Цэвэр Монгол үндэстэн гэж байхгүй
"Өнөөдрийн Монголын ард түмэнд бүгдэд нь Чингис хааны удмын хэв шинж байх албагүй шүү дээ. Чингис хааны Монгол овогтон Их Монгол Улсыг байгуулаад тив дэлхийн олон улс үндэстнийг захирч, тэдний олон төрлийн цус холилдож, янз бүрийн удмын хэв шинжтэй хүмүүс бий болж төлөвшсөн. Чингис хаанаас өмнө Хүннү гүрэн хүртэл маш их холилдсон хүн амтай байсан. Тэдний үр хойчис нь бид. Тиймээс "ЦЭВЭР МОНГОЛ ҮНДЭСТЭН ГЭЖ БАЙХГҮЙ” гэж манай МУИС-ийн угсаатны зүйч С.Бямбадорж багш нэг ярилцлага даа хэлсэн байдаг. Энэ үнэн. Ганц С.Бямбадорж багш ч ингэж үзсэн юм биш. Дэлхий дээр цэвэр үндэстэн байхгүй гэдгийг шинжлэх ухаан нотлоод байна.
Бид их бага хэмжээгээр заавал холилдсон байгаа. Ялангуяа Түрэг, Төвөд, Манж, Уйгар, Узбек, Киргиз, Казахтай магадгүй Хятадтай ч холилдсон байж таараа. Хэрвээ Монголд мөнгө төлөөд удмаа тодорхойлох үйлчилгээ нэвтэрвэл олон хүн гутрах байх. Багахан хувиар Хятад холилдсон байхад л манайхан хүлээж авахгүй хэцүүднэ. Азаар гэх үү дээ бид түүнийг шинжлүүлэхгүй, мэдэхгүй, цэвэр Монгол гээд л явцгааж байгаа. Өнөөдрийн хүмүүсийн хандлагыг харвал мэдэхгүй нь ч дээр биз.
"Монгол гарал угсаа бидний цусанд байдаг” гэж хэлдэг. Гэвч Монгол угсаа цусанд байдаг юм биш. Антропологийн ухааны үүднээс авч үзвэл, хүний угсаа гарал тухайн хүний цусанд бус, нийгэмд нь, соёлд нь байдаг.
Өнөөдөр өндөр хөгжсөн генетикийн шинжлэх ухаан бидний дунд цэвэр үндэстэн байхгүй гэдгийг хүссэн, хүсээгүй нотолж байна. Бид өнөөдөр өөрсдийгөө Монгол цустай гэж цээжээ дэлдээд явж байтал нэг л өдөр тэрхүү итгэл үнэмшлийг маань үгүйсгэж болох нь. Ингэхээр Монгол угсаатан гэдгийг хэн, юу, яаж хэмжих вэ? Цус биш болж таарлаа.
Жишээ нь, Турк гаралтай хүүхдийг Монголд авчраад багаас нь "Чи Монгол хүн” гэж хэлээд өсгөе. Тэр Монгол хүн болж л өснө. Түүнд турк удам хэчнээн байлаа ч, сэтгэхүй нь Монгол л болно. Тэр ч битгий хэл хүнийг "чи хүн биш, нохой юм аа” гээд өсгөчихвөл тэр хүн өөрийгөө "нохой” л гэж бодож өснө. Үүний тод жишээ амьтантай өссөн хүүхдийн (feral child) тухай судалгаа олон байна.
Украйны Оксана Малаяа (Oxana Malaya) гэдэг нохойтой өссөн охины тухай мэдээлэл интернэтэд бий. Монгол болох байтугай, хүн ч болж чадахгүй тохиолдол байна. Тиймээс, хүнийг өсгөдөг орчин хамгийн чухал. Нийгэмшил гэдэг ийм хүчтэй юм бол Монгол гэдэг хэв шинж цусанд мянга байгаад нэмэргүй. Таны хүмүүжил, төлөвшил л таныг Монгол болгоно. Хүн болох багаасаа гэдэг шиг угсаа гарал нь багаасаа л төлөвшинө. Тэгэхээр ерөөсөө бидний угсаа гарал бол бидний нийгэм, соёлын дотор олж авч байгаа төлөвшил юм гэдгийг хэлье.