Хүүхдийн аминаас үнэтэй баяр наадам байх ёсгүй

🕔 2018/07/06 13:09

Хүүхдийн аминаас үнэтэй баяр наадам байх ёсгүй

Бага насны хүүхдийг хурдан морь унуулж уралдуулах нь тэвчишгүй хөдөл­мөр эрхлүүлж байгаагийн нэг жишээ гэж олон улсад шүүмжилдэг. Харамсалтай нь бид үндэсний, уламжлалт гэх элдэв тодотгол хийгээд жил бүр хүүхдүүдээрээ зугаацсан хэвээр л байна. Жилдээ л 100 хүүхэд хурдан мориноос унаж гэмтдэг гэсэн мэдээллийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс бидэнд өгсөн. 2018 оны эхний таван сарын байдлаар 19 хүүхэд хурдан мориноос унаж гэмтчихээд байна. Харин таван жилийн хугацаанд 12 хүүхэд амиа алдсан мэдээлэл бий. Нийт гэмтлийн 50-иас дээш хувь нь зургаа, долоо, наймдугаар сард хамаарч байгаа нь үндэсний баяр наадамтай холбоотой. Харин үлдсэн нь 1-5 дугаар сард хамаарч байна. Хурдан мориноос унаж гэмтэж байгаа хүүхдүүдийн 56 хувь нь толгойдоо, 37 хувь нь биеийн дээд хэсэгт гэмтэл авдаг аж. "Улсын хэмжээний үзүүлэлтийн 50 хувь нь 5-9 насныхан, үлдсэн нь 10-12 насны ангиллын хүүхдүүд эзэлж байна. Бэртэл авч буй хүүхдүүдийн дийлэнх буюу 95 хувь нь эрэгтэй хүүхдүүд байна. Гэмтлийн түгээмэл шинж нь толгойн бэртэл авдаг. Өнгөрсөн оны Үндэсний баяр наадмын өдрүүдэд нийтдээ 16 хүүхэд мориноос унасан. Улсын хэмжээнд мориноос унаж амь насаа алдсан 32 тохиолдол байгаа бөгөөд үүний хэдэн хувь нь хурдан мориноос унасан, хэдэн хувь нь бага насны хүүхэд  гэдгийг нарийвчилж мэдэхгүй байна. Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд шууд хамааралтай тэмцээн учраас аюулгүй ажиллагааг маш сайн хангаж өгөх хэрэгтэй. Бага насны хүүхэд тархины хүнд гэмтэл авах, хөгжлийн бэрхшээлтэй болох цаашлаад амь насаар хохирох аюултай учраас эрхэм уяачид, эцэг эхчүүд анхааралдаа авч албан бус баяр наадам, үсний найр, ургийн баяр зэрэг хяналтгүй тэмцээнээс зайлс­хий­мээр байна” гэж Гэмтэл согог судлалын үндэс­ний төвийн СМТС албаны их эмч Б.Буян-Арвижих хэллээ.
 
 
ШИНЭЧЛЭГДСЭН СТАНДАРТЫГ ИРЭХ ЖИЛЭЭС МӨРДҮҮЛНЭ
 
Унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага бүхий 2011 онд баталсан стандартыг энэ оны тавдугаар сарын 31-нд шинэчилсэн. Ингэснээр хамгаалалтын малгай, хантааз, гутал, бээлий зэрэг хувцаст тавигдах мөрдлөг тодорхой болсны дээр шаардлага илүү нарийссан гэж байгаа. Энэ жилээс заавал мөрд гэхгүй, харин ирэх жилээс чанга мөрдүүлнэ гэдгийг ажлын албанаас нь мэдээлсэн. Хуучин стандартаар бол уралдаанч хүүхэд нь долоогоос дээш настай, уралдааны морь унаж, давхиулж сурсан байхыг шаарддаг. Мөн хурдан морины унаач хүүхдийн албан журмын даатгалд хамрагдсан, стандартад нийцсэн хамгаалалтын бүрэн хувцас хэрэгсэл өмссөн байх ёстой. Мөн эрүүл мэндийн хувьд сайн, уралдах хувийн дугаарыг зүүсэн байх зэрэг шаардлагыг тавьдаг. Харин хувцас, хэрэглэлийн хувьд хамгаалалтын дуулга, өвдгөвч тохойвч, нүдний шил, гутал, хамгаалалтын хувцас, эмээл, хазаар ташуур заавал хэрэглэх ёстой. Уяачид болон эцэг эхчүүдийн төдийлөн ач холбогдол өгдөггүй энэхүү хамгаалах хэрэгслүүдэд энэ жилээс онцгой анхаарч байгаа нь сайшаалтай.  Хамгаалалтын хувцас хэрэглэлийг стандартын дагуу хэрэглүүлж заншвал ядаж л хүүхдийн амь насыг аврах боломж нэмэгддэгийг эмч нар хэлдэг. Дээрх шаардлагыг хангаагүйгээс үүдэх хариуцлагыг аймаг, сумын Морин спорт уяачдын холбоо, наадмын комисс болон морь унаач хүүхдийн эцэг эх хариу­цах ёстойг хяналтын байгуул­лагууд зөвлөж байгаа юм.
 
НӨХӨН ОЛГОВРЫН ХЭМЖЭЭГ 20 САЯ ТӨГРӨГ БОЛГОСОН
 
Уяачид энэ жилээс уралдаанч хүүхдээ гэнэтийн ослын даатгалд 100 мянган төгрөгөөр даатгуулахаар болсон. Өнгөрсөн жил Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас наадмаар хурдан морь унах уралдаанч хүүхдүүдийн цахим бүртгэлийн системийг нэвтрүүлсэн. Энэхүү цахим бүртгэлийн системийг нэвтрүүлснээр уралдаанч хүүхдийн хувийн мэдээлэл болон бэртэл гэмтэл, уралдаанд оролцуулж буй уяачдын мэдээллийг бүртгэх юм. Энэ жил цахим бүртгэлийг 21 аймагт нэгэн зэрэг ажиллуулах бөгөөд уралдаанч хүүхэд заавал даатгагдсан байх ёстой юм байна. Өнгөрсөн жилүүдэд уралдаанч хүүхдийн осол гэмтлийн даатгалын нөхөн олговрын дээд хэмжээ таван сая төгрөг байсан бол энэ жил 20 сая төгрөг болон нэмэгдсэн. Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалд "Миг Даатгал”, "Номин Даатгал” компаниуд ажиллаж байна. Энэ даатгалын талаар "Миг Даатгал ХХК”-ийн менежер Г.Мөнхтулга " Даатгал бол зөвхөн морь унах үеийн эрсдэлийн даатгал биш юм. Даатгал бүтэн жилийн хугацаанд гэнэтийн ослын асуудлыг хариуцна. Тухайлбал, халдварт өвчин, зам тээврийн осол зэрэг 15 төрлийн эрсдэлээс хамгаална” гэж хэллээ.
 
 
Б.Солонго, О.Уранбилэг
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!