Хурцын мэдэгдлийн Хурц нь юундаа байна вэ?

🕔 2017/10/27 12:38

 

ТЕГ-ын дарга Б.Хурц мэдэгдэл хийсэн нь сенсаци тасрахгүйн дохио боллоо. Ирэх 7 хоногт Ерөнхий сайд ТЕГ-ын даргаа солихоор шийдсэнтэй холбоотой алхам байх. Харин энэ сэлгээ У.Хүрэлсүхэд сайнаар тусахгүй нь тэрээр ТЕГ-ын даргаар "гол өрсөлдөгч” М.Энхболдын фракцын Энхсүхийг томилох болсон байна. 
У.Хүрэлсүх яг Н.Алтанхуягийн алдааг даран давтаж байна. Ер нь ТЕГ-аа аваагүй Ерөнхий сайд хэн ч биш байдаг. Ойрын түүхээс, "Оюу толгой”-н үеэс дурдая! С.Баяр Ерөнхий сайд болмогцоо тэр оройдоо багтаж ТЕГ-ын даргаар Р.Болдыг томилж байсан. Энэ хүн бол С.Зоригийг хөнөөсөн хэргийн дараа ОХУ-ын ЭСЯ-ны хүлээн авалт дээр С.Баярт "Почему ты убил мальчика!” гэж хэлж байсан ИЗН-ын загалмайлсан эцэг, Ж.Батмөнх агсны нарийн бичиг байсан Р.Батаагийн дүү. Тэд С.Равдан генералын хүүхдүүд. Хэрэв ТЕГ "Secret Intelligence Service” мөн л юм бол Р.Болд яг таарсан "интеллигентный-сэхээтэн” байсан юм.
С.Баярыг явсны дараа Сү.Батболд Тагнуулын даргаа солиогүй, хэзээ хойно сонгуультай давхцан Д.Гэрэлээр сольсон ч МАН сонгуульд ялагдсан. Н.Алтанхуяг Ерөнхий сайд болоод Тагнуулын даргаа сольж чадалгүй 8 сар болоод, Д.Гэрэлийг "Сонгдо”-д хэвтэж байхад нь Д.Ариунсанг томилсон юм. Энэ "алдсан” саруудад нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг унагах ажил хийгдсэн! Хуульзүйн сайд Х.Тэмүжиний нь цагдаатай ноцолдсон гацаа ба түүний АНУ-ын ЭСЯ-нд очдог тухай тагнуулын мэдээлэл тархсан зэргээс эхлээд... Н.Алтанхуяг Ерөнхий сайд болоод хууль хүчний байгууллагуудын томилгоон дээр илэрхий хэнэггүй аашилж, Ц.Элбэгдоржид найр тавьснаас эцэст тэд Н.Алтанхуягийг гүйлгэх "хонгил” ухсан юм! Энэ удаад У.Хүрэлсүх бас л хонгилоо ухуулж байх шиг.., М.Энхболд ухна!
Ч.Сайханбилэгийн ЗГ томилогдоход Д.Ариунсан яаран өргөдлөө өгч оронд нь одоо энэ Б.Хурц АТГ-ын дэд даргаас "дэвшиж” ирсэн. Уг нь Д.Ариунсан яардаггүй л байсан юм. Тагнуулын даргаас Татварын дарга болгоно гэсэн молиго үмхчих шиг болсон. Харин Б.Хурц Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбатын охорхон настай хоёр ч ЗГ-ыг дамнуулан албаа хашиж. Энд гайхмаар асуумаар нь Ж.Эрдэнэбат яагаад нөгөө намынхаа Ерөнхий сайдын томилсон Тагнуулын даргаа солиогүй вэ? Олон хүн Ц.Элбэгдоржийн хүслээр болсон л гэж үздэг. 
ТЕГ-ын дарга бол Ерөнхий сайдын бараг цорын ганц соёо. Өөрийн Тагнуулын даргатай Ерөнхий сайд бол "наж могой”, харин бусдын Тагнуулын даргатай бол "чийгийн өт”! Ж.Эрдэнэбат Б.Хурцыг Шадар сайдаа дагаж мөрдөхөд л ашигласан шиг байгаа юм, хөөрхий хэмжээ нь тэр байх! Харин У.Хүрэлсүх үүний хариуд Ерөнхий сайд болбол заавал солих занаатай байсан нь мэдээж.
МАН-ын Бага хурлаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дэмжмэгц төрийн хамгаалалтанд авсан. Ингэж эрт авдгийн учир нь аанай л С.Зоригийн хэргээс үлдсэн сургамж. У.Хүрэлсүх УИХ-аас Ерөнхий сайд болох эрхээ авмагцаа, тэр оройдоо Б.Хурцыг солино гэж таамаглаж байсан ч эхлээд сайдуудаа "бодов”. Эцэст нь Б.Хурцыг солих болтол... 
Ц.Нямдорж сайд Б.Хурц "Солигдохоо мэдээд солиорч байна” гэж хариу мэдэгдээд ЦЕГ-ын даргыг өөрчлөх асуудлыг нэг цагийн дотор шийдэхээ мэдэгдлээ. 
Шинэ дарга нь ЦЕГ-ын даргаас буугаад Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Баатаржав, амин холбоо нь Ц.Нямдоржийн авгайн хамаатан... Цааш хөөвөл АТГ-ын Х.Энхжаргалын худ. Ийнхүү ЦЕГ ба ТЕГ, хууль зүйн сайд ба Ерөнхий сайдын томилгоо гэрлийн хурдаар шийдэгдэхэд цаана нь М.Энхболд тодорч эхлэв. С.Баатаржав сонгуулийн үед цацагдсан "Аархал” нэвтрүүлэгт М.Энхболдтой золгож байсан генералуудын нэг, харин Энхсүх бол М.Энхболдын фракцын хүн! У.Хүрэлсүх хэн ч биш боллоо! Яаж авсан тэгж алдах нь дээ! Уг нь хэлээд л байгаа...
Сонгууль ба Тагнуул
Сонгуулийн олон талт ажиллагааг нуршаад яах вэ? Харин сонгуулийн үеэр цуврал бичлэгүүд, нэвтрүүлгүүдийг хаана хийгээд байгааг хэн ч таамаглаагүй юм. Хэзээ хойно МАН-ын дотоод хагарлын үеэр У.Хүрэлсүх рүү чихэхийг оролдсон сулхан "гүтгэлэг” явсан ч амжилт олоогүй!
Харин үргээлгүүд ТЕГ-аас хийгдэж байжээ. МАН үнэмлэхүй 65 суудалтай ялснаас хойш Өмнөд хөршийн нөлөөлөл, санхүүгийн урсгал гайхалтай идэвхжсэн. Нэг хөгшин хятад авгайн нэртэй сангийн эзэн эмэг эх нь Монгол гаралтай болохыг батлаад 12тэрбум юаний хөрөнгө оруулалт хийнэ гэж явсан шүү дээ! Өмнөд хөршийн дарамтыг олон нийт ч мэдрэх хэмжээнд хүртэл. М.Энхболдыг нэр дэвшихээ зарлахын өмнөхөн Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д айлчлахад 2 тэрбум юаний буцалтгүй тусламж амлаж байв. Гадаад харилцаан дахь хүчний тэнцвэр өмнөд хөршийн зүгт огцом савлаж эхэллээ. Ингэхдээ Далай ламын айлчлалтай холбоотой хатуурхлыг Өмнөд хөрш чадамгай ашигласан юм. "Аз болж”, Энэтхэгийн алхам хүчний тэнцвэрт нөлөөлөөгүй бол асуудал бүр ч хурдацтай явагдах байв. 
Яг тэр үед манай Тагнуулын байууллага Төрийн эрхэнд бүгсэн хятадын эрлийзүүдийг зогсооход туслаж эхэлсэн байна. Өмнөд хөршийн түрэлтийн талаарх бүхий л мэдээлэл тэнд л цуглаад байв. Улсын эрх ашгийн үүднээс М.Энхболд ялж болохгүй! Бүр 2016 оны сонгуулийн үеэр МАН-ын хэт үнэмлэхүй ялалтыг урьдчилан таамагласан сөрөг тагнуулын ажилтнууд алс хязгаар нутгуудад хүртэл таран ажиллаж, өөрсдийг таамгийг хэр баталгаатай болохыг нотлох ажлыг хийсэн. Яг урьдчилан таамагласнаар нь гарсан байдаг. Хэрэв тийм бол М.Энхболд Ерөнхийлөгчөөр сонгогдох нь улс үндэсний хувьд эрсдэлтэй шийдэл болох нөхцөл бүрдэж байгаа нь нотлогдсон гэсэн үг. 
ТЕГ Х.Баттулгын сонгуулийн ажилд туслаж эхлэв. Тиймээс 2016 оны энэ бүх сүлжээ, мөнгөн урсгал, хуримтлалыг үүсгэх ба түгээх зохион байгуулалтыг нь эвдэн гацаах ёстой. Энэ ажлыг Г.Доржзодовоор хийлгэжээ.
Сонгуульд хүчтэй нөлөөлсөн эхний үргээлэг Г.Доржзодовоор эхлэв. Урьд нь зургаа долоон ажилтан гудамжнаас шүүрчихэж байсан Г.Доржзодовыг барихаар бүтэн зуут бужигнасан билээ. Г.Доржзодов үүргээ маш сайн гүйцэтгэжээ. Энэ зуур тэрээр МАН-ынхнаас хэрэгцээтэй бүх мэдээллийг салгаж авсан байжээ. Бүр хахуульдах гэж оролдсон мөнгөний хэмжээ, хэн өгөх ёстойг хүртэл. Г.Доржзодов мэргэжлийн хүн байсан ба түүний ажил төрлийн шилжилт, үйл явцыг удирдаж байжээ. Ингэснээр МАН ба түүний гадаад ивээн тэтгэгчдийн мөнгөний сүлжээ эвдрэлд оржээ. Үүнийг өнөөдөр "60 тэрбумын хэрэг” гэдэг!
Хоёр дахь үргээлэг нь "60 тэрбумын аархал” нэвтрүүлэг. МАН дахь 60 тэрбумын бүлэглэлийн ичээнд болж буй үйл явцуудыг харуулсан хувийн бичлэгүүдийн цуглуулга. Маш сайн судлаж, алдаагүй монтажилсан бичлэгийг Х.Баттулгын штабт бус өөр газарт бэлтгээд хүчтэй экспанс (цөмрөлт) хийсэн юм. Гуравт С.Ганбаатарт мөнгө өгөх ажлыг гүйцэтгэх ажлын шугамаар зохион байгуулж, эхний шатны төгсгөлд ил гаргажээ. Энд алдаа гарч С.Ганбаатарт дутуу ач холбогдол өгснөөс золтой л алдчихаагүй байна.
Х.Баттулгын штабаас орон нутагт цалин түгээх ажлыг саатуулсан ажиллагаа ч амжилттай болж, орон нутгийн иргэдийн сонголтонд хүчтэй нөлөө үзүүлж чадсан билээ. Мөнгийг МАН-ын нэр дэвшигчидүйлчилж байсан цагдаагийнхан барьсан хэрэг биш "баригдуулсан” байв. Эцэст нь санаа зовоож байсан мэтгэлцээний дараахан М.Энхболдыг бүрмөсөн сөхрүүлсэн мэтгэлцээнд бэлтгэж буй бичлэг... 
Энэ бүхэн ердийн пиар ажиллагааны сайтартөлөвлөсөн бүрдэл хэсгүүд мэт маш цэгцтэй, штабт ажиллагсад ч анзаарамгүй зохион байгуулалттай, цагаа олсон байдлаар хийгдсэн байдаг. Энэ ганцхан Б.Хурц хийгээгүй, энэ бол байгууллага! Энэ бүх үйл явцыг зогсоохын тулд Цагдаагийн хүчийг боломжит хэмжээгээр дайчилсан ч М.Энхболдод тус болоогүй билээ. 
Өмнөд хөршийн түрэлтийг төгс хийж тулд Ерөнхийлөгчийн сонгуулийг залгаад Засгийн газрыг огцруулав. Мөн л У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, бус олон хүнийг тагнаж чагнасан хэргийн гэрчийн бичлэгүүд шилээ даран гарсан. Харин яг энэ үед ТЕГ гэрэл цохисон, өөрөөр хэлбэл Тагнуул дотроос нь бичлэг задалсан. Гэвч үйл явц зогсолтгүй үргэлжилж, МАН-ын 65 гишүүн 33, 32-оороо яг дундуур нь цуулсан мэт хоёр хэсэг болсон. Монголд үндэсний үзэлтнүүдийн түрэлт санаанд оромгүй хүчтэй байж, 65 суудалтай, үнэмлэхүй эрх баригч хүчнийг хүртэл хоёр тэнцүү бүлэгт хувааж орхисон ийм үйл явцыг компьютерийн араас пост хийж, жиргэж, уулзаж зуу татаж байгаад хийдэггүй л дээ... Ахиад нэг алхвал УИХ-ыг "цэвэрлэх” байв.
Гэвч гацаа эхлэв. Ердөө нэг хүнээс У.Хүрэлсүхийн шийдвэргүй байдлаас болсон юм. Тэрээр намын явцуу эрх ашигт баригдсанаас асуудлыг цаад талыг харж чадалгүй санаачлагаа алдсан билээ. У.Хүрэлбаатарын, Ц.Нямдоржийн томилгоонуудад алдаа гарав. У.Хүрэлсүхийг заналхийлж, сүрдүүлсэн байж магадгүй нь түүний хэлсэн үгнээс харагддаг.
Ө.Энхтүвшингийн аальгүйтэл, энэ эргэлтийг зохион байгуулахад идэвхийлэн оролцсон хүмүүсийг гадуурхсан увайгүйтэл, ЗГ бүрэлдсэнээс хойшхи бүтэл зэхий алхамууд асуудлын гацааг эхлүүлсэн юм. Харин энэ зуур М.Энхболд сэхээ авч, У.Хүрэлсүхийг "хүлхэж” эхэлсэн. Дайны хажуугаар дажин гэж У.Хүрэлсүх-М.Энхболдын зөрчил дундаас MCS-ийнхэн хонжоо хайж эхэлсэн юм. Тэр хожооны төлөө У.Хүрэлсүх М.Энхболдын фракцаас 3 сайдын суудал суллаж авсан юм. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд 3 сайд, М.Энхболдын фракц 6 сайд, "33” бүлэг 6 сайд гэж хуваажээ. Харин дундын 3 сайд нь У.Хүрэлсүхийн алдаа болжээ.
М.Энх-Амгалан УИХ-ын дэд дарга болсны дараа л МАН-ын "33” бүлэг өөрсдийнхөө хэр тэнэгийг мэдсэн л дээ! Ингээд гацаа нь эвдрэл болон хувирчээ. "Боловсролтой биш эрс шийдэмгий, зоримог ерөнхий сайд л МАНАН-г устгана даа, тэр нь У.Хүрэлсүх!” гэсэн олон нийтийн найдвар, хүлээлт МАНАНд найр тавьсан тохироогоор бүрэн нурав. МОНГОЛ ялах учиртай үйл явцыг тэр наймаалцчихав. Одоо түүнээс хүлээх зүйл үлдсэнгүй, хэзээ авсан шигээ алдахыг хүлээх л үлдэх шив. МАНАН ялсаар!
Хурцын мэдэгдлийн хурц нь...
Б.Хурц ба ТЕГ-ын хэлтсийн даргын мэдэгдлийн хариуд ”60 тэрбумын аархал” бичлэгийн нэгэн баатрыг ЦЕГ-ын удирдлагад томилов. Хууль хүчний байгууллагуудыг гартаа авч, намын дотоод дэг журмыг сэргээх ба нийтийг хамарсан айдас хүйдсээр буцаж засаглахыг эрмэлзэж байгаа нь энэ! 
Үндэсний үзлийн эсрэг уриа хаа сайгүй тархаж эхлэв. Ч.Хүрэлбаатар З.Энхболдын "орчуулгатай ярь” гэсэн үгийг орон нутгийн явцуу үндсэрхэлийн далбаан дор ашиглаж болчимгүй үйлдэл хийснээ давтаж, өөрийнх нь асуудлыг тавьсныг сөргүүлж "Увсынхныг, дөрвөдүүдийг адаллаа” гэсэн хөгийн хамгаалалт хийн байж Сангийн сайд болов! Ийм хориглолтод зогсдог нь ямар ч үндэсний үзэлтний сул тал л даа! Үүнийг цаашид ч ашиглах биз...
Тийм ээ! Хурц ир нь Ц.Нямдоржийн Хятадын тагнуулын байгууллагатай холбогдсон тухай асуудлыг сөхөн гаргаж ирсэнд бий. Түүгээр кино хийж сургалтанд ашиглах тухай ярьсан нь энэхүү Монголд "хавтгайрсан” үзэгдлийг хаах оролдлого юм. 
Уг нь У.Хүрэлсүх дээр гацаа гараагүй бол УИХ-ын даргыг ч сольчих бололцоо байсан авч MCS-ийнхний тэчъяадсан шунал гай болжээ. MCS хүмүүсээ яг Н.Алтанхуягийн ЗГ-ын үеийн Ц.Элбэгдоржийн өрсөн загвараар байршуулсан юм. "Н.Алтанхуяг-Ч.Сайханбилэг ” хувилбар нь "У.Хүрэлсүх-Ч.Хүрэлбаатар” , "З.Энхболд-С.Баярцогт” хувилбар нь "М.Энхболд-М.Энх-Амгалан” гэсэн систем болов. ЗГ-ыг ч, УИХ-ыг хянана гэнэ. Дутагдалтай тал нь Ерөнхийлөгчийг яаж ч чадахгүй байгаа билээ. Ингэж У.Хүрэлсүх хүлүүлчихээр үнэндээ Ц.Нямдоржийн ЗГ шиг болчихсон юм. 
Үнэндээ Ц.Нямдорж УИХ-ын даргад сонирхолтой байсан, гэвч "хятадын баримжааг-хятадын "...” гэсэн хувилбараар солих бололцоогүйгээс асуудал намжаад байсан ба МАН-ын Их хурлын үеэр шийдэл гарах байтал Ц.Нямдорж Хуульзүйн сайдаар орж ирсэн байна. ЗГ-ын кабинетийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа Ц.Нямдоржийн шууд хийсэн мэдэгдэл нь "С.Зоригийн хэргийг илрүүлнэ, захиалагчийг олно” гэсэн амлалт байв. Энэ мэдэгдэл бол хоёр талдаа иртэй хутга л гэсэн үг! Асуудлыг яаж ч эргүүлж болно, харин АН руу юу? МАН руу юу?
АН руу эргүүлбэл сонгуулийн ашиг олно, харин МАН руу эргүүлбэл маш хүчтэй сахилгажуулалт хийгдэнэ. Тэр тусмаа С.Баяр нарт аюул учруулна! Одоо гадаад эрх ашгийн тоглолт эхэлнэ. Ц.Нямдорж Хятадын тагнуул уу? Б.Хурц Английн тагнуул уу?... Ер нь бол Б.Хурц Ц.Нямдоржийн үед гадаадаас Д.Энхбатыг хулгайлж ирэх ажилд гар дүрээд хожим Тагнуулын байгууллагын "томилолтоор” ажил хэргийн уулзалт хийхээр Лондон руу "илгээгдсэн” тэгээд баригдсан юм. С.Зоригийн хэргийн зэрэгцээ Д.Энхбатын хэрэг дээр буруутвал хоёулаа буруутах ёстой нэг завин дээр байгаа хүмүүс... С.Зориг илүү нэр төртэй хүн байх л даа, гэхдээ Д.Энхбат ч адилхан хүн. Гэтэл тэд С.Зоригийн хэргийг булаацалдсаар... Завин дээр нэг нь л үлдэх үү? Ц.Нямдорж үе үеийн тагнуулын дарга нартай шөргөөлцөлддөг болохыг, цагдааг яагаад тийшээ турхирах дуртай вэ? Тэр нэг 45 хуудас материалаас л болсон хэрэг л дээ...

Авиан Баатархуяг

https://www.facebook.com/photo.php?fbid=322945044846014&set=a.118316135308907.1073741828.100013915629333&type=3&theater

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!