Бага хурал хэмээх гутгаар үзэгдэл

🕔 2018/12/19 11:26

Ерөнхийлөгч Х.Баттулгын найруулсан, гол дүрд нь МАН-ынхан тоглож буй улс төрийн драмын гутгаар үзэгдлийн нэр нь Бага хурал.

Тайзан дээр ил өрнөж буй эмгэнэлт жүжгийг харахад жаран тэрбум ба ЖДҮ гэж хуваагдсан МАН-ын талцал Монголын төрийн дээд байгууллага болох УИХ-ыг гацааж, улаан цэнхэр тугнаас өөр ялгаралгүй болсон АН, МАН хоёр жинхнээсээ цус ойртсоныг нотлов. Хөшигний ард хонгилын түлхүүрийг хэн атгах вэ гэсэн хоёр том бүлэглэлийн зодоон л өрнөж байна. Товчхондоо, хууль ярьсан хуучин МАНАН ба шударга ёс ярьсан шинэ МАНАН-гийн хэн нь хууль, шүүх, мөнгө, эрх мэдлийг атгах вэ гэсэн л тэмцлийн нэгээхэн өрнөл нь өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болох МАН-ын Бага хурал.
Бага хурал тойрсон баахан өмнөтгөл өчигдөржин өрнөсний нэг нь  УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын дэлгэсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүүгийн авсан жижиг дундын зээлийн баримт.

Жаран тэрбумынхантай тэмцэхийн тулд "үхэхээс айхгүй” байгаагаа илэрхийлсэн У.Хүрэлсүх харин өөрсдийн талын ЖДҮ-чидтэйгээ хэрхэн хариуцлага тооцох нь өнөөдрийн Бага хурлын сценарийн гол хэсэг бөгөөд хэрэвзээ хэвлэлээр явуулаад байгаа мэдээлэлд бичсэн шиг М.Энхболд, Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа, Д.Оюунхорол нарын арав гаруй хүнийг намаасаа хөөх юм бол түүний яриад байгаа "шударга ёс” шившиг болно. М.Энхболдын хувьд түүний цэнэг бүрэн дуусчээ гэмээр өдрүүд үргэлжилж байна. "Муу нэрийг хусавч арилахгүй" гэгчээр 60 тэрбум гэх хоч М.Энхболдын овгийн өмнө зүүлттэй, энэ нь түүний хамгийн эмзэг цэг болжээ.  Өөрөөр хэлбэл, МАН бүхэлдээ өтсөн, өттэй мал таргалдаггүй гэгч болж байна.

Бага хурлын үеэр МАН-ын генсек Д.Амарбаясгаланг чөлөөлөх асуудал хөндөгдөх юм байна. Тэрбээр ЖДҮ-ээс зээл авсан асуудлаар түүнийг намын удирдах албан тушаалаас нь авч хаяхыг эсрэг бүлгийнхэн У.Хүрэлсүхээс шаардсаар байгаа. Мөн түүнчлэн ЖДҮ-гийн хэрэгт холбогдоод байгаа Л.Оюун-Эрдэнэ "би ганцаардаж байна” хэмээн ярьж хэлэх болсноос харахад түүнийг ч бас У.Хүрэлсүх хамгаалж үлдэхийг хүсэхгүй байгаа бололтой.

Засгийн газрыг нь огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдаан дээр намдаа болон төрдөө цэвэрлэгээ хийнэ гэж амласныхаа дагуу жаран тэрбум гэж туйлшралгүйгээр энэ мэт ЖДҮ-чдээсээ давхар "ял асуувал” унаж яваа намынх нь нэр хүнд хийгээд У.Хүрэлсүхийн өөрийнх нь улс төрийн карьерт нэмэртэй байх биз.  Гэхдээ үүгээр МАН-ын зодоон дуусчихаж байгаа юм биш. Учир нь, У.Хүрэлсүхийн нам муухай харагдах тусмаа хууль, шүүх, мөнгө, эрх мэдлийг гартаа атгах гэсэн ганцхан хүнд л ашигтай байх болно. Монголын намууд засаглаж чаддаггүй, Монголд парламентын засаглал хэрэггүй гэсэн ойлголтыг ард түмний тархинд алгуурхан суулгасаар л байна.

УИХ-ын 2016 оны сонгуулиар Ерөнхийлөгч Х.Баттулгын бүтэн нэргүй болгож өгсөн Ардчилсан намыг ялагдаж, Ардын намын бор халзан хонь ч гарч ирэх боломжийг хангасан З.Энхболдын парламентын баталсан мажоритар системийн алдаа өдгөө МАН-д түмэн зовлон авчраад зогсохгүй  Монголын төрийг чадамжгүй болгосон. Ялахаасаа засаглах нь хэцүү гэж энэ. Чухамдаа АН, МАН засаглаж чадахгүй гэх ойлголт төрүүлэх нь хэн нэгнийг хүссэн эрх мэдэлдээ хүрэх гишгүүр болохоос МАН-ын Бага хурал болсноор төрийн гацаа, хүний муухайтайгаа арилна гэсэн үг биш. Мөнгө, эрх мэдэл, хууль шүүхийг гартаа авах гэсэн бүлэглэл хоорондын дайн МАН-ын хэдэн гишүүнийг хөөснөөр дуусгавар болчихно гэвэл гэнэн төсөөлөл. Харамсалтай нь, ганц хүний мэхэнд Ардчилсан нам төдийгүй Ардын нам амиа алдаж байгаа нь тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд айдас төрүүлээд эхэлснийг үнэндээ Э.Бат-Үүлээс өөр хэн зоригтойгоор хэлж чадаж байгаа юм бэ.

Тиймээс У.Хүрэлсүхийн төрд болон намдаа хийх цэвэрлэгээ нь хүнтэй хариуцлага ярихаас гадна тогтолцоогоо шинэчлэх тухай  юм. Учир нь, тэр өөрөө ч удахгүй тогтолцооныхоо золиос болох магадлалтайг өнгөрсөн арваннэгдүгээр сард өөрийнх нь намынхны өргөн барьсан засгийг нь огцруулах шахсан үйл явдлууд харуулсан биз ээ.

 

News.mn


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!