Францын алдартай гэмт хэрэгтнийг шоронгоос нисдэг тэргээр оргуулжээ

🕔 2018/07/02 15:43

Францын алдартай гэмт хэрэгтнийг шоронгоос нисдэг тэргээр оргуулжээ

 

Ням гарагт Парисын ойролцоох шоронгоос нисдэг тэргээр оргосон цуутай гэмт этгээдийг Францын цагдаа нар хайж эхэлжээ.

 

Дээрэм, цагдаагийн офицерийн аллагад буруутгагдан 25 жилийн ялтай хоригдож байсан Рэдуайн Фаид өмнө нь 2013 онд хайрцагтай амны цаасанд нуусан тэсрэх бодис хэрэглэн оргосон ч сарын дараа баригдаж байсан юм.

Тэгвэл тэрээр орон нутгийн цагаар Ням гарагийн өглөөний 11:20 цагт шоронгоос оргожээ. Нүүрэндээ багтай, зэвсэглэсэн гурван этгээд барьцаалсан нисдэг тэргээ шоронгийн хашаанд газардуулсан байна.

Нисдэг тэрэгний нисгэгч нь тэдэнд барьцаалагдаад байжээ.

Сүүлд цагдаа нар уг нисдэг тэргийг Парисын хойд дүүрэгт шатааж орхисныг олсон байна. Гэмт этгээдүүд тэндээс автомашинаар зугтсан гэж үзэж байна. Харин нисгэгч ямар нэг гэмтэл бэртэлгүй, эсэн мэнд олджээ.

 
Рэдуайн Фаид

Францын хууль зүйн сайд Николь Бэллубе уг орголтыг "хэдхэн минутад” болж өнгөрсөн гэж мэдэгдсэн байна. "Шоронгийн орчныг эхлээд дроноор судалсны үндсэн дээр маш өндөр зохион байгуулалттай гүйцэтгэгдсэн ажиллагаа” гэж тэр уг орголтыг тодорхойлжээ.

Одоогоор Францын цагдаагийн 3,000 орчим ажилтан оролцсон эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна. Одоо 46 настай Фаид нь 1990 онд анх банк дээрэмдсэнийхээ дараа 3 жил Швейцарь, Израйльд орогнож байгаад баригдаж байжээ.

Тэр 30 жилийн ял авсан ч 10 жилийн дараа өршөөлөөр суллагдсан байна. 2009 онд тэр дурсамжаа бичиж, гэмт хэргийн замналаа дуусгаж байгааг түүндээ өгүүлсэн байв. Гэвч 2011 онд Фаид нэгэн том дээрмийн ажиллагааг зохион байгуулсанд сэжиглэгдэн баривчлагджээ. Энэ хэргээс болж цагдаагийн офицер амиа алдсан юм байна.

Эх сурвалж: Associated Press

Э.СЭМҮҮН, IKON.MN

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!