33 мянга гаруй оюутанд барьцаагүй, хүүгүй зээл олгоно

🕔 2018/04/26 15:57

33 мянга гаруй оюутанд барьцаагүй, хүүгүй зээл олгоно

 

Энэ долоо хоногт онцлог сонсогдсон баярт мэдээнүүдийн нэг нь оюутнуудад барьцаагүй, хүүгүй зээл олгох тухай байлаа. Өмнө нь оюутнуудадад зээл олгоход банкны барьцаа, хамтран зээлдэгчтэй байхыг шаардахаас гадна хүү тооцдог байжээ. Шинэ журам нь тавдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжих юм. Энэ талаар Боловсролын зээлийн сангийн захирал, доктор П.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Оюутны хөгжлийн зээлд хэн хамрагдах боломжтой мөн бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Засгийн газрын 46 дугаар тогтоолын дагуу "Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын өгсөн шахуу үүрэг даалгаврын дагуу Боловсролын зээлийн сангийн хамт олон зээл олгох бэлтгэл ажлыг хангаад явж байна. Бид одоогоор зээл авах хүсэлт гаргасан оюутан залуучуудын зээлийг хурдан шуурхай хүргэх, мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс мэдээллийн сан бүрдүүлэн ажиллаж байна. Тодруулбал, суралцаж буй их, дээд сургууль дээр зээл авахаар хүсэлт гаргасан оюутан залуучуудын мэдээллийг манай сан хүлээн авч, хянаж санхүүжилт олгох, улмаар Монгол банкны зээлийн мэдээллийн системд бүртгэх ажлыг зохион байгуулна. Үүний тулд Монгол банктай гэрээ байгуулаад байна. Мөн манай сан өнгөрсөн долоо хоногт МУИС-тай гэрээ байгуулсан бол энэ долоо хоногт ШУТИС, ХААИС, МУБИС гээд бусад сургуулиудтай гэрээ байгуулна. Ингэснээр оюутан залуучуудын зээл авах эрх бүрэн нээгдэж байна гэсэн үг.

-Хичээлийн жил дуусахад хэдхэн сар үлдлээ. Энэ жил хэдэн оюутан зээл авахаар хандаж, хэд нь шаардлага хангаад байна вэ?

-Сургалтын төлбөрийн асуудалтай 50 орчим мянган оюутан байна гэсэн судалгааг манай сангаас их дээд сургуулиудтай хамтарч гаргасан. Төлбөрөө төлөөгүй оюутнуудын ихэнх нь бүтэн биш, хагас жил, нэг улирлын төлбөрөө хийгээгүй байна. Тиймээс энэ хичээлийн жилийг дуустал буюу 6 дугаар сарыг дуустал 30 орчим хувьд нь зээл олгохоор төлөвлөж байна. Зээл олгох шийдвэр гарсан оюутнуудтай бид ирэх сард зээлийн гэрээ байгуулна. Үүний тулд зээл авах оюутнуудын хяналтын тоог батлуулж, тавдугаар сарын 1-ний дотор бүх сургуулиудад хүргүүлнэ. Энэ жилийн төсөвт оюутнуудад зээл олгохоор 75 тэрбум төгрөг төсөвт суусан байгаа. Эхний ээлжинд зээлийн шаардлага хангасан 33 мянга гаруй оюутанд зээл олгоно. Дахин хэлэхэд  Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд болон Сангийн  сайдын хамтарсан тушаалаар зээл олгох суралцагчдын хяналтын тоог энэ долоо хоногт багтаан сургуулиудад хүргүүлэх бөгөөд оюутнууд ирэх сарын 1-нээс зээлээ авах боломж нь бүрдэнэ гэж ойлгож болно.

-Оюутны хөгжлийн зээл энэ жилээс хүүгүй, барьцаагүй, банкаар дамжихгүй болж буйгаараа онцлог. Гэхдээ зээл авах хүсэлтэй оюутнуудад ямар тодорхой шаардлага тавьж байна вэ?

-Оюутны хөгжлийн зээлд шинээр хамрагдах болон сургалтын төлбөрийн үлдэгдэлтэй эсвэл төлбөрөө төлж чадахгүй байгаа оюутнууд зээл  авахад тавих шаардлага нь их энгийн. Үүнд, зохих журмын дагуу магадлан итгэмжлэгдсэн сургуулийн оюутан байх, боловсролын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн байх, мөн шинээр элсэгч бол ЭЕШ-ын оноо 600 ба түүнээс дээш байх, бакалаврын оюутны голч дүн 2.8-аас, магистр, докторантурынх 3.2-оос дээш байх ёстой. Мөн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцдаг бол түлхүү дэмжлэг авна. Барьцаа болон хүүгүй, банкаар дамжихгүй олгогдох тус зээлийн хугацаа 10 жил байх бөгөөд сургууль төгссөнөөс хойш зургаан жилийн хугацаанд эргэн төлөх ёстой. Зээлийн давтамж нь үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жил бүр хоёр удаа олгогдох ба зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилсан байна. Тухайн хичээлийн жилд голч дүн тавигдсан шаардлагын хэмжээнээс буурсан тохиолдолд зээл цуцлагдахыг анхаарах ёстой.

-Зээл авахыг хүссэн оюутнууд ямар материал бүрдүүлэх ёстой вэ? Хаана хандах вэ?

-Иргэний үнэмлэх болон ЭЕШ-ын онооны хуулбар, сургуулийн тодорхойлолт, төлбөрийн нэхэмжлэх, тухайн улиралд судлах хичээлийн жагсаалт, сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох баримт, мөн ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссе бичиж шууд сургуулийнхаа сургалтын албанд хандах хэрэгтэй Анхан шатны сонгон шалгаруулалтыг хяналтын тоонд багтааж тухайн сургууль зохион байгуулна. Ингээд шалгарсан оюутны материал Боловсролын зээлийн санд ирснээр бид оюутантай гэрээ байгуулж зээл олгоно

Мэдээлэл өгсөнд баярлалаа.

ЭХ СУРВАЛЖ:mecss.gov.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!