Үнийг ТӨР биш ӨРСӨЛДӨӨН тогтоодог

🕔 2017/11/14 11:23

Үнийг ТӨР биш ӨРСӨЛДӨӨН тогтоодог

-Аливаа зүйлийн үнэ гэдэг нь түүний эрэлт, нийлүүлэлтийн зөрүүн дээр үүсдэг энгийн зүй тогтолтой. Зээлийн хүү нь "мөнгөний үнэ” гэж үзвэл мөнгөний эрэлт их, нийлүүлэлт бага байх хэрээр энэ нь өндрөөр тогтоно гэсэн үг. Тэгвэл ямар тохиолдолд зээлийн хүү буурах вэ? Хариулт нь мөн л энгийн. Санхүүгийн салбарт банктай өрсөлдөгчид гарч ирж байж өрсөлдөөний явцад үнэ нь буурна-

УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийн төсөл болон Мөнгөний бодлогын төслийг хэлэлцэж буй энэ үеэр нэр бүхий гишүүд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар арилжааны банкны зээлийн хүүд захиргааны аргаар дээд хязгаар тогтоох санал гаргаад байна. Харин Монголын банкуудын холбоо улстөрчдийн дээрх санаачилгыг буруутгаж байгаагаа хариу илэрхийллээ. Чухам хэнийх нь зөв бэ?

Санхүүгийн салбарт арилжааны банкууд монополь байдлаар /95 хувь/ давамгайлж байгаа нь тэдгээртэй өрсөлдөх санхүүжилт, хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэр хөгжих бололцоог төрийн бодлогоор бий болгож чадаагүйтэй холбоотой гэж судлаачид үздэг.

Нэг үгээр бол банкуудтай өрсөлдөх санхүүжүүлэгч бий болсон цагт зээлийн хүү буурах ёстой байв. Учир нь аливаа бараа, бүтээгдэхүүний үнийг төр тогтоодоггүй, өрсөлдөөн өөрөө тогтоодог.Зээлийн хүү ч ялгаагүй мөнгөний "үнэ” юм. Харин энэ үнэ яаж бий болдог вэ? Аливаа зүйлийн үнэ гэдэг нь түүний эрэлт, нийлүүлэлтийн зөрүүн дээр үүсдэг энгийн зүй тогтолтой.

Зээлийн хүү нь "мөнгөний үнэ" гэж үзвэл мөнгөний эрэлт их, нийлүүлэлт бага байх хэрээр энэ нь өндрөөр тогтоно гэсэн үг. Тэгвэл ямар тохиолдолд зээлийн хүү буурах вэ? Хариулт нь мөн л энгийн. Санхүүгийн салбарт банктай өрсөлдөгчид гарч ирж байж өрсөлдөөний явцад үнэ нь буурна.

Цөөнгүй улс орны түүхэнд арилжааны банкууд нь санхүүгийн салбартаа давамгайлж байсан үе шат байдаг. Тэгэхдээ манайх шиг ийм урт буюу бараг 30 жил банкууд нь ноёлж ирсэн нь нэн ховор. Үүнд залруулга хийж, банкуудтай өрсөлдөхүйц санхүүжилтийн өөр эх үүсвэрүүд бий болгох, өрсөлдөөний зарчмаар үнэ буюу хүүг нь буулгах бодлого шаардлагатай болсон гэдэгтэй банкныхан ч өөрсдөө маргахгүй байх. Харин үүнийг төрийн зохицуулалт буюу захиргааны аргаар хэрэгжүүлэх гэж оролдож байгаа нь цорын ганц оновчтой арга зам хараахан биш. Тийм ч учраас Монголын банкуудын холбоо эсэргүүцэж буй хэрэг.

Зээлийн хүүд хязгаар тогтоох санаачилгыг гаргаад байгаа УИХ-ын гишүүдийн нэг болох ЗГХЭГ -ын дарга Г.Занданшатар телевизэд өгсөн ярилцлагадаа "дэлхийн 74 оронд захиргааны аргаар зээлийн хүүг хязгаарладаг” хэмээн тайлбарлажээ. Ийм улс орны жишээнд Япон, Хятад багтана. Гэхдээ тэдгээр улс оронд бодит байдал манайхаас эрс өөр. Үндэсний мөнгөн тэмдэгт болох иен, юань нь гэхэд ам.доллар руу хөрвөх чадвартай, зээлийн хүү үлэмж бага буюу нэг оронтой тоонд байдаг, тэдгээрт хуульчилсан зээлийн дээд хязгаар нь тун өндөр гэх мэтээр нөхцөл байдал нь өөр.

Зээлийн хүүгийн хязгаар тогтоох захиргааны аргыг санаачилж буй гишүүдийн хэлж байгаагаар Төв банк үүнийг хэрэгжүүлэх бөгөөд Монголбанкы бодлогын хүү дээр +4% гэсэн хувилбараар хязгаар тогтоож болох жишгийг ярьж байгаа бололтой. Зээлийн хүүд хязгаар тогтоодог улс орнуудад мөн л Төвбанкныхаа бодлогын хүүг ашигладаг бөгөөд тэдгээр нь манай бодлогын хүүнээс үлэмж бага.

Тухайлбал, АНУ-ын Төвбанкны хүү 1-1.25 байна. Хамгийн гол нь АНУ-ын Төвбанкны бодлогын хүү нь Монголбанкны бодлогын хүүнээс огт өөр зохицуулалтын үүрэг гүйцэтгэдэг гэж хэлж болно. АНУ-ын Төвбанк 1-1.25 хувийн хүүтэйгээр арилжааны банкууддаа мөнгө зээлүүлж, хямд санхүүжилтийн эх үүсвэр болдог. Гэтэл манайд Монголбанк 12%-ийн / бодлогын хүү/ хүүтэйгээр арилжааны банкуудаасаа мөнгө зээлдэг байх жишээтэй. Эдийн засгийн өгөгдөл нь эрс ондоо улс орнуудыг дуурайж зээлийн хүүгийн хязгаар тогтоох гээд байгаа юм биш үү гэсэн болгоомжлолыг эдийн засагчид хэлж байна.

Монголд зээлийн хүү өндөр байгаа нь үнэн. Үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн хүсдэг бага хүүтэй, урт хугацаатай зээлийн эрэлтийг хангаж чадахгүй байгаагаа банкууд ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ энэхүү үнийг хэн нэг банкны эзэн хүссэнээрээ тогтоох боломжгүй Яагаад гэвэл зээлийн хүү гэдэг нь өөрийн гэсэн зүй тогтолтой үйл явц, үзэгдэл юм.

Асуудлыг нөгөө талаас харвал зээлийн хүүг буулгах ёстой нь маргашгүй үнэн. Гэхдээ яаж гэдэгт л учир бий. Захиргааны аргаар "зээл” хэмээх бүтээгдэхүүний үнийг төрөөс тогтоогоод эхэлбэл бусад бараа, бүтээгдэхүүний үнийг ч төр тогтоох бололцоотой гэсэн үг үү? Энэ утгаараа зах зээлийн чөлөөт эдийн засгийн онолоос гажуудсан жишиг биш үү гэх мэт олон асуулт урган гарч болно.

Зээлийн хүүг бууруулахын тулд юуны өмнө санхүүгийн салбарт монополь байгаа банкуудтай байр суурь булаалдахуйц өрсөлдөгчдийг бий болгох хэрэгтэй. Түүний тулд мэдээж төрийн урт хугацааны бодлого, эрмэлзэл чухал. Захиргааны аргаар зээлийн хүүг буулгах нь өнөө маргаашдаа үр дүн нь үзэгдэх хялбар арга байж магадгүй ч хамгийн оновчтой нь мөн үү гэдгийг улстөрчдөөс биш мэргэжилтнүүдээс асууцгаая.

А.АЛИМАН

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!