Попоролгүйгээр ЖДҮХС-аас хулгайлсан нөхөддөө "шанаа" өг, хариуцлага тооц
Энэ долоо хоногт МАН-ын доторх асуудал ихэд хурцадмал байдалтай үргэжлэлх нь бололтой. МАН-ын удирдах зөвлөл ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг дэмжив. Мөн Хотын дарга Су.Батболд, УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх лүндэнг Удирдах зөвлөлөөс буулгаж, огцруулах саналтай бичиг цаасыг нь үйлдэж сошиалаар цацав. Өнөөдөр өглөө 10 цагт эхлэн Су.Батболд, УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа нарын асуудлаар хуралдаж эхэллээ. Ерөнхий сайдаас олон нийтийн хүсээд байсан хариуцлагын нэхэмжлэл харамсалтай нь өөр хүмүүсийн толгойд "аянга" болоод буучих шиг л боллоо. Тэр ч бүү хэл Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ярьсан боловч бүлгийн хурлаар гишүүд эцэслэн шийднэ гээд түдгэлзүүлсэн сурагтай. ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг өөртөө болон өөрийн хамаарал бүхий ах дүү, хамаатан садан, эхнэр хүүхдэдээ өгсөн гишүүд, танхимын сайдууддаа хариуцлага тооц гэсэн үү, хотын дарга болон бүлгийн дарга хоёрыг хөөгөөд өгөөч гэсэн юм болов уу. Сошиалаар явуулж буй сүржин акцыг нь харвал нам доторх "их цэвэрлэгээ" гэгчийг өчигдөр эхлүүлсэн бололтой. Харин цаашид 60 тэрбум болон ЖДҮ гэсэн биеэ биеэ өвдөг шороодуулах хоёр сэжүүрийг барьж авч барьцаа чангаруулж байгаа цэвэрлэгээний ажил нь өрсөлдөгчөө намнах өнцгөөс байх нь уу, шударга ёсны төлөөх өнцгөөс байх уу гэдгийг хамтдаа харцгаах үлдэж байх шиг байна. Харин одоо ерөнхий сайд оршил хөөцөолдж попорохгүй гол асуудал буюу жинхэнэ тулаандаа орж ЖДҮХС-гаас тэрбум, тэрбумаар нь хумсалсан этгээдүүдээсээ хариуцлага нэхэх хэрэгтэй. Хэрэв эс чадвал ЖДҮ гэх дуулиан засаг байтугай МАН-ын нэр хүндийг эргүүлж сэгсрэхэд хүрээд байна.
Өмнөх долоо хоногт прокурорын байгууллага ЖДҮ-ийн асуудлаар ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ирүүлсэн ч хууль тогтоогчид хүлээж аваагүй нь гал дээр тос нэмсэн явдал болж, бухимдлыг дэвэргэж, нийгмийг давлагаалах шалтаг болов. Нийгэм ингэж бухимдаж байхад эрх баригч МАН, Засгийн газар харин өнөөг хүртэл чимээ аниргүй хэнэггүй царайлж байгаа нь иргэдээ үл хүндэтгэсэн, шударга бус үйлдлээ өмөөрч хаацайлж байна гэсэн зэмлэлийг тэдэнд хаяглаж байна.
Одоо ард түмэн ганцхан хүлээлттэй байна. Тэр нь МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн парламентын нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үг.
-"Ард түмэн өлсөж цангаж байна гэхээсээ илүүтэй нийгэмд шударга ёсыг тогтоох, төрийн албаны сахилга бат, хариуцлагын асуудлаар өлсгөлөн байна гэдэг нь харагдаж байна. Энэ нийгэмд шударга ёсыг тогтоох, сахилга хариуцлагыг бүх шатанд дээшлүүлэх чиглэлээр МАН асуудлаа ярина. Тун удахгүй. Ингэх цаг нь болсон гэж бодож байна. Үүнийг би хариуцлагатай хэлж байна” хэмээн мэдэгдсэн.
Үг биш үйл хэрэг болоосой, хэлдэг бус хийдэг Ерөнхий сайд байгаасай гэсэн иргэдийн хүсэмжлэл урьдын хэвээр байгаа. Одоо хийсэн хэрэг нь баримттайгаа гарч ирээд өөрийн тань улаан нүүрийг улалзуулаад байгаа тэрбум, тэрбумын зээлдэгч нартаа эхлээд шударга ёс, сахилга хариуцлага У.Хүрэлсүхээр дуусахгүй гэдгийг харуулах хэрэгтэй байх. Ард түмэн У.Хүрэлсүхийг харсаар байна!!! Шийдэмгий зан чинь одоо л харагдана шүү...