ЗАР »
Цалин багатай сувилагч, мөнгөгүй Засгийн Газар
Эрүүл мэндийн салбарт 11 мянган сувилагч ажиллаж байна. Тэдний төлөөлөл цалингаа 2018 оны долдугаар сарын 1-ээс 50 хувиар нэмүүлэх шаардлага тавин төв талбайд өдөрт хоёр цагийн хугацаатай сануулах суулт хийлээ. Засгийн газар шаардлагыг хүлээн аваагүй нөхцөлд улс орон даяар ажил хаялт зохион байгуулах тухай зохион байгуулагчид хэлдэг.
Засгийн газар " эмч, багш нарын цалинг энэ оны аравдугаар сарын 1-ээс нэмнэ” Түүнээс өмнө нэмэх боломжгүй гэсэн тодорхой хариу өгсөн ч тэд хүлээн авахгүй байв. Эрх баригчдын хариу Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хөтөлбөрийн хүрээнд 2018,2019 онд цалин нэмэхгүй гэсэн үүрэг хүлээсэн. Гэхдээ удаан ярилцсаны эцэст цалин нэмэх хугацааг энэ оны дөрөв дүгээр улирал болгосон юм. Энэ үүргээ зөрчөөд аль нэг салбарын цалин хөлсийг заасан хугацаанаас өмнө нэмэх нь хэрэгжиж байгаа хөтөлбөр зогсох аюултай. Хэрэв хөтөлбөр зогсох юм бол ОУВС, түүнийг дагасан Япон, БНХАУ, БНСУ зэрэг орнуудаас орж ирэх санхүүжилт зогсоно. Ийм байдалд хүргэхгүйн тулд цалинг нэмэх боломж яг одоо байхгүй байна гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр дагуугуулан цацаж байгаа.
Цалингаа нэмүүлэх шаардлага тавьсан сувилагч нарын хувьд "үнэхээр олон жил бага цалинтай ажиллаа. Энэ нь амьдрал хүндрэх үндсэн шалтгаан боллоо. Түүнээс гадна хүн бүр цалингийн болон орон сууцны зээлтэй, банкны өндөр хүү бидний нурууг тэнийлгэхгүй, бөхийлгөж байна” гэж хувь хүнд ирж байгаа дарамтаа ярих юм.
Тэдний илэрхийлж байгаа байрь суурийг харахад цалин багатай сувилагч, мөнгөгүй Засгийн газар хоёр нэг зоосны хоёр тал болов бололтой. Тал талд өөр өөрийн ашиг сонирхол, байр суурийг хамгаалаад зогсож байгаа тэдний нэгийг нь өмөөрч, нөгөөг нь буруутгах хүсэл тэмүүлэл нийгмэд хүчтэй илрэхгүй байна. Харин үүссэн нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх үүднээс зарим нам, улстөрчид тэдний суган доогуур шураглах орон, зай нүх, сүв хайж байгаа нь ажиглагдах юм.
ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргээ зөрчин суулт хийлээ гээд сувилагч, эрүүл мэндийн салбарынхны цалинг Засгийн газар нэмэх нь нийгмэд буруу дохио өгөх сул талтай нь үнэн байж болно. Харин банкны зээлийн хүүгийн дарамтад орсон, цалин багатай сувилагч нарыг бүсээ чангал гэх боломж бас байхгүй. Тэгвэл тэдний бүс нь биш "бүсэлхий "нь тасрах аюултай. Гэхдээ үүссэн нөхцөл байдлаас хохирол багтай гарах өөр гарц одоо байхгүй байна гэж үү?
Ер нь олон жил бага цалинтай амьдрах нь ихээхэн тэсвэр тэвчээртэй байхыг хувь хүнээс шаарддаг гэнэ. Өнгөрсөн зууны хоёр дугаар хагаст нийгмийн үнэмлэхүй олонхи нь тэгшхэн бага цалингаар амьдарч байсан үе бий. Тэр үед хувь хүн ажлаасаа гадуур нэмэгдэл орлого олох боломжгүй байсан даа. Харин авсан цалингаа амьдралдаа хүргэх зорилго хүн бүрт байсан гэж хэлж болно. Энэ үед харин сувилагч нарын авдаг цалин дундаас доогуурт орж байгаагүй. Магадгүй тусгай дундаас дээш мэргэжилтний тоонд сувилагч орж байсаны хувьд тэдний цалин дундаас дээш ангилалд ордог байсан биз. Одоо бол хөдөлмөрийн хөлснийн доод хэмжээнээс арай дээгүүр цохиж яваа юм. Тэр үед банкны зээлийн хүү гэж зүйл байгаагүй гэдгийг 50 дээш насныхан бүгд мэднэ.
Харин одоо банкны зээлийн хүүг өндөр гэж амтай болгон хэлдэг. Гэвч өөрчлөгдсөн зүйл өнөөдөр алга. Ийм алхам хийсэн нэг ч банк гарч ирээгүй байна. Арилжааны банкнууд 2017 онд 70 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан юм билээ. Гэхдээ арилжааны банкыг буяны байгууллагатай адилтган үзэж болохгүй. Харин энэ салбарын ашиг өндөр байгаа нөхцөлд зээлийн хүүг эргэн харах эрх зүйн орчинтой болох хэрэгтэй болжээ.
Тухайлбал арилжааны банкны 20 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, зээлтэй сувилагчийн төлбөрийг таван жил тутамд зээлдүүлэгч банк, зээлдэгч иргэн хоёр эргэн авч үздэг. Түүнийг зээлийн хүүний дарамт, үндсэн зээлийг буруулах гол хэрэгсэл болгон ашигладаг байвал иргэдийн амжиргаанд тустай анхны том алхам болно. Ийм жишгээр цалингийн болон хэрэглээний зээлийг авсан өдрөөс эхлэн төлж дуустал, өндөр хүүтэй олгож байгаа зээлийн хүүгийн нөхцөлийг өөрчилж жил улиран өнгөрөх тутам хүү, үндсэн төлбөр зэрэг буурдаг зээл, зээлийн хүүгийн тогтолцоотой болгох нь чухал болоод байна. Хэрэв ийм боломжтой бол зээлийн хүүд бөхийсөн сувилагч нарын нуруу бага боловч тэнийх боломж нээгдэнэ. Зээл, зээлийн хүү буруулах ийм эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хуулийн төслийг Засгийн газар боловсруулан өргөн мэдүүлж, УИХ эцийн шийдвэрийг гаргах боломжтой. Энэ бол зээлтэй, сувилагч гэлтгүй банкинд өндөр хүү төлдөг бүхэнд тустай сайн зүйл болно. Засгийн газар энэ мэт зүйлийг бага гэлтгүй хурдан хийж иргэдийхээ амьдралд нэмэр болоочээ. Тэгвэл жагсал, цуглаан, тэмцэгчдийн тоо цөөрнө биз ээ.
Г. Эрдэнэбат
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!