Түүх: Чингис хааны онгон, сүлд тугийг залж ирүүлэх тухай

🕔 2018/04/10 11:53

Түүх: Чингис хааны онгон, сүлд тугийг залж ирүүлэх тухай

 

1911 онд монголчууд Манж Чин гүрнээс салан туурга тусгаар улсаа тунхаглан зарлаж, Богд Жавзундамбын манлайлал дор нийт монгол угсаатныг багтаасан нэгдсэн Монгол улс байгуулах их хөдөлгөөн өрнүүлсэн билээ. Шинээр байгуулагдсан Монгол улсын хувьд Их эзэн Чингис хааны онгон, сүлд тугийг Нийслэл хүрээнд залан авчирч байрлуулах нь тухайн үедээ нэгдсэн Монгол улсыг байгуулахыг зорьж, тэмцэж байсан монголчуудад улс төрийн болоод оюун санааны хувьд чухал ач холбогдолтой зүйл байсан юм. Гэвч их хааныхаа онгон, сүлд тугийг залан авчрах гэсэн оролдлогууд нь тухайн үеийн цэрэг улс төрийн үймээн самуун хийгээд байгаль цаг уурын бартаа саад зэрэг хүчин зүйлүүдээс шалгаалан хэрэгжиж чадаагүй билээ.

Ордост бүхий Чингис хааны онгон, сүлд тугийг Нийслэл хүрээнээ залан авчрах асуудлаар нааш цааш харилцсан хэд хэдэн нугалбар бичиг архивт хадгалагдан үлдсэн бөгөөд манай архивын судлаачид урьд өмнө "Кемү” сэтгүүл дээр Чингис хааны онгон, сүлд тугийг залан авчрахтай холбогдсон зарим баримтыг шинэ үсгэнд буулган нийтлүүлж байсан юм. Бид энэ удаад уг асуудалтай холбогдох нэгэн баримтыг сийрүүлэн буулгаснаа танилцуулж байна.

Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны бичиг
Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаа илгээв.
Дотоод яамнаас. Чингис хааны шарилыг нааш залж авчруулахад замын зуур боогдох гэм учир бүхүй тул, энэ удаа түдгэлзүүлэх зэрэг явдлыг зохих газар тушаагаад мэдэгдэн ирсэн хэрэг
Явуулах учир. Эдүгээ сайд мэргэн жүн вангийн газраас өргөн мэдүүлсэн бичиг дор явуулах учир. Энэ хаврын тэргүүн сард Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаас
Чингис хааны бие ба сүлд туг зэргийг залж ирүүлэхэд замын гудас гамингийн цэрэг халхлан суусан нь, одоогоор нэвтрэн явж залахын аргагүй хэмээсэн зүйл буй бөгөөд юуны өмнө үг задран хайран шүтээнд харштай зүйл гарах магадгүй хэмээн хязгаарын хэрэг тохинуулахыг түр хүлээсэн буй тулд, урьдаар сэмхэнээ сурвалжлан лавлалтайгаар мэдэж хэрэв зам нэвтэрч болох ахул тухай дор хэрхэн хамгаалан залж ирүүлбээс болохыг төсөвлөн тодорхойлж мэдүүлэн ирүүлээд гүйцэтгэн шийтгүүлье хэмээн илгээсэн тухайд хамаарсан сайд мэргэн жүн ван манай газраас мөн энэ зүйлийн учир зам нэвтрэн явж болох эсэх зэргийг олонд задруулахгүй бөгөөд омтгой мөчидгүй нарийн магадаар мэдэж хойш мэдүүлэн ирүүлэхээр хоёрдугаар хорооны дарга ордос цэргийг захирах гүн Буян-Арвижих нар дор тушаасан бөлгөө. Эдүгээ тушаалаар томилон гаргасан гүн Буян-Арвижихаас мэдүүлэн ирсэн нь. Энэ хэр Улаанцав, Их зуугийн чуулганы хошуудын нутаг доторх тариалан шиантай газруудад гамин цэрэг хэсэг бүлгээр суусан нь олон бөгөөд гагцхүү Хангин хошууны нутаг дундуур явахад хятад цэрэг эрхбиш цөөн боловч хараахан Чингис хааны ордны орчин тойрон мөн хятад иргэн тариа хагалбарлаж хуралдсан нь үлэмжхэн ба, бас ч одоо Хатан голын мөс хайлсан зэргээр нэвтэрч гатлах маш хэцүүгийн дээр тайлгын Дархад нараас энэ мэт задруулахад улмаар харшлалтай болж бүхүй тул хэрхэн даруй сэмхэнээ шийдвэрлэж гүйцэтгэхийг гүн надаар жасаалж амой, хэмээн мэдүүлэхээр иржээ. Иймийн тул үүний учир гаргаж Дотоод хэрэг бүгд захиран шийтгэгч яамнаа явуулан тогтоон шийтгэх ажаамуй хэмээн өргөн мэдүүлэхээр иржээ. Үүнд үзвээс Чингис хааны шарилыг залж авчруулахад зам зуур чингэж зүйл зүйлээр боогдуулах гэм учир бүхүй хэмээсэн тулд энэ удаа түдгэлзэн харьяат сайдын газраас түүгээр ойрыг үзэж цаг бүр сурвалжилж сэмхэнээ мэдэж чухам болох цаг бүр тухайг үзэж манай газар яаравчлан мэдүүлэн ирүүлж тухай дор
Дээр сонсгон айлтгаж жич гүйцэтгэн шийтгүүлбээс зохихын тулд үүнийг хамаарсан сайд мэргэн ванд явуулан хүрмэгц бичиг учир хянан үзэж, журамлан дагаж шийтгүүлсүгэй. Ийнхүү явуулсан явдлыг зүй нь
Бүгд ерөнхийлөн захирах зэрэг таван яамнаа мэдэгдэн явуулсугай. Үүний тул илгээв.
Олноо өргөгдсөний дөрөвдүгээр он гурван сарын хорин таван

А-7, Д-2, Х/н-26
Цахим сангийн төвийн архивч-операторч Г.Хонгорзул, П.Батцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!