НООЛУУР 105-110 МЯНГАН ТӨГРӨГНИЙ ХАНШТАЙ БАЙНА
- Улаанбаатар хотод 1 кг ноолуур 90,000-105,000 төгрөг
- Хэнтийд 100,000-105,000
- Булган аймаг 100,000-102,000
- Төв аймаг 100,000-101,000
- Дундговь аймаг 92,000-97,000
- Өмнөговь аймаг 90,000-95,000
- Дорноговь аймаг 92,000-96,000
- Сүхбаатар аймаг 100,000-103,000
- Хөвсгөл аймаг 100,000-104,000
- Архангай аймаг 103,000
- Өвөрхангайд 100,000-102,000 төгрөгийн үнэд хүрчээ.
Монгол Улсын ямаан сүргийн тоо толгой БНХАУ-аас 6 дахин цөөн, үйлдвэрлэлийн хүчин чадал, зориулалтын агуулах дутагдалтай байдаг ч дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 40%-ийг дангаараа бүрдүүлж байна. Монгол ноолуур чанарын хувьд дэлхийд тэргүүлдэг боловч дотооддоо бэлтгэсэн ноолуурынхаа 85 орчим хувийг анхан шатны боловсруулалт хийн экспортод гаргадаг. Ноолуураа дотооддоо авч үлдэх, эцсийн шатанд нэмүү өртөг шингээн үйлдвэрлэж экспортлохын тулд тоног төхөөрөмжийн шинэчлэл, эргэлтийн хөрөнгийн хөрөнгө оруулалт ихээхэн шаардлагатай байдаг. Тиймээс Засгийн газрын зүгээс Ноолуур хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон юм. Хөтөлбөр дөрвөн жилийн хугацаанд хэрэгжинэ. Эргэлтийн хөрөнгийн зээл хоёр хүртэл жилийн хугацаатай, жилдээ 12 хувьтай байхаар тооцжээ.
Тодруулж хэлбэл, зөвхөн самнах үйлдвэрлэл явуулдаг бол хугацаа 6-8 сар, ээрэх, сүлжих буюу бүр эцсийн бүтээгдэхүүн хийж байгаа үйлдвэрүүдэд шатлалаас нь хамаараад 2 хүртэл жилийн хугацаатай зээл олгох аж.
Цаашид эдийн засгийн нөхцөл байдал, төсөв мөнгөний бодлогоос шалтгаалан хүү буурах боломжтой. Ноолуурын үйлдвэрүүдэд зээл олгоход барьцаа хөрөнгийн дутагдалын асуудал гарч ирдэг. Барьцаа хөрөнгө дутагдалтай аж ахуйн нэгжүүд хөдөө аж ахуйн давхар даатгал болон даатгалын компаниудаар дутаж байгаа хөрөнгө дээр даатгал хийлгүүлээд санхүүжилт олгох боломжийг Монгол Улсын Хөгжлийн банк судалж байгаа аж. Мөн цуглуулсан ноолуурыг нь тодорхой үнэлгээгээр байрьцаалах асуудлыг яам, үйлдвэрлэл эрхлэгчтэй санал солилцож судалж байна.