Зөрчлийн шинэ хуулийн агуулга, хэрэгжилтэнд анхаарч өгөөч Ц.Нямдорж сайдаа

🕔 2017/11/23 16:35

 

Зөрчлийн шинэ хуулийг та хир мэдэх вэ?
Аливаа хуулийг хэрэгжүүлэхийн өмнө нэг талаас тухайн хуулийг олон нийтэд сурталчлан тайлбарлан таниулах, нөгөө талаас тухайн хуулийг хэрэгжүүлэх, сахиулах үүрэгтэй байгууллагуудын ажилтнууд буюу цагдаа, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нарыг сургалтанд хамруулан мэргэжүүлэх шаардлагатай. Ингэж гэмээнэ тус хуулийн агуулгыг олон нийт ойлгож, хэрэгжүүлэх сахиулах ажилтнуудад ажиллахад дөхөмтэй байдаг.
Гэтэл 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн шинэ хуулийн хувьд иргэдэд сурталчлах, хуулийн ажилтнуудыг сургалтанд хамруулах явдал бараг хийгдээгүй гэхэд нэг их хэлсдэхгүй биз. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль болсонтой холбоотойгоор эдгээр хуульд анхаарах явдал суларч, улмаар хуулийн агуулгыг ойлгох иргэдийн ойлголт болон хууль хяналтын байгууллагын ажилтны хуульд хандах хандлага сул байгаа нь эдгээр хуультай холбоотой алдаа доголдол гарах нөхцлийг үүсгээд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн хувьд "ГҮТГЭХ” гэмт хэргийг Эрүүгийн хуульд оруулаагүй хэмээн талархаж байсанч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгөдж буй Зөрчлийн хуулийн 6.21.1-д заасан Гүтгэх зөрчил буюу "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн хуулийн заалт нь сэтгүүлч, хэвлэн нийтлэгч болон, хэвлэл мэдээллийн байгууллагыг санхүүгийн хувьд дааж давшгүй хүнд нөхцөлд байдал руу түлхэж байгаагаас гадна ардчилалын үнэт зүйл болох хэвлэн нийтлэх эрхийг мөнгөн торгуулиар дамжуулан боомилсон хууль болсон гэж үзэхэд хүргэж байна. Мөн хууль сахиулагчдын хэвлэл мэдээллийн болон цахим орчны талаарх мэдлэггүй байдал нь хэвлэн нийтлэгчийг "гүтгэгч” мэтээр олон нийтэд ойлгуулах, тэдэнд торгууль оногдуудах нөхцлийг бүрдүүлчихээд байна.

Хэсгийн байцаагч нарт хэт төвлөрсөн ачаалал
Зөрчлийн хуулиар тухайн орон нутаг, засаг захиргаанд үйлдэгдсэн зөрчлийг шалгаж шийдвэрлэх үүргийг тухайн хэсгийн байцаагч нарт оногдуулсан. Өмнө нь Эрүүгийн хуульд байсан ГҮТГЭХ гэмт хэргийг одоогийн эрүүгийн шинэ хуулиас хасч, Зөрчлийн хуулинд оруулсан. Хуулийн дагуу тухайн зөрчлийг хэсгийг байцаагч нар шалгаж шийдвэрлэх ёстой. Гэтэл "орон байр, автомашины толь шил, адуу малны хулгайн хэргээ шалгаад барахгүй тэдэнд, дээр нь Зөрчлийн шинэ хуулиар гүтгэх болон бусад зөрчлийг тэд шалгах үүрэг оногдсон.
Ер нь 4000 орчим хүнтэй баг хороонд нэг хэсгийн байцаагч ажиллах журамтай бол өдгөө 15000 хүн амтай хорооны цагдаагийн хэсэгт нэг хэсгийн байцаагч ажиллаж байна. Орон байрны хулгай, гэр бүлийн хүчирхийлэл, агсам согтуу, танхай зодооны хэргийн дуудлага тасрахгүй, эдгээр хэргээ шалгаж барахгүй сууж байгаа Хэсгийн байцаагч нар дээр нэмэгдээд Зөрчлийн хуулиар шалгах хэргүүд төвлөрөх боллоо.
Тухайн байцаагчийн ажлын ачаалал хэт өндөр ийм нөхцөлд ажиллаж байхад дээр нь нэмэгдээд өөрсдийн нь сайн мэдэхгүй, зарим нь бүр огт ойлгохгүй хэрэг болох Гүтгэх зөрчлийг шалгаж шийдвэрлэх ёстой болж байна. Ингэхдээ эл хэргийг хоног хугацаанд шахагдаж шалгаж дуусгах ёстой болдог. Хэсгийн байцаагчийн хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан гүтгэлэг гэх гомдлыг хүлээж аваад шийдвэрлэхдээ хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчийн хөдөлмөрийн онцлогийг үл ойлгох, гүтгэлэг биш шүүмжлэл байтал түүнд анзааргагүй хандах, баримтыг нягтлан шалгахгүй байх, хэргийг шалгах хоног хугацаандаа шахагдаж гомдол гаргагч иргэний талд асуудлыг шийдвэрлэн сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагыг Зөрчлийн хуульд заасан хэмжээгээр торгох явдал гарах боллоо.

Салбарын сайдад хүргэх хүсэлт
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж бол хуулийн салбарыг сайн мэддэг, Монголын өмнө барих сайн хуульчдийн нэг. Түүний өөрийн нь хэлсэн "үргэлж эгзэгтэй цаг үед хувь зохиол”-оор ХЗДХ-ийн сайд болдог гэсэн үг нь ч үнэний ортой юу гэлтэй.
Нэгэн цагт цагдаа, хууль шүүхээс давж гарсан рецитив гэмт хэрэгтнүүд, бизнесийн мафижсан бүлэглэл, рекитүүдийг энэ хүн л ХЗДХ-ийн сайд байхдаа төрийн "төмөр нүүр”-ийг үзүүлж, хуулийн өмнө бөхийлгөж, байх ёстой байранд нь тавьсан гэдэг. Тэгвэл энэ удаад таныг Зөрчлийн хуульд анхаарч өгөөч гэж хүсэх байна.
Мөн орон байрны хулгайтай тэмцээд хүрэлцдэггүй, өдөр шөнөгүй илүү цагаар ажилладаг, ядарч туйлдаж суугаа Хэсгийн байцаагч нарынхаа орон тоог нэмэгдүүлэх, ажлын ачааллыг нь үнэлж зөв хувиарлах, ажиллах орчин, ар гэрийн нөхцлийг нь анхааран үзээч гэж ХЗДХ-ийн сайд танд хандах байна.
Мөн улс төрчидтэй холбоотой шүүмжлэл бичсэнийхээ төлөө Зөрчлийн хуулиар торгуулахдаа тулж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын буруугүй үйлдэлд анхаарч ажиллахыг, тухайн зөрчлийг шалгаж нягтлан нотлох баримтанд үндэслэн зөрчил гаргасан гэх асуудалд хандахыг Цагдаагийн байгуулагын ажилтнууд, хэсгийн байцаагч нарт үүрэг чиглэл болгож өгөөч гэж хичээнгүйлэн хэлэх байна.
Үүнтэй холбоотойгоор Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл, Монголын Сайтын Холбоо зэрэг хэвлэл мэдээллийн мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан сургалт арга хэмжээг ЦЕГ болон ЭЦГ-тай хамтран зохион байгуулж, прокурор, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч нарыг мэдлэгжүүлэх чиглэлд анхааран ажиллаасай гэж хүсэх байна.
Эс бөгөөс ардчилалын үнэт зүйл болсон хэвлэлийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх хумигдаж, улс төрчид болон шийдвэр гаргах түвшний хүмүүсийн хэрэгжүүлж байгаа үйл хэрэг, арга барилд сэтгүүлч шүүмжлэлттэй хандсны төлөө Зөрчлийн хуулийн дагуу "зөрчил гаргагч, бусдыг гүтгэгч болон хувирч” улмаар хэвлэн нийтлэгчид хуульд заасан өндөр хэмжээний мөнгөн /сэтгүүлч 2 сая төгрөг, ХМБ-ыг 20 сая төгрөг/ торгууль оногдож байгаа нь ардчилалын үнэт зүйлийн нэг болсон хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлах, сэтгүүлчийн дуу хоолойг хорих, иргэдийн мэдэх эрхийг боомилох, шийдвэр гаргагчидад хандсан бодит шүүмжлэлийг үгүй хийх хандлагыг бий болгож, улмаар Монгол улс ардчилсан нийгмийн зарчмаас нэг алхам ухрах байдалд хүрч болзошгүй байгааг таньд дуулгах байна.

Ц.Мөнх

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!