НООЛУУРЫН ЗАХ ЗЭЭЛЭЭ ХАМГААЛАХ НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРСАН БОДЛОГО
Ноолуурын зах зээл урд хөршийн наймаачдын гарт төвлөрчихсөн яваа. Монгол Улсын зах зээлээ хамгаалах бодлогоо өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлж чадахгүй байгаа. Жил бүрийн хаврын саруудад зөөлөн алт буюу ноолуурын ханш өсдөг. Ийм дүр зурагтайгаар арав гаруй жилийг бид угтаж, үдсээр.
Дотоодын зах зээлээ хамгаалах бодлого байхгүйгээс Хятад панзчид өөрсдийн дураар үнэ ханш тогтоодог болсон нь нууц биш. Тэд юу гэж хэлнэ түүгээр нь болдог жамтай. Ноолуур гарах цагаар БНХАУ-аас цүнхтэй мөнгөө үүрэн орж ирэх хятад иргэд гурав болон дөрөвдүгээр сард хамгийн чанартай ноолуурыг худалдан авчихаад нутаг буцдаг аж. Харин үлдсэн жоохон ямааны үсийг дотоодын аж ахуйн нэгжүүд авдаг байна. Ер нь, Засгийн газар бодлогогүй, алсаа харахгүй яваагаас зөөлөн алт хэмээн нэрлэгдэх баялгаа гадныханд алдаж байгаа хэрэг.
Ийнхүү хэлэх шалтгаан нь дэлхийн тансаг хувцас, хэрэглэл, чимэглэлийн зах зээлд жилдээ 60 тэрбум ам.доллар эргэлддэг. Үүний дөрвөн тэрбум нь ноолууран бүтээгдэхүүнд ногддог байна. Хөнгөн, дулаан, зөөлөн гээд үнэхээр л дээдсийн хэрэглээ болох тансаг эдлэлийн үндэс, уурхай нь ямаа. Тэгвэл дэлхийдхамгийн чанартай ноолуур гаргадаг нь Монгол, БНХАУ гэж тодорхойлогджээ. Өөрөөр хэлбэл, өвлийн ямаатай улс юм. Магадгүй төрийн бодлого зөв байх аваас тансаг хэрэглэлд зарцуулах дөрвөн тэрбумыг тэр чигээр нь цуглуулж чадахгүй юм аа гэхэд ядаж 30 хувийг нь авч чадвал эдийн засгаа дэмжиж, тэтгэх бас нэгэн урсгал болох талтай. Уул уурхай гэх ганц тулгууртай, ганхаж унах шахсан өнөөгийн эдийн засгаа сэргээх нэгэн гарц ч болох талтай. Гэвч зах зээлээ хэрхэн хамгаалахаа тодорхойлохгүй, гадаадад яаж худалдахаа ойлгохгүй явсаар өнөөг хүрчээ. Саяхнаас төр засаг нь арай хийн ноолуурын зах зээлээ хамгаалъя гэж дуугарч эхэллээ. Хамгаалахын тулд хэдэн бор төгрөг гаргаж, өндөр хүү тогтоох шинжтэй. Тодруулбал, 450 сая төгрөг зах зээлд нийлүүлж, жилийн 24 хувийн хүү тогтоох нь. Ийм өндөр хүүтэй мөнгө нийлүүлснээр зах зээлээ хамгаалах уу гэдэг хачирхалтай. Тэгээд ч ноолуурын сезон дуусч байхад шүү дээ. Учир нь, урд зүгийн Засгийн газар наймаачиддаа гурван хувийн хүүтэй мөнгө гарган өгч, Монгол Улсын ноолуурыг хамаад ир хэмээн аль гуравдугаар сард илгээчихсэн. Тэд ч өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлчихээд эх орондоо буцсан байна. Гэтэл манай засаг төр ниргэсэн хойно нь хашгирах гэдэгчлэн хөг нь өнгөрсөн хойно зах зээлээ хамгаална хэмээх нь инээдтэй мэт. Эсвэл дээрх хэмжээний мөнгөөр хятад руу очиж ноолуур авах хэрэг үү.
Үүнээс гадна зээл нэртэй мөнгө нийлүүлтээр дамжуулан иргэдээ шулах нь тийм ч тааламжтай биш. Жилийн 24 хувийн хүүтэй байна гэдэг цэвэр мөнгө хүүлэлт. Байрны найман хувийн зээл гэхэд иргэдийг хэрхэн шулж буй нь харагддаг. Гэтэл 24 байна гэхээр бүр хэтийдэх мэт. Салбар хариуцсан сайд нь ийм өндөр хүүтэй мөнгө зээлүүлэх боломжгүй хэмээн хөөцөлдөж хоёр дахин буулгахаар ярьж байгаа ч амжилтанд хүрэхгүй яваа аж. Ерөнхийдөө урд хөршийн бодлогыг харвал Монгол Улс эдийн засгийг нь батжуулах түүхий эдийн бааз суурь нь болчихож. Засгийн бодлогоороо худалдан авалт хийх нөхцөл ч бүрдүүлж буй нь гурван хувийн хүүтэй зээл. Гэтэл Монгол Улсын засаглал иргэдээ яаж шулах уу гэсэн бодлоор ажиллах нь маш том тэнэглэл гэлтэй. Ядаж урд зүгийнхэн шиг гурван хувь биш юм гэхэд зах зээлээ хамгаалах мөнгөн зээлийн хүүгээ 10-аас дээш гаргахгүй байж болдоггүй хэрэг үү.
Ниргэсэн хойно нь хашгирч, нийлүүлэх мөнгөндөө өндөр хүү тавьж, хамгаалахаас илүүтэй харшлах зүйл хийн, мөнгө хүүлэх бодлого барих нь оновчтой шийдэл биш биз ээ. Яах вэ, зах зээлээ хамгаалахаар хөдөлж байгаа нь сайн хэрэг ч хэрэгжих үйл явц нь хол явахгүй. Харин үүний оронд зах зээлээ хамгаалан, иргэдээ дэмжвэл илүү үр дүн авчирч, эдийн засагт ч өгөөжөө өгнө. Төр засгийн нүд хурц, үйлдэл зөв байвал иргэд ч бухимдалгүй амьдарна.
Эх сурвалж: 24tsag.mn
http://www.24tsag.mn/a/161493