Нохойн зовлон барагдахгүй

🕔 2018/02/26 11:28

 

Нохойн зовлон барагдахгүй

 

Үдшийн орог бүрийгээр ноход боргож, сүүдрээ ноцох шахан омогшиж гарав. Дуу дуугаа авалцан яргилдах чимээнд уул нураах шахан, үхэр тугал зэлэндээ хавчина. Тэр бүхнийг Балдуугийн Баатар нэрт зүрх цагаан хар нохой уриалан хавийн амьтны цөсийг хөөргөж, өөрөө хоолойгоо сөөж, чахалзуураа хатгатал сүржигнэж давхина. Тэр соёолон хар нохой уг нь номхон амьтан. Нохой ухаантай гэвч тэнэг нь энэ. Хар багаас хотоо манасан Баатар үдэш бүрийгээр ирсэн эзнээ андуурч ихээр муу ёролсон тул Балдууд чулуугаар шидүүлэн хөөгджээ.

Баатар зантгар толгойгоо урьд хоёр хөл дээрээ тавин үүдээр нүд цавчилгүй дотогш харж хэвтэв. Балдуу хар нялхаас нь тэжээсэн нохойгоо зэвүүцнэ. "Нохой эзнээ андуурвал орон гэр эзгүйрэхийн дохио” гэсэн хуучны үг түүний дургүйг ихэд хүргэснээс тэр цаанаа л хохилзуур байлаа. Хар золбин байтлаасаа барих нь, эсвэл манайх өөр эзэнтэй болчоо юу гэж Балдуу эхнэртээ үг чулуудсан болж өөрийгөө сатааруулан өврөөсөө ганц нүдний дуран, элдэв юм чихсэн түрийвч мэтээ гарган авдар дээр овоолов. 

Харь хэлийн амьтан дагаж сураг тасарсан чамайг нохой ч танихаа болих нь. Чи Ихэсийн газраар юугаа хийж явсан юм. Малд явсан хүүхэд харсан байна лээ. Архичин шиг хаяагаараа тойрч давхих хэрнээ нохойгоо ад үзэж яахнав хөөрхийг гэж эхнэр нь хэлэв. Балдуу гэмгүй царайлан эхнэрээ харснаа цүл цүл хөхрөн шилээ шөргөөж, яасан өвөр чинь эзгүйрээд хэцүүдэв үү. Би хоёр гурав хоног оронд чинь салхи оруулаад өгнө гайгүй гэсээр зүүн хоймороо завилж авав.

Түүгээр л би дутаж гэнэ дээ. Хэдэн мал чинь уулаар нэг эзэнгүй тарчихлаа. Тэгэхэд чи Ихэсийн газраар харь хэлийн амьтан дагуулж дээдсийн онго сүнс өндөлзүүлж явдаг гэхдээ эхнэр нь Балдууг бас ч хүлээсэн харцаар харлаа. Тэглээ, Ихэсээр жаахан явлаа, манай Ихэс чинь зүгээр ч нэг газар биш юм байх. Энэ тэнүүлч улсад хүрэхгүй юмгүй урт хөлийн бололтой. Уул хангай хэсч, улс амьтны үг дуулж явахад чинь хө Лхамцоо, нүд нээгдэх янзтай. Манай Жоорж ноён хамраа унжуулж байгаад надад өдөрт хорин төгрөг өгдөгийм. Энэ ногоон төгрөг чинь шөрмөс чангатай, амьд хүн ч худалдаад авчихдаг юм байх. Ингэж яваад чамайг би ганцхан өдөр торгонд ороож, тосонд булхуулнаа гайгүй гэж Балдуу эхнэртээ тал засан юмтай хүн шиг чээжээ тагшуулан хөхрөв.

Лхамцоо өөхтэй дал, дөрвөн өндөр чанаж Балдуугийн өмнө тавин илүү үгэнд дурлаж сөхөрөөд авлаа. Үнэндээ гэвэл тэр эр нөхрөө хүлээж, орж гарсан хүнээс элдэв үг бишгүйг сонсож суужээ. Энэ голынхон угаас хорон үгтэй, ярдаг талдаа улс. Тэднийхээр орж гарсан хүн "Танай Балдуу сумынхаа цалин тавихаар банк болсон гэсэн. Ирэх хавар мал махнаар танайхаас мөнгө зээлнэ шүү” гэж үг алдуулахыг оролдоно. Балдуу дөрвөн өндрөөс огтлон үмхэж нүдээ гялалзуулан гүлсхийтэл залгиад махны бараанаас хэрчиж Лхамцоогийн алган дээр тавихдаа сөлөрдүү нүдээ ихэмсгээр ирмэж, манайхаар амьтан хүн эргэдэг л биз дээ гэж эхнэрээ дэмий үгээр дахин өдсөн нь хоолондоо хорхой дарагдасных байв.

Эзнээ барих шахсан нохойтой айлд ямар амьтан шургахав, багийн дарга хүртэл холуур тойрох юм билээ гэхдээ Лхамцоо дотроо "Тэнэмэлээ мэдэхгүй бас хүн хардах санаатай” гэж үг сөрөх аядав. Нээрэн энэ золбин удахгүй миний борви сэнжилнэ шүү. Аль эсвэл элдэв амьтан нохой ярдаглуулж орхов уу гэхдээ Балдуу нүдээ жоготой ирмэв. Тэгтэл Балдуугийн нүдний буланд нэг юм сүүдэс хийвээс зуухны хажуугаар шагайвал Баатар босгоо дэрлэх шахан, нүдэнд нь усан хүрээ татан хэвтэж харагдлаа.

Энэ муу өгөр золбин гайхуулах гэж...

Байтлаасаа хүн шиг усан нүдлэж гэнэ гэхдээ хавирганы яс үүдээрээ чулуудав. Өмнө нь Баатар гэх зүрх цагаан, энэ хар нохой Балдууг хараад хөл доогуур нь түүдэг шиг өнхөрөн баярладаг долдойч амьтансан. Одоо болохоор зэвүү хүрмээр хүнийрхүү болжээ. Золбин байхдаа яахав, нохойгоо ад үзээд. Нохойн зовлон хэзээ барагдаж байлаа. Юугаа ч харамладаг юм, улам л догширч хүн амьтан хүү татах янзтай. Ашгүй дээ! Тэгвэл чи минь надтай надгүй айлтгүй юм байна гэсээр Балдуу гарынхаа тосыг мөрөндөө арчин худлаа саймсрав. Балдуу идэр залуугаас ингээд нүдээ гялалзуулаад ирэхээрээ цаанаа адгуу, хамаг бие нялхарч тамир тасарсан жаргалын урь унагадаг агаад хоосон мэхэлж нялуурах нь элдэвтэй. Түүнийгээ мэдэх Лхамцоогийн бие ч салсхийгээд явчихав.

Зөв өтлөхөд яана, бас хардах санаатай. Тийм л сүрхий юм бол гэр орондоо намайг манаж суухгүй юу. Тэгээд ч намайг хэн тоох юм. Тоох хүн таарвал яасан ч яадаг юм, чадахгүй биш гэхдээ Лхамцоо орь залуугийн инээдээ цацав. Ваа, ла ла. Өнөөх чинь гараад өглөө. Тэгээ ч дээ. Тэгж л байхгүй юу! гэхдээ Балдуу дотроо бас ч аягүйцэв. Лхамцоо шиг хормойн салхигүй хүн нэг баларвал дийдлэхгүй гэж сэжиглэв. Балдуу эхнэрээ хааяа энэ тэр хоёртой холбон илүү үгээр түншдэг хорон зантай. Тэглээ гээд одоо эхнэрийнхээ хормойг манах цаг биш. Сулдаа ирж байгаа мөнгө төгрөгнөөс хэн гар татах юм. Тэгээд ч газар ус хэсч, нар салхинд явдаг биед зовлонгүй ийм ажил дахиж олдохгүй. Нээрэн сумын хэдийнхээ цалинд тараачих шахуу мөнгө өвөртлөх гэж байхад Лхамцоо юуны хамаатай, яваад өгөх биш. Аманд орсон шар тосыг хэлээр түлхэдэг ямар Монгол хүн байдаг юм гэж Балдуу дотроо хэдэрлэж суув.

Цаад улсуудтайгаа яаж шүү үг авалцдаг юм. Хэл мэдэхгүй улстай бөгс бөөр ярьж монхолзохгүй амар байгаа биз гэж Лхамцоо нөхрийнхөө хорыг малтав. Балдуу зуухны аман дээр тамхиа нэрэх зуураа "Миний голыг олоод нударчихлаа, чамайг хүүхээг. Хамаг юм амандаа орчихсон биш” гэж санан дотроо инээд алдсаар зэрвэс харвал үүд голлож хэвтсэн Баатарын хоёр нүдний усан хүрээ саринаж аргалын цог шиг хартайяа гялалзаж байв. Тэр зүгээр л гайхаж элийрсэн гэлтэй нэг л бишээ, хүнээр бол бараг шүдээ зууж байв.

- Энэ нохой яачаав, нүдэнд нь хий орчихсон бололтой. Аль эсвэл надад муу юм шүгэлчээ юу, нэг л бишээ гэж Балдуу илт сэжиглэв.
- Яав л гэж. Нохой эзнээ санахаар эрт зөндөг гэсэн. Зөнөж байгаа биз, чи бараагаа харуулах биш гэж Лхамцоо нохойгоо өмөөрсөн аялгаар хэлэв. Балдуу цамцаа тайлж завдаагүй байхдаа л,
- Нуруу хэд сайхан шудараатах, хө! гэв. Тэр угаасаа Лхамцоог харахаараа тийм зантай. Ямаа хад хараад инээдэг гэгч л болно.
- Тэнд чинь нуруу самардах хүн алга уу? гэж Лхамцоо нөхрөө дооглов.
-Юу байхав, Жоорж ноёны жаалуудаар нуруугаа маажуулалтай биш гэхдээ Балдуу бахтай хөхрөв. Лхамцоо аймхай дуугаар "Бурхан минь, шоронд орох нь дутаж л дээ!” гэснээ "Цаадуул чинь хүн голохгүй хээгүй ажилтай улс байхаа” гэж худал тал засан илүү үгээ төөрүүлэв.
- Уул хадаар хэсч, мод чулуутай ноцолдож л байвал болдог улс. Мөнгийг ч харин гарын салаагаараа асгаж байнаа гэхдээ нохойгоо дахин сэжигтэй харлаа. Тэр амьдаараа үхсэн мэт нүдээ ч хөдөлгөхгүй гөлийнө. "Улиан чинь хүн шиг усан нүдлэж гэнэ” гэж санасаар Балдуу дахиад нэг яс чулуудав.

Битгий нохой муу занд сургаад бай, үүд сахиад салахаа байна гэж Лхамцоо хэлэв. Хар нохой шидсэн ясыг ч тоосонгүй гөлийсөөр. Лхамцоо нөхрийнхөө нурууг зам татуулан маажиж, Балдуу энэ зуур хоёр гутлаа яаруу тайлав. Балдуу гурав хоногийн дараа Лхамцоогоос "Сүү долоож цадсан гөлөг шиг гайхуулаад яв даа, хүн мартаад байвал хохь чинь шүү!” гэсэн сануулга хүртээд эргэж очтол өглөгч ноён Жоорж газрын гав руу орсон мэт сураггүй болж оронд нь Кээнпэл гэж нэг сахалтай хар юм "Балдуу одоо танай болно оо, яваба, чи их сайн күүн!” гэсээр далан дээр нь алгадав. Балдуу бүр гайхаж хоцорлоо. Балдуу гэртээ дахин гурав хоног хар цагаан дуугүй багтрав. Хар нохой нь цагираглаж дугжрах хэвтэрээ ч олохгүй холхин харсан бүхэндээ хилэгнэн үсчинэ. Түүний омог шар арьсандаа багтаж ядав гэлтэй аашлана.

Гайхаж цөхөрсөн Балдуу дээдсийн газар, Ихэсээр эргэвэл хэзээний дэлхий дайдийг хамсан төмөр тороор хэрж, сахалт Кээнпэл тээр цаана нуруугаа үүрээд ихэмсгээр алхаж явлаа. Балдуу "Энэ муу Кээнпэл хажууд нь хэн болчоов, эзэн ноён юмуу. Энэ ямар Жоорж ноён юмуу. Ингэхэд нохой хүртэл намайг тоохоо байхад, энэ муусайн Кээнпэлүүд оодрох нь аргагүй. Нохойг зөнч нь үнэн байна. Баатар миний нүгэлийг мэдэж зангаа хувиргаж. Баатар нэртэй нохой байтугай баатар биет хүний зовлон дуусдаггүй хорвоог яаж барна гэж санан Балдуу эзгүй хээр тэнгэр ширтэн хэсэг хэвтэв. Чингэхдээ "Нохой чинь хүртэл эзнээ таньж, хэвтэрээ олохгүй зовож байхад чамд удахгүй ясаа тавих алга дарам хонхор ч олдохгүй, олдсон дээр нь сайн хэвтэж ав!” гэж тэр өөрийгөө гашуунаар зэмлэв.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!