Ерөнхийлөгч МАН-ыг татан буулгах саналыг Дээд шүүхэд гаргах цаг болжээ

🕔 2018/12/18 12:54

МАН-ыг татан буулгах өргөдлөө Дээд шүүхэд өгч байгаагаа хуульч Б.Эрдэнэцогт өчигдөр мэдэгдлээ. Тэрбээр тус намыг татан буулгах гол үндэслэлээ "60 тэрбумын хэрэг” хэмээн тайлбарлаад Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах үйлдэл хийснээрээ МАН Монголын төрийг удирдах хууль зүйн үндэслэлгүй гэв. Үнэндээ 60 тэрбумын гэх бичлэг бол "МАН сонгуульд ялбал ийм аргаар мөнгө босгох боломжтой гэсэн арга зам, тоо” гэж ойлгогддог. МАН сонгуулийн үеэр албан тушаал зараад 60 тэрбумыг босгож, ялалт байгуулсан гэвэл бас л эргэлзээтэй. Яриа төдий л зүйл.

Туулсан зам, туршлага, боловсон хүчин зэргээрээ Монголын хамгийн том гэгддэг МАН түүхт 100 жилийн ойгоо нэгдмэл байдаар тэмдэглэж чадах эсэх нь өнөөдөр эргэлзээтэй болоод байна. Энэ намын дотоод тэмцэл савнаасаа хальж, дээр дооргүй чи би-дээ тулж хэрэлдэж эхэллээ. Төр барьж байгаа намын удирдлагууд өөр хоорондоо тэмцэж, төрийн ажиллагаа гацахад хүрч байгаад намын гишүүд дэмжигчдээс эхлээд жирийн олон түмэн дургүйцэж байна. Тиймдээ ч манай сонин өчигдрийн дугаартаа "Монгол ардын нам онц их хурлаа зарлан хуралдуулах хэрэгтэй болжээ” хэмээн бичсэн юм. Ингэж асуудлаа шийдвэл тун сайн сан. Харамсалтай нь, манай нийтлэлийн дараа маш олон уншигч редакц руу утасдаж "Юу бичээд байна вэ. Наадууд чинь нэгдэж их хурлаа хийхээсээ нэгэнт өнгөрсөн” гэцгээж байв. Намын идэвхтэй гишүүд хүртэл төрийн ажлыг гацааж байгаа намынхандаа бухимдаж байгаагаа илэрхийлж байсан.

Тэгвэл одоо Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч болохын хувьд Ерөнхийлөгч Х.Баттулга Дээд шүүхэд өргөдөл гарган МАН-ыг татан буулгах хэрэгтэй байна. Сонгуулиар үнэмлэхүй олонх болж, төр барьж байгаа МАН өдгөө хоёр хуваагдан, хоорондоо талцан тэмцэлдэж УИХ-ын үйл ажиллагааг зогсоолоо. УИХ-ын үйл ажиллагааг зогсооно гэдэг Монгол төрийн ажлыг зогсоож байгаатай утга нэг юм. М.Энхболд, У.Хүрэлсүх нарын бүлэглэлийн аль аль нь төрийн эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байна. Тэдний бие биеэ давах гэсэн улайрал хууль ёсыг уландаа гишгэж эхэллээ. Өөрөөр хэлбэл, тэд төрийн эрхийг хууль бусаар авах гэж байна. Үүний тод илрэл бол Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарч суучихаад ажлаа хийхээ больсон. Засгийн газрын гишүүд УИХ-ыг бойкотолж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаагийн тод илрэл юм. Хэрэв У.Хүрэлсүхийн бүлэглэл ингэж улайрч байгаад санасандаа хүрвэл Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авч байна гэсэн үг. М.Энхболдын бүлэглэл ч асуудлыг улам дэвэргэн, үйлдэл, эс үйлдлээрээ У.Хүрэлсүхийн бүлэглэлийг хууль бус арга руу шахаж байна.

Төрийн эрх мэдлийн төлөөх дээрх хоёр бүлэглэл өнгөн дээрээ юу ярьж байгааг бид сайн мэднэ. У.Хүрэлсүх тэргүүтнүүд "60 тэрбумын хэрэг бол төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдого” гэж байгаа. М.Энхболдынхон "ЖДҮ-ийн сангаас хулгай хийсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар” шахаж байна. Эцсийн дүндээ энэ хоёрын аль аль нь төрийн үйл ажиллагааг гацааж, Монгол төрийг алга болгох, Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл дэвэргэх асуудал биш юм. Харин МАН доторх бүлэглэл хоорондын зөрчил л Үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд тултал хурцдаж байна.

Өнөөдөр шатахуун, доллар болон бараа бүтээгдэхүүний үнэ, утаа гээд бүхий л зүйл дээд хэмжээндээ тулж, ард түмний амьдрал урвуугаараа доошоо унажээ. Энэ бүхнийг зохицуулж, удирдах төр алга. Төрийн зөөлөн суудалд суугсад өөрсдийн эрх ашгийн төлөө л явна уу гэмээр ард түмнийг гаргуунд нь хаяж байна. Цуу үг тарааж, бие биенээ муулж, ядруухан яваа ард түмнээ яасан ч их бухимдуулдаг улс вэ. Тэд ард түмний бухимдлыг дэвэргэж, хооронд нь хагаралдуулж тэмцэлдүүлэх тэмцлийн галыг зориудаар сэвэн өрдөж байна. Өөр өөрсдийн бүлэглэлийг дэмжих ард түмэн бий болгохоор чармайцгааж байна. МАН-ын бүлэглэлүүдийн бодлоор ард түмэн хуваагдаад л тэмцэлдэх бололтой юм. Улсаа нурааж цус нулимстайгаа хутгалдаж байж Хүрэлсүх юм уу, М.Энхболдыг ялуулах нь байна л даа.

Салхинд хөөрөгдөж байгаа гал мэт тал тал тийшээ тарж байгаа цуурхлыг та ч гэсэн сонсоо биз. У.Хүрэлсүх гарч ирснээр парламент ёсыг устгах гэж байна. М.Энхболд 60 тэрбумаар албан тушаал зарсан. Х.Баттулга л Ерөнхийлөгчийн засаглалыг тогтоох гээд байгаа юм. Бүгд үлгэр. Бие биенээ илүү харлуулах гэсэн хоосон цуурхал. Хамгийн бодитой зүйл гэвэл МАН-ын хуваагдал, хоорондын тэмцэл л байна. Ийм намыг байлгаад, бүлэглэлүүдээр нь улсаа тоглуулаад хэдий болтол харж суух вэ. Энэ үндэсний аюулгүй байдал биш үү. Тиймээс МАН-ыг татан буулгах өргөдлийг Ерөнхийлөгч даруйхан дээд шүүхэд гаргах хэрэгтэй. Эрх баригч намын бүлэглэл хоорондын хэрүүл энэ чигээрээ удааширвал Монгол төрийн чадамж алга болно. Эдийн засгийн болоод улс төрийн хор уршиг нь ард түмний нуруун дээр бууна. Эхнээсээ буугаад эхэлсэн. Тиймээс Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдийг илэрхийлэгч хэмээн Үндсэн хуулиараа баталгаажсан Ерөнхийлөгч Х.Баттулга та дуугүй харж суумааргүй байна. Эрх барьж буй намын эрх мэдлийн төлөөх тэмцлийн хөлд энэ ард түмэн чинь үрэгдэж дуусах нь.

 

Эх сурвалж: Өдрийн сонин


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!