“ХУРЦ” улс төр

🕔 2017/11/04 15:54

Сүнс байдаг гэх далд итгэл хүмүүст байдаг. Үүнтэй адил манай улс төрд "бүлэглэл”  гэж юм байна гэж ардууд өөр хоорондоо шивнэлдэх болжээ.Үүний өмнөхөн бид чинь  МАНАН гэдгийг найзынхаа нэрийг хэлж байгаа юм шиг ярьдаг болчихсон. Өнөөдөр, маргааш шартаад, нөгөөдөр бас шартаад түүний маргааш бас... гэх зэргээр хийх ажилгүй, тавьсан зорилгогүй сууж буй нь "МАНАН-ийн Пи- нараас болсон” гэж бухимдах сайн эрчүүд ч байна. МАНАН гэсэн том хэнээрхэлдээ бид өөрсдөө  манантаж байна гэсэн үг. Нийгэмд нэг ийм нэг буруутан заасан далд мессеж тодрох тусам цаана нь жинхэнэ үнэн бүдгэрч байдаг. Ашгүй гэтэл... өнгөрөгч өдрүүдэд манай улс төрд "бүлэглэл” гэдэг бодитой  байгаа талаарх тагнадаг чагнадаг тун детектив төсөөллийг баталсан үйл явдал болж, оргилдоо хүрээд намжлаа.

 

Юун түрүүн хэлэх зүйл бол энэхүү бүлэглэл гэдгийг сайн мэдэж байгаа улстөрч өдөр өдрөөр нэмэгдэх болов. ... Бүгдийг  би мэдэж байгаа. Цаад эзнийг нь нэрлэнэ. Гэхдээ цаг нь болоогүй байна. Ер нь аймаар идсэн уусан бүлэглэл, хулгайчууд байгаа гэж улстөрчид мэдэгдэнэ... Ийм мэдээнд иргэд наанаа шохоорхож хандах ч цаанаа айдастай, ирээдүйдээ итгэлгүй гутранги болсоор байна.

 

Б.Хурцын мэдэгдэл С.Зоригийн хэрэг буюу одоо захиалагчийг нь  илрүүлэх болоод буй хэргийн хувь заяа,ирээдүйг бодсон зовинол байсан юм болов уу. Гэвч гол сэдвийнхээ ард бас нэг бүлэглэл байгаа талаар дуугарлаа. "Эрдэнэтийн шахаа” гэж товчилж болох энэ бүлэгт хонь чоно шиг харагддаг хоёр намын гурван хүн нэр цохогдов. Өнөөх МАНАН-гийнхан л нийлцэн байна гэж иргэд энийг цаг агаарын мэдээ шиг хэвийн хүлээж авдаг болж.  Байнга  МАНАН -гийн тухай ярьсаар бидний оюун санааг ч сайн манантуулжээ. Уул нь тагнуулын экс дарга нь бол нэр зааж байгаад хэдэн улстөрчийг том шахаатай гэж нэр цохон мэдэгдэж байгаа юм. Үүнийг нь МАНАН-гийн хийдэг том юмны нэг жижиг хэсэг гэж бид ердийн хүлээж авах. Шударга ёсны амыг барьж буй  дарангуйлалд яасан их дасч байна аа, энэ нийгэм.

 

Б.Хурцын мэдэгдлийн дараа шахаанд нэр холбогдсон Д. Дорлигжав хариу ярилцлагыг Ийгл ТВ-ээр илгээв. Мэдээж Б.Хурц тагнуулч юу яриад байгаа ба хэлсэн зүйлс нь үндэслэлгүй. Бас л хэлээгүй, мэдэж байгаа  юм өөрт нь байгаа . Харзнаж байгаа. Цаг нь ирэхээр хэлнэ,ил болгож тавинаа гэлээ.  Шахааны бүлэглэлд нэр багтсан Н. Алтанхуяг бол аль эрт дуугараад эхэлсэн байсан. Хүчний байгууллага, АТГ нь улс төрийн захиалгат намнаач болсон  гэж ил тод зарласан. Хүргэнээ торны цаанаас одоо ч салгаж авч чадаагүй.  Зөвлөхөө хүртэл хэрэгт тавиад туучихсан. Их хилэнтэй, ууртай  байсан хүн. Гэвч Б.Хурцын нэр заасан мэдэгдэлд хариу өгөх гэж яарсанүй. Түүний энэ дуугүй байгаад ямар нэг тайлбар алга. Манай хүн бас нэг юм мэдэж л байгаа. Хэлэх цаг нь болоогүй л хэрэг гэж МАНАН судлаач болсон иргэд нь таамаг өрж сууна.

 

Томчууд "том” асуудал дээр бүгд нэг юм мэдээд байгаа ч ард түмэндээ илчлэх цаг нь ирдэггүй. Дөрөв дөрвөн жилээр сунасаар тэвчээрийг нь барж байна. Ингэсээр тэдний мэдэж байгаа юм нь  мананд сарнидаг мэт. Таг чиг....

 

Энэ бүхний эцэст МАНАН будаа болж, цаг нь болохоор хэн нь ямар бүлэглэлд байсан нь тодорно... гэж бид бас манантан итгэж үлдлээ.  Үнэндээ бол тийм юм болохгүй.  МАНАН-д   гарт баригдах юм байдаггүйн адил манай улс төрийн хутгуурт үнэн баримттай байлаа ч гэм зэмтэй улстөрч гэж байхгүй. Маш сайн гүрийдэг. Хууль гайхалтай барьж ярина. Өчигдөр чуулганы танхимын уур амьсгал  үүнийг дахин харуулсан. Ерөнхийлөгчийн ярьдаг 30 баян гэр бүл тэлж 3000 лицензийг атгаж буй 300 гэр бүл болж үржив. Уул уурхайн том төлөөлөгч нь Сангийн сайд байсан, лиценз зарсан талаарх олон баримт гаргаж хориг тавьж үзлээ. Энэ хоригоо Их хурлаар хэлэлцүүлж, Сангийн сайдыг нь сугалах шахаад алдсан ч улс төрийн хожил нь том гарлаа. МАН-ын хана баганыг дахин доргиож, эрх ашгийн цавуунд эвлэж байсан ан цавыг нь дахин  томсгож амжив.  Улс төрийн тоглоомны хөнгөхөөн нүүдэл Ерөнхий сайдыг хөөрхөн сандаргаж, Ерөнхийлөгчийн ээлжит сануулгыг дамжууллаа.

 

Энэ бүхний ард Б.Хурцын мэдэгдлийн эргэн тойрон дахь нөхцөл байдлыг дүгнэн харж болохоор дүр зураг тодорч байна. Б.Хурцын хийсэн мэдэгдэл сонин хэвлэл, сайтын уншилт хандалтыг нэмэгдүүлэх цагаахан зорилготой байгаагүй нь тодорхой. Нийгмийг сэргээж хөдөлгөөнд оруулах гэж улстөрчдөө том хэрэгт дайраагүй нь ойлгомжтой.

 

Хууль зүйн сайдын яаруу хийсэн хариу мэдэгдлээс Б.Хурц мөн л нэг бүлэглэлийн гол хүн болоод ирэв. Эндээс манай хоёрын ард хоёуланд нь хуурай ах, дүү нарын бүлэглэлүүд байна гэсэн логик үүснэ.  Энэ бүлэглэлүүдийн тэмцэл хурцдаж манай хоёрын амаар ноцтой мэдэгдлүүдийг хэлүүлээд байгаа гэж таамаглах болж байна. Тэгээд бүлэглэлүүд нь тохирсон бололтой. Б.Хурц нь хусагдаж Ц.Нямдоржийнхоо нөлөөтэй, хэлсэндээ хүрдгийг баталж тус болов. Хариуд нь зүгээр өнгөрөөгүй бололтой, Элчин сайдаар "цөлөгдөх” шийтгэлийг сонгожээ. Улс төрийн том дуулиан ингээд л гэнэт эхэлсэн шигээ гэнэт намжив. Улс төр хурцдаад ирснийг,  бүлэглэл гэдэг нь бодитой оршиж байгааг, мөн хоорондын дайн нь ширүүсч том буугаа барьж авсныг өрнөж буй үйл явдлууд харууллаа. Хууль үйлчилдэггүй "ХУРЦ” улс төрийн шинэ анги ингээд өндөрлөлөө. Мэдээж үргэлжлэл бий...

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

http://www.shuud.mn/content/read/490329.htm

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!