АТГ-ын даргаар “Бор халзан хонь” ч болж мэдэх нь

🕔 2018/04/26 12:08

АТГ-ын даргаар “Бор халзан хонь” ч болж мэдэх нь

"Монгол ялна” гэсэн олон хүмүүсээс хамгийн анх ялалт байгуулчихаад байгаа хүн нь мэдээж Ерөнхийлөгч Х.Баттулга. Харин тэрээр дараагийн ээлжинд нь АТГ-ын даргаар нэг нөхрийг томилж/хэлэхдээ ард түмнээсээ асууна гэсэн/ ялалт байгуулахаар болж. Учир нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд олон нийтэд хандан ингэж мэдэгдсэн юм.

Ерөөс Х.Баттулга ерөнхийлөгч болсон цагаасаа хойш АТГ-ын даргыг ажлаа хийж чадахгүй байна гэж ил, далдаар олон хэлсэн ч саяхан "Солих ёстой” гэдгээ албан ёсоор хэлж санаагаа амраасан. Харин солихдоо ард түмнээсээ асууж/үр дүн нь жинхэнэ ард түмнийх байж чадах эсэх эргэлзээтэй/ шийдэх юм гэнэ. З.Энхболдын хэлснээр Ерөнхийлөгчийн албан ёсны вэб сайт president.mn-ээр долоо хоногийн дотор санал асуулга явуулж, АТГ-ын дарга болон дэд даргыг сонгох аж. Гайхмаар юм шүү. Уг нь бол АТГ гэдэг бол онцгой чиг үүргийн байгууллага. Тиймдээ ч "Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” гэсэн тодорхой шалгуурыг хуулинд зааж өгсөн байдаг. Мөн энэ газрын дэд даргад ч гэсэн шалгуур бий. Тэр нь "Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” гэж заажээ. Дээрээс нь АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа 6 жил байхаар тусгайлан заасан.

Харин энэ бүхэн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгч Х.Баттулга нарт хамаагүй бололтой. Аль дээрээс л "Ахмадын холбоо”-ны Баасанг АТГ-ын даргаар тавьчих санаатай сошиал хөдөлгөөн хүртэл өрнүүлснийг хүмүүс мэдэж байгаа байх. Өнөөх нь ч гэж "сансарт нисчихсэн” нөхөр энэ тэнд ярилцлага өгөөд л АТГ-ын дарга болбол бараг л улс оронд авилгыг байхгүй болгочихно гээд л туугаад байх. Энэ мэт онцгой чиг үүрэгтэй газрын даргыг ард нийтээрээ сонгодог байх нь тийм сайхан зүйл үү? энэ бол зүгээр л цэвэр улс төр. Ёстой л нөгөө өөрийнх нь хэзээ ч зарладаггүй "30 гэр бүл”-тэй адилхан. Зарим нэг зүйлийг ард түмнээрээ хэлэлцүүлэх нь зөв, буруу гэхгүй. Гэхдээ энэ удаад бол ард түмэн Баасан, Магнай, Уянга гэх мэтийн мэргэжлийн "Попчид”, "Хунтайж” Давааням, "Цэнхэр үст” Цэрэн, тэр ч бүү хэл мөнхийн тодотголтой Одгэрэлийг ч нэр дэвшүүлж мэднэ. Тэднийх нь зүүдэнд ч даргын суудал ойрхон харагдаад, халбага сэрээгээ зэхэж суугаа биз. Нэг үгээр бол АТГ-ын даргаар "бор халзан хонь” хүртэл сонгогдож мэдэх болчихоод хотондоо майлж байх шиг. ЕТГ-ын дарга З.Энхболдын санаачилсан энэхүү "жүжиг” эмгэнэлтэйгээр төгсч мэднэ.

Ер нь бол АТГ-ын чиг үүрэг, хийж хэрэгжүүлдэг ажил, ямар хүнд хүчир дарамт шахалтыг даван туулж байж авилгын олон хэргийг илрүүлж, улмаар шалгаж ажилладаг гэдгийг эрхэм "Нэр дэвшигчид” мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй.  

Эх сурвалж: Аrdchilal.mn

http://ardchilal.mn/33212.html

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!