П.Сэргэлэн: Аймаг бүрт 1 тэрбум төгрөгийг хувиарлан хагас жилээс өмнө санхүүжилт хийгдэнэ

🕔 2017/04/04 11:08

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн  Дорнод аймагт ажиллах үеэрээ /2017.04.01/ Хүнс хөдөө аж ахуй газрын үйл ажиллагаа нөхцөл байдалтай танилцаж, тус газрын албан хаагчдын санал бодлыг сонссон юм.  Уулзалтын эхэнд  тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас өвөлжилт хаваржилт, тариалалтын бэлтгэл  ажил, мал аж ахуй, газар тариалан, мал эмнэлэг, малын өвчлөлийн талаар дэлгэрэнгүй  мэдээллийг салбарын сайдад танилцууллаа.

 

 Танилцуулга хийсний  Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн "Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, салбар яамны бодлоготой тус газрын зорилго зорилт нягт уялдаж бодиттой хэрэгжих ёстой гэдгийг онцлов. Мөн тэрээр  Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн  хүрээнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт  хэрэгжүүлэх "Мах сүүний анхдугаар аян”, "Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр, "Атрын III аяныг эрчимжүүлэн хөгжүүлэх,  мал сүргийг эрүүлжүүлэх  асуудлаар Хүнс хөдөө аж ахуй газрын ажилтан албан хаагчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгч, үүрэг чиглэл өгөв.

Уулзалтын үеэр орон нутагт газар тариалангийн салбар хариуцан ажиллах мэргэжилтний ажлын орон тоог нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн санхүүжилт, үхрийн хээлтэгч нийлүүлэх, бэлчээрийн хадлангийн үнэлгээ хийлгэх, худаг гаргах, импортын өвсний зөвшөөрөл, малын өвчлөл, мал эмнэлгийн хариуцлага хяналт хүртээмж, хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчин, нийгмийн асуудлыг хөндөж салбарын сайдад санал хүсэлтээ илэрхийлэв.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн "Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор аймаг бүрт 1 тэрбум төгрөгийг хувиарлан хагас жилээс өмнө санхүүжилт хийгдэнэ. 2018 оноос Хүнс хөдөө аж ахуй салбарт ажиллаж байгаа боловсон хүчний нийгмийн асуудлыг онцгойлон анхаарал хандуулах ажиллана. Харин хээлтэгч малыг орон нутагт нийлүүлэх боломжтой. Гэхдээ эрчимжсэн мал аж ахуйг тэжээлийн үйлдвэрлэлд тулгуурлан өвс тэжээлийн асуудлыг бүрэн шийдвэрлэсний дараа  нийлүүлэх зүйтэй юм.  Нутгийн аль хэсэгт эн тэргүүнд худаг гаргах саналаа гаргаж хүргүүлэх чухал байна. Экспортод өвс гаргах зөвшөөрлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гаргадаг. Цаашид  бэлчээрийн хадлангийн бодлого гаргаж  ажиллана. Мөн хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр ажиллана. Монгол улсад зоорь агуулахын цогцолбор барих төслийг судалж байна. Түүхий эд бэлтгэлийн тогтолцоотой болно” гэв.

Дорнод аймгийн хээлтэгч малын  2.2 хувь төллөжээ

2017 онд нийт хээлтэгчийн 83 хувь буюу 628728 толгой төл мал хүлээж авах төлөвлөгөөтэй байна. Нийт хээлтэгч малын 2.2 хувь буюу ингэ 77 толгой, гүү 1081 толгой, үнээ 3255 толгой, эм хонь 7806 толгой, эм ямаа 5148 толгой нийт 17367 толгой хээлтэгч мал /2017.04.01/ төллөсөн. Төлийн хорогдол 1.8 хувьтай байна. Аймгийн хэмжээнд 2016 жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 14 сумын 4398 малчин өрхөд 1722910 толгой мал тоологдсон. Өнгөрсөн оны малын тоотой харьцуулахад 5 төрөл дээрээ 167485 толгой буюу 10,7 хувиар өссөн байна.

Ноолуурын үнэ  103 мянган төгрөг байна

2016 онд нийт 819.5 тн ноос бэлтгэх боломжтой байснаас 418.8 тн ноос буюу 51.1 хувийг бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаан, малчдын гарт 376.9 сая төгрөг, сумдын төрийн санд 41.8 сая төгрөг төвлөрүүлжээ. Өмнөх онтой харьцуулахад урамшуулалд хамрагдсан малчин өрх 17.6 хувиар, ноос 22.4 хувиар, 176.2 сая төгрөгөөр өсчээ. Аймгийн хэмжээнд нийт 485828 толгой ямаанаас 121,4 тн ноолуур бэлтгэх боломжтой гэсэн судалгаа байна. Ноолуур /2017.04.01/ 100000-103000 төгрөг, Үхрийн шир 20000-30000, Адууны шир 20000-25000, Ямааны арьс 15000 төгрөгийн үнэ ханштай байна

909,9 мянган толгой мал вакцинжуулжээ

Матад, Хөлөнбуйр суманд оношлогдсон малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн 52 өрхийн 692 малыг устгалд хамруулсан. Шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг 2017 оны 03 дугаар сарын 15 –ны өдөр тухайн сумын Засаг даргын захирамжаар цуцлаад байна. Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 14 сумын 997,4 мянган толгой мал хамрагдахаас 909,3 мянган толгой мал хамрагдаж 91,2 хувийн гүйцэтгэлтэй дууссан.

43,9 мянган га-д тариалалт хийнэ

2017 оны хаврын тариалалтын урьдчилсан төлөвлөлт, тариалалтад шаардагдах үр, ургамал хамгааллын бодисын захиалгыг аж ахуйн нэгж тус бүрээр гарган  Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлсэн. Урьдчилсан байдлаар аймгийн хэмжээнд 10 сумын нутагт тариалангийн 20 аж ахуйн нэгжийн 22 тариа бригад 80,0 мянган га эргэлтийн талбайгаас 43,9 мянган га-д тариалалт хийх төлөвлөгөөтэй байна.  Үүнээс:  61,2 хувь буюу 26.9 мянган га нь уриншинд үлдсэн 38,7 хувь нь гуурс болон хаврын хагалгаанд тариалах юм.

 

                                                                                                                                                         ХХААХҮЯам

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!