УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшин мөрийтэй тоглоомоос болж халхын шоронгийн атамануудын гарт үхэхээ шахав

🕔 2016/10/28 10:11

УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшин мөрийтэй тоглоомоос болж халхын шоронгийн атамануудын гарт үхэхээ шахав

 

Одоогоос 3 жилийн өмнө, тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Б.Баттүвшин  мөрийтэй тоглож байгаад цагдаагийнханд баригдсан тухай мэдээлэл дуулиан тарьж байсан билээ. УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүү тэрбээр юм л бол мөрийтэй тоглох гээд байдаг, нэг ёсны донтой болсон гэдгийг нь ойр тойрных нь хүмүүс хүрээлэл дотроо бол бишгүй л дээ ярьж хэлж байдаг. Тэгвэл өнөөх газрын дарга асан маань дахиад л мөрийтэй тоглоомын газар тоглож байгаад, дээрэмдүүлж, хутгалуулсан гэх мэдээлэл байна.

Тодруулбал, энэ сарын 9-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу  "Элчингийн хороолол”-д байрлах нийтийн орон сууцны найман давхарт мөрийтэй тоглож байсан хүмүүс рүү гэмт этгээдүүд халдаж, дээрэм хийсэн гэх хэрэг үнэн хэрэгтээ халхын шоронгийн атаманууд хийгээд Монголын улстөр ,бизнесийн салбарын нэр бүхий хүмүүстэй,тэдний хамаатан садантай холбоотой хэрэг болж таараад байгаа юм.

Хэргийг улсын баяр наадмын өмнө өршөөлөөр суллагдсан  "шош” хочит Н.Ариунгэрэл нарын нөхдүүд үйлджээ. Хэрэг болсон мөрийтэй тоглоомын газар нь "Шош”нэртэй бөгөөд хэрэг үйлдсэн "шош” Н.Ариунгэрэлийн тухайд тэр үед татвараа авахаар очсон гэх мэдээлэл байгаа юм. Н.Ариунгэрэлийг эхэлж хаалга цохиход дотор мөрийтэй тоглож байсан Б.Баттүвшин нар хаалгаа тайлж өгөөгүй байж. Харин "ландага” хочит Ё.Батцэнгэл тамхи татахаар гарах гээд хаалга онгойлгоход нь "шош” Н.Ариунгэрэл нарын нөхдүүд дайрч орж ирсэн гэх мэдээлэл байгаа юм.

 Тэгээд хэргийн газарт байсан 10 иргэнд "АКМ” маркийн буу тулган сүрдүүлж, зарим залуусыг хутгалан,  их хэмжээний мөнгө  болон бусад эд зүйлсийг дээрэмдсэн гэх мэдээлэл цацагдсан билээ.   Хэрэг үйлдсэн этгээдүүдийн хоёрыг нь Эрүүгийн цагдаагийн газрын Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид газар дээр нь баривчилсан бол хэргийн газраас зугтсан этгээдүүдийг эрэн сурвалжилсны эцэст баривчилсан байдаг.

Мөрийтэй тоглож байсан хүмүүс нэг тэрбум төгрөг, нэг килограмм цэвэр алтаа "Шош” хочит Н.Ариунгэрэл нарт дээрэмдүүлсэн гэх мэдээлэл байсан ч,  Б.Баттүвшин,  Ж.Хүрэлбаатар, "парк” хочтой Эрдэнэбаяр, "хүүхэн” хочит н.Базараа  нарын мөрийтэй тоглож байсан хүмүүсийн дээрэмдүүлсэн гэх мөнгөний хэмжээ буурсаар 50 сая төгрөг дээр тогтоод байгаа юм. Үнэндээ бол энэ хэргийг газар авахуулах сонирхол, тэрдундаа тэрбум төгрөг, нэг кг цэвэр алтны тухай асуудлыг дэврээгээд байх нь Б.Баттүвшин нарын нөхдүүдэд ашигтай биш гэж үзэж байгаа бололтой.

За ямартай  ч "шош” гэх атаманд дээрэмдүүлэн хүндээр гэмтсэн  залуусын нэг нь  гишүүн асан Р.Бадамдамдингийн  хүү Баттүвшин юм. Тэрбээр одоо Солонгост эмчлүүлж байгаа аж.

Хэрэг үйлдсэн "шош”хочит Н.Ариунгэрэлийн тухайд энэ цагийн халхын шоронгийн атаман гэгддэг. 20 нас хүрээгүй байхдаа хэрэг хийгээд 20 гаруй жилийн ял авсан байдаг. Тэгээд сая өршөөлөөр суллагдаад, уг нь амьдралаа өөд нь татна гээд явж байсан нэгэн гэх.

За харин Б.Баттүвшин нарын нөхдүүдтэй хамт дотор мөрийтэй тоглож байсан "Ландага” хочит  Ё.Батцэнгэлийн  тухайд эрүүгийн ертөнцөд зартай нэгэн. Энэ оны тавдугаар сард  "мөс” хэмээх хар тамхины төрлийн, БНХАУ-аас оруулж ирдэг бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл байсан.  Түүнийг тэр даруйд нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг. Тэрбээр өмнө нь "Центрпойнт”-ын гэх дуулиант хэрэгт холбогдож, бусдыг далайлган сүрдүүлсэн хэргээр ял шийтгүүлж байсан нэгэн юм.

За мөн мэдээллээс харахад "шош” Н.Ариунгэрэлийн тухайд мөрийтэй тоглодог хүмүүст 30 хувийн хүүтэй мөнгө газар дээр нь зээлдүүлдэг байсан аж. Тэрчлэн хоёрын хооронд 50 сая төгрөгний төлөө бол дээрэм хийхгүй, тухайн үед нөхдүүдийг их хэмжээний мөнгөөр мөрийтэй тоглож байгаа гэх мэдээллийг дотроос авч, улмаар татвараа авахаар ирсэн гэх мэдээлэл байгаа юм. Түүнчлэн Ё.Батцэнгэлийг хэрэгт холбоотой гэж үзэн хориод байгаа аж.

Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Н.Ариунгэрэл, Ё.Батцэнгэл нарт Эрүүгийн хуулийн 147.3 дугаар зүйл анги буюу "Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх зүйл ангиар буруутган саатуулаад байгаа юм.

Дээрмийн үеэр мэсний шарх авсан хоёр иргэнийг яаралтай түргэн тусламжийн эмч нар Цэргийн госпитальд хүргэсэн байдаг. Нэг нь Б.Баттүвшин аж. Тэр одоо Солонгост эмчлүүлж байгаа бол хүнд гэмтсэн нөгөө нэг хүн нь ГССҮТ-ийн Гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Бусад хүмүүс нь хөнгөн зэргийн гэмтэлтэй гарсан учир цагдаагийн байгууллагад тайлбар мэдүүлэг өгч эхэлсэн гэх мэдээлэл бий.

Мөрийтэй тоглож байгаад дээрэмдүүлсэн бол яах вэ?

Тэгэхээр энэ дээрмийн хэрэгт нэг зүйл анхаарал татаж байгаа нь дээрэмдүүлсэн нөхдүүд бас хууль журам зөрчсөн үү гэдэг байгаа юм. Юу гэхээр, "Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай” хуулийн нэгдүгээр зүйлд "Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт казино байгуулах, ажиллуулахыг хориглоно” хэмээн заасан байна. Мөн Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт "Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэсэн заалт байдаг.

Р.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшин нарын арваад хүний тухай  мөрийтэй тоглож байхдаа дээрмийн халдлагад өртөж мөнгөө дээрэмдүүлж, бие эрхтэндээ гэмтэл авч хохирчээ. Тэгэхээр энэ бол анхаарал татсан асуудал мөнөөс мөн юм.

Сануулахад, Б.Баттүвшин 2013 оны дөрөвдүгээр сард  Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Пийс бридж” зочид буудалд арваад хүний хамтаар  мөрийтэй тоглож байгаад дүүргийн цагдаагийн хэлтсийнхэнд баривчлагдаж байсан байдаг. Тэр үед  Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих газрын дарга Б.Баттүвшин /УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдины хүү/, "Скай Тембэр” компанийн Б.Баясгалан /Улсын филармонийн удирдаач Н.Бүтэнбаяр гуайн хүү, АЖ хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав гуайн ач/ зэрэг олны танил хүмүүс баригдаж байв.

Тэд зочид буудлын подвальд хуулиар хориглосон мөрийтэй тоглоом буюу покер тоглож байгаад үйлдэл дээрээ баригдсан бөгөөд  УМБГ-аас тэднийг "Мөрийтэй тоглоом зохион байгуулж тоглосон” гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байсан ч, замхарсан юм.

 Гол нь Б.Баттүвшингийн тухайд өнгөрсөн гурван жилийн хугацаанд мөрийтэй тоглоомоос салж хагацаж чадаагүй бололтой. Ямартаа л ингээд халхын шоронгийн атамануудын гарт амиа алдахаа шахах билээ. Цагтаа хууль тогтоох дээд байгууллагын гишүүн явсан Р.Бадамдамдин эрхэмтэй холбоотой анхаарал татсан мэдээллүүд ч цөөнгүй байдгийг энэ дашрамд хэлье. Хүү Б.Баттүвшин нь аавынхаа нөмөр нөөлөг дэмжлэгээр өдийг хүртэл явж ирсэн бөгөөд ашигт малтмалын лицензтэй холбоотой хууль бус асуудал гэхчлэн нэлээд юм бий.

Энэ хэргийн талаар эргэн мэдээлнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!