаяр: Архины мөнгөөрөө хүүхэддээ оймс, гэртээ түлээ авч болдоггүй юм уу гэж асуумаар айл олон байна
Цас мөсний орноос... хэмээн эхэлдэг өвлийн өвгөн аавын үг хүүхэд бүрийн сэтгэлд хоногшиж, өвлийн өвөөгөөс бэлэг авах хүслийн хүлээлтийг хүүхэд бүхэн тээдэг. Гэсэн хэдий ч хүүхэд бүрт өвлийн өвөөгөөс бэлэг авах мөч тохиодоггүй. Тэгвэл "Лантуун дохио"-гийнхон нийслэлийн есөн дүүрэг дэх гэр хорооллын хүүхдүүдэд өвлийн өвгөн аавын уут дүүрэн бэлэг гардуулж, олон бяцхан зүрхэнд баярын, мөрөөдлийн гэрэл асааж чаджээ. "Ид шидийн уут” аяны хүрээнд энэ жил 1500 орчим айлын 8000 хүүхдэд өвлийн өвөөгийн бэлэг гардуулжээ. Ингээд "Лантуун дохио” ТББ-ын ерөнхий менежер У.Ганбаяртай ярилцсанаа хүргэе.
-Танай байгууллага "Ид шидийн уут” аяныг хэдэн жил зохион байгуулж байгаа вэ. Энэ жилийн "Ид шидийн уут” аянд хэрхэн бэлдсэн бэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?
-"Ид шидийн уут” аяныг дөрөв дэх жилдээ зохион байгуулсан. Сайн дурын 200 гаруй залуус оролцсон. Бид "Ид шидийн уут” аяныг хоёр сарын хугацаанд бэлдсэн. Сайн дурын залуус нэгдэж, уут, малгай, ороолт оёсон. Нийтдээ 450 хос малгай, ороолт, 400 орчим уут оёсон юм. Үүний зэрэгцээ өвлийн өвгөн, цасан охин сургах процесс явагддаг. Ид шидийн уут аялахад цасан охин, өвлийн өвгөн, тандагч, зурагчин явдаг юм. Эдгээр хүмүүсийг сургалтад хамруулж бэлтгэнэ. Мөн хандив цуглуулах үйл ажиллагаа явагдана. Оюутан залуус бүтэн өдөржингөө байх боломжгүй учраас хичээлээ тараад ирдэг. Тэдний шалгалт шүүлэг болдог үе нь таарсан учраас бие биенийгээ нөхөөд л ажилласан.
-Ид шидийн уут хэдэн өдөр аялсан юм бэ. Өдөрт хэчнээн баг, хэдэн айлаар ордог байв?
-Энэ жил ид шидийн уут дөрвөн өдөр аялсан. Эхний хоёр өдөр 17 баг гарсан. Уг баг есөн дүүргийн айлуудаар хуваагдаад орсон юм. Дүүргийн амжиргааны төвшнөөс шалтгаалаад баг янз бүрээр хуваарилагддаг. Нэг баг өдөрт хэдэн айлаар орох нь өөр өөр байсан.
-Бэлэг өгөх хүүхдүүдээ яаж сонгодог юм бэ. Хүүхдүүдэд өгсөн бэлгүүдийн зургийг харж байхад гутал хувцас нь эзэндээ таараад байсан?
-Хороо, хэсгийн хүмүүсээр дамжуулан хүүхдээ сонгохоор дандаа боломжийн амьдралтай айлуудаар дагуулж явах гэх эсвэл хамаатан садан, өөрийн таньдаг айл руугаа оруулчих гээд байдаг. Үүнээс зайлсхийхийн тулд очих айлаа өөрсдөө хайдаг. Өвлийн өвгөнтэй хамт явдаг багийн гишүүн болох тандагч бол бэлэг өгөх хүүхдийг сонгодог гол үүрэгтэй хүн. Аль нэг айлын гадаа зогсоход тандагч тухайн айлын нөхцөл байдлыг танддаг. Тухайлбал, гэрийнх нь орчин нөхцөл, хэдэн хүүхэд байгааг тандаж, дотогш орох эсэхийг шийднэ. Ид шидийн уут аялуулж яваа хүн бүр чухал үүрэгтэй. Цасан охин гэхэд бэлэгний бүх зохицуулалтыг хийдэг. Алиалагч айлын хүүхдүүдээс аюулгүй байдлын судалгаа авна. Багийн ажиллагаа маш их шаарддаг. Хоёр сар бэлдсэн зүйл нь айлд ороод 5-10 минутын хооронд л өрнөдөг. Өвлийн өвгөн ороод очихоор хүүхдүүд жинхэнэ өвлийн өвгөн ороод ирлээ гэсэн сэтгэлээр баярладаг. Хүүхдүүд сэтгэлээсээ баярлаж чадвал бидний зорилго биелэж байгаа гэсэн үг.
-Та сая өвлийн өвөө бэлэг тараах зуур алиалагч хүүхдийн аюулгүй байдлын судалгаа авч байдаг талаар дурдлаа. Тэгэхээр ид шидийн уут аялах үеийн судалгааны үр дүнд хамгаалалтад авсан хүүхэд байгаа юу?
-Өмнөх гурван жилийн хугацаанд айлуудаар ороод маш гунигтай мэдрэмжийг аваад гардаг байсан. Маш хүнд амьдралтай, хүчирхийллийн хохирогч болох эрсдэлтэй хүүхэд байсан ч бид бэлэг өгөхөөс өөрөөр юу ч хийж чаддаггүй байсан юм. Харин энэ жилээс ид шидийн орны хүүхэд хамгаалах үйлчилгээ эхэлчихсэн учраас бид шаардлагатай кейсүүдийг цуглуулчихсан судалгаа хийгээд явж байна. Эрсдэлтэй байгаа хүүхдийг хамгаалалтад авах шаардлагатай эсэхийг шийдэх аюулгүй байдлын үнэлгээг хийж байгаа гэсэн үг. Үнэлгээ гарсны дараа бид дүгнэлтээ гаргана. Одоогоор Төв аймагт амьдардаг 12 настай охины нөхцөл байдал дээр анхаарч ажиллаж байна. Тухайн хүүхэд эмээ болон ахтайгаа амьдардаг. Аав, ээж нь саяхан нас барсан. Амьдарч байгаа нөхцөл байдал нь маш хүнд байгаа. Тэд ес эхэлчихсэн байхад түлээ нүүрсгүй, хүйтэн гэрт амьдарч байна. Дээрээс нь тухайн хүүхэд хүчирхийлэлд өртөх маш өндөр эрсдэлтэй орчинд байгаа юм. Түүний эрсдэлийн зэрэг, аюулгүй байдлын үнэлгээг хийж байгаа. Мэдээлэл нь ирэхээр хамгаалах байранд авах эсэхээ шийднэ. Шууд тухайн хүүхдийг хамгаалалтад авдаггүй хуулийн дагуу авдаг.
Ид шидийн уут аяныг хэрэгжүүлж байхад маш ноцтой нөхцөл байдал хэд хэд таарсан. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт гурван настай эмэгтэй хүүхэд, тавдугаар ангийн эрэгтэй хүүхэдтэй айл байгаа юм. Тэр айлд оройн 18:40 цагийн орчимд тандагч ороход асран хамгаалагч нь архи ууж байх үед орж таарсан. Гурван настай эмэгтэй хүүхэд нүцгэн, асран хамгаалагч буюу эмээ нь архи уучихсан байгаа юм. Гал хөс, тоггүй байшинд 7-8 хүн архи ууж байсан. Цаад өрөөнд нь тасарчихсан хүмүүс ч байсан юм. Тэдний зарим нь тандагчийг заамдан авч, гаргахгүй байхыг завдсан. Ер нь бэлэг тарааж явахад эрсдэлтэй учрах нь тохиолдол цөөнгүй байдаг. Тухайн үед шууд 102 утсанд хандсан. Эрсдэлтэй, хүнд нөхцөлд орсон хүүхэд бүрийг манай хамгаалах байр авна гэсэн үг биш. Дүүрэг болгонд хамгаалах байр байгаа. Хамгааллын байгууллагууд хоорондоо харилцан ойлголцох шаардлагатай байна. Хүүхдийг хамгаалахад дүүргийн Засаг даргаас эхлээд хамтарсан баг гарч ажиллах ёстой. Тэр хүмүүс яаж ажиллаж байна вэ гэдэг анхаарал татаж буй.
-Хүүхэд хаана хамгийн их хүчирхийлэлд өртөж байна вэ. Айлуудаар явж хүүхдийн аюулгүй байдлын судалгаа авч байхад хүүхэд хүчирхийлэх дийлэнх шалтгаан нь юутай холбоотой байх юм бэ?
-Хүчирхийллийн шалтгаан янз бүр байдаг. Зарим айл үнэхээр амьжиргааны төвшин доогуур амьдралаа авч явах чадваргүй учраас хүнд амьдардаг. Тухайлбал, аав нь сонсголгүй учраас ажил хийх боломжгүй. Ээж нь л ажил хийдэг байх жишээтэй. Эсвэл ганцхан өрх толгойлсон эмэгтэй 5-6 хүүхдийн амьдралыг авч явж байгаа ч юм. Ер нь ганц бие ээжүүд олон хүүхэд өсгөж буй тохиолдол маш олон байдаг. Тэд хүүхдээ хооллож хувцаслах гээд бүгдийг зохицуулж байгаа юм. Нөгөө талаас зарим хүмүүс архины хамааралтай болсонтой холбоотой. Тухайлбал, нэг айлаар ороход ээж нь орондоо согтуу хэвтэж таарсан. Гал хөс, түлээ нүүрсгүй. Тэр нөхцөл байдлыг хараад яагаад архи ууж байгаа мөнгөөрөө түлээ авч болоогүй юм бэ. Яагаад архиныхаа оронд хүүхдэдээ дулаан оймс авч өгөөгүй юм гэж асуумаар санагдаж байсан. Ийм дүр зургууд цөөнгүй байдаг. Өнгөрсөн жилүүдэд гэр орон авч өгөөд туслаж, дэмжсэн айл өмнөхөөсөө бүр дордсон байх тохиолдлууд ч байдаг. Үүний шалтгаан нь л нөгөө архи. Амьдралаа бүр дордуулахад эргэн тойрных нь хүмүүс нөлөөлж байгаа юм шиг ажиглагддаг. Тухайлбал, хог түүдэг хүн бол нөгөө хүмүүс рүүгээ татагдаад орсон байх жишээтэй. Хүрээлэл бол хүнийг маш хүчтэй өөрчилдөг. Хүн сөрөг хүрээллээс өөрийгөө авч гаргаж чадахгүй бол хэчнээн тусалсан ч муу хүрээлэлдээ ороод байгаа юм. Тэгэхээр энэ тал дээр урт хугацааны сургалт шаардлагатай болж байгаа юм.
-Туслаж, дэмжсэн айл өрхийн зарим нь уруудаж байхад өөр нэг нь өгсөж явна биз ээ. Тэгэхээр та бүхний туслаж дэмжсэн айл өрх, хүмүүсээс амьдрал нь дээшилсэн дүр төрх нэлээдгүй байгаа гэж бодож байна?
-Ийм дүр төрх маш олон байгаа. Тухайлбал, манайд 1000 цацруулагч оёж өгсөн эмэгтэй бол "Ид шидийн уут” аянаар уулзаж байсан хүн. Тэр эмэгтэй өмнө нь маш хүнд амьдралтай байсан. Одоо бол амьдралын төлөө өөрчлөгдөөд зүтгэдэг болсон. Бид энэ жил "Ид шидийн уут” гэсэн хаяг хийгээгүй. Уг бичгээс болж хүүхэд тусламж авдаг гэх мэтээр ялгаварлуулахаас болгоомжилсон. Үүн шиг тусалсан айлаа байнга хэвлэл мэдээллээр яриад байхаар тухайн айлдаа эвгүй сэтгэгдэл төрүүлэх магадлалтай байдаг. Жил бүр эргэдэг айлуудын маань амьдрал нь үнэхээр сайжирч, илүү хичээл зүтгэлтэй болж байгаа. Хүүхдүүд нь ч эрүүл саруул өсч байна.
-Хүүхэд баярлуулахад төрдөг сайхан мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?
-Энэ жилийн хувьд би тандагч, гэрэл зурагчин, сүүлийн өдөр өвөө хийсэн. Мэдээж бэлэг түгээх бол гайхалтай. Намайг жинхэнэ өвлийн өвөө гэж бодоод хөөрөн баясч, сэтгэл дүүрэн инээж байгааг харах үнэхээр гайхалтай. Бидний бэлдсэн бэлэг тохирох эзэндээ очиж байгааг хараад дараа жилийн ид шидийн уут аяныг хийх том хүч, урам авдаг. Хүүхэд баярлуулж явахад сайхан дүр зургаас гадна хүнд дүр зургууд маш их гарна. Хүнд амьдралтай, өдөр тутам нэгэн хэвийн үргэлжилж байгаа дүр зураг дундуур бид гэрэл нэмэх, итгэл өгөх, бага ч гэсэн инээлгэх гэж ордог. Хүүхдүүдэд урам зориг өгөхийг оролддог.
-Таны хувьд хүүхдийн хүчирхийллийг бууруулах ямар боломж байна гэж харж байна вэ?
-Хөршийн систем сайн байх шаардлагатай юм байна. Манайхан дээд, доод давхарт нь хүүхэд чарлаад байхад сонсоогүй юм шиг байдаг. 13 настай охины хэрэг дээр л гэхэд угтах үйлчилгээний ажилчид хариуцлагатай байж болох л байсан. Үүний адилаар манайхан ямар ч хүчирхийлэл дээр дуу хоолойгоо илэрхийлдэггүй. Хөршийн хариуцлага гэдэг зүйл байхгүй. Гэр бүлийн маргааныг салгахгүй бол ядаж, 107, 108 утсанд мэдэгддэг баймаар байгаа юм. Тэгэхээр хөршийн системийг сайжруулах нь маш олон хүчирхийллийг хүнд хэлбэрт орохоос нь өмнө таслан зогсоож чадна. Нөгөө талаас мэдээ мэдээллээр дамжуулан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалтыг сайн явуулах шаардлагатай. Энэ чиглэлийн мэдээ мэдээллийг хүүхэд залууст ойлгомжтойгоор өгдөг байх хэрэгтэй. Цаашид төр хүүхэд хамгааллын чиглэлийн бодлогоо сайжруулах нь чухал байгаа юм. Хуулиа бодлогуудтайгаа нягт холбоотой болгож, түүнд тохирсон гүйцэтгэлүүд дээрээ хяналт тавиад явчих хэрэгтэй.
Дүүрэг, хороо болгоны хүүхэд хамгааллын хамтарсан баг сайн ажиллаж байна уу гэдэг эргэлзээтэй. Энэ тал дээр төр хөндлөнгийн мониторинг хийдэг байх хэрэгтэй. Төр үүнийг хийхгүй байгаа учраас хүүхэд хамгааллын баг сул ажилладаг байхыг үгүйсгэхгүй. Төрийн бус байгууллагад найдаад үлдээх асуудал биш. Хүүхэд хамгааллын үйлчилгээг төр өөрөө хариуцах ёстой. Төр үүнд санаачилгатай байж, төсөв мөнгийг хангалттай тавьж өгч, түүнд тохирсон бодлого шийдвэрүүдийг гаргаж, үе шаттай үйл ажиллагааг байнгын давтамжтай хийснээр энэ асуудал цэгцрэх, шийдэлд хүрэх боломжтой.
-"Ид шидийн орон-2” төсөл хэрэгжих гэж байгаа. Одоогийн байдлаар ямар шатандаа явж байна вэ?
-Эхний төсөл хэрэгжээд хамгаалах ажил явагдсаар байна. 2018 оны онцлох ажил гэвэл "Ид шидийн орон-2” төв баригдах болсон явдал юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд "Энержи ресурс” байгууллагынхаа 10 жилийн ойг угтаж, манай "Ид шидийн орон-2” төслийн 50 хувийн хөрөнгийг шийдэж өгсөн. Одоогоор Ид шидийн орны газрыг худалдаж аваад ерөнхий төлөвлөлтийг хийж дуусгасан байна. 2019 оны хавраас барилгын ажил эхэлнэ. 2020 гэхэд "Ид шидийн орон-2” төвийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
-"Ид шидийн орон-2” төв хэчнээн хүүхэд хамгаалах юм бэ. Үйл ажиллагааны хувьд "Ид шидийн орон-1” төсөлтэй ижилхэн үү?
-"Ид шидийн орон-2” төв нь хүүхэд, залуусыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна. "Ид шидийн орон-1” төвийн үйлчилгээнд хамрагдахгүй, хашаагаар орж гарч хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудал хүнд байдаг юм байна. Нөгөө талаас тэдний хөгжих боломж нь хомс. Хүүхэд, залуусын хөгжих орон зай дутмаг байгааг олж харсан учраас залуус, хүүхдийн хөгжилд зориулсан төв барихаар төлөвлөсөн. 150-аас дээш хүүхэд тоглох тоглоомын талбай, 50 хүний багтаамжтай хүүхэд залууст зориулсан чөлөөт бүсийн талбай, 15 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тоглох өрөө, 80 хүүхдийн багтаамж бүхий хүүхдийн цэцэрлэг, 70 хүний багтаамжтай book café зэргийг байгуулна. Ерөнхийдөө залуус хөгжих замыг тавьж өгөх юм.
-Одоогоор "Ид шидийн орон-1” төв хэчнээн хүүхэд үйлчилгээ авч байна вэ?
-Ид шидийн оронд одоогоор 50 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Ахлах, бага бүлэгтэй. Хамгаалах байранд 17 хүүхэд цогц үйлчилгээ авч байгаа. Үүн дээр нэг зүйл нэмээд хэлэхэд өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн асуудал маш хүнд байдаг юм байна. Тэднийг багш нар ч, томчууд ч төдийлөн анхаардаггүй. Яагаад ийм, тийм байна гээд загнахаа л урьтал болгохоос тэр хүүхдэд сэтгэл зүйн доголдол гарсныг томчууд анзаарахгүй байгаа юм. Тиймээс "Ид шидийн орон-2” төв дээр өсвөр үеийнхэнд зориулсан байнгын сэтгэл зүйн үйлчилгээ явуулах гэж байгаа. Өсвөр үеийнхэндээ сайнаар нөлөөлж байж л дараагийн залуусыг буруу зам уруу орохоос нь өмнө татаж авна. Мөн хохирогч болохоос нь өмнө зөв мэдээллийг өгч урьдчилан сэргийлнэ.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
С. Энх-Үжин