ЗАР »
Хятадын тагнуулын ажиллагааны тухайд
Хошууч генерал Ж.Баатар саяхан буюу 2016 оны 12-р сард Монгол улсын прокурорын байгууллагад " Монгол улсын эсрэг чиглэсэн хятадын тагнуулчдын маш нууцлагдсан ажиллагаануудын нэг болох Ц.Нямдоржийн хятадын тагнуулын гар хөл болсон асуудлыг” шалгаж өгөхийг дахин хүсэж өргөдөл гаргасан тухайгаа ил захидлаар нийтэд дэлгэжээ. Дараа нь тэрээр Цензургүй ярианд оролцож энэ тухайгаа ил гарч ярилаа.
ТЕГ-ын дарга асан генерал Ж.Баатарыг улсын нууц задруулсан хэргээр 2003 онд 7 жилийн ялаар шийтгэсэн бөгөөд гурван жил ялаа эдэлсний дараа Н.Энхбаяр ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан хүн гэдгийг олон түмэн мэднэ. Ц.Нямдоржийн тагнуул гэдгийг удаа дараа ярилцлагаар батлан ярьдаг хүн.
Нэгдүгээрт Ж.Баатар гэдэг хүн бол хошууч генерал цолтой ТЕГын толгойлж байсан туршлагатай, Оросод сөрөг тагнуулаар суралцаж төгссөн мэргэжлийн тагнуулч хүн учир дэмий сул үг ярихгүй нь лавтай ч түүнийг улсын нууц задруулсан, бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн гэсэн зүйл ангиар 2003 онд шийтгэгдээд гарч ирээд арваад жил болж байгаа нэгэн.
Хоёрдугаарт түүний бичсэн ил захидалд манай улсыг тагнах турших сонирхол бусад орноос илүүтэйгээр өмнөд хөршид байдаг тухай ярьсан нь үнэн бөлгөө. Яагаад гэвэл бид түүхэндээ ганцхан удаа тусгаар тогтнолоо 1919-1921 онд Хятад улсад л алдаж байсан түүхтэй улс шүү дээ.Тэд ч манай нутгийг өөрсдөөсөө алдчихсан нутаг гэж бат нот итгэдэг улс. Хошууч генералын батлан бичсэн зүйлээс харахад Нямдорж бүр маш олон жил хятадын тагнуулын албатай холбоотой явсаар ирсэн нь хэнд ч ойлгомжтой баримттай өгүүлсэн байна билээ. Түүний захидлыг задалж дүгнэлт хийхдээ хэн нэгнийг буруутгах зорилт тавиагүй бөгөөд харин энэ хүний яриад байгаа Хятадын тагнуулийн ажиллагаа гэгч үнэн эсэхийг сонин хэвлэлд нийтлэгдсэн зүйлс болон Оросын зарим хүний бичсэн номноос иш татан дүгнэх гэж хамтдаа үзэцгээе.
Хорьдугаар зууны эхэн үе
Генералын захидал эхлэхдээ Хэрэв түүх сөхвөл, Хятадын тагнуулын алба ХХ зууны эхнээс Монгол улсыг тасралтгүй тагнасаар эдүгээ хүрлээ.Өнгөрсөн зууны эхээр "Гурамсал”, "Цагаан сараана”, "Газар тэнгэр”, "Ах дүүс”, "Гэзэггүйчүүд” гэх мэт тагнуулын олон бүлгийг үүсгэн байгуулж Монголчуудыг тагнаж хагалган бутаргаж ирсэн байдаг.Эдгээр бүлгийн дотроос хамгийн олон гишүүнчлэлтэй тагнан турших хорлон сүйтгэх бүлэг бол "гурамсал”.Хятад худалдаачид "гурамсал”-ын гол цөм болж ажилладаг байсан юм. Олноо өргөгдсөн монгол улсын үед 100 мянган хятад худалдаачид монгол орноор хэрэн хэсэж явдаг байжээ. Тэдний олонхи хятадын тагнуулын мэдээллийн нууц эх сурвалж болдог байсан.Хятадын нийгэм, улс төрийн үзэгдэл, үйл явцын өөрчлөлт, хувиралтыг дагаад тагнуулын нууц бүлгүүдийн нэр хаяг нь ч солигдож ирсэн. Ардын засгийн жилүүдэд манай улсын эсрэг "Урам зориг хөгжүүлэх нийгэмлэг”, "Их Азийн бүлэг” гэх зэрэг японы тагнуулын халхавчийн байгууллагуудын нэр хаягийг зээлдэн хятадын тагнуулууд БНМАУ-ыг тагнах ажиллагаа явуулдаг байв.…” хэмээн дурджээ.
"Гурамсал” хэмээх бүлэг нь "Триад” гэгч бөгөөд анх 1674 оноос сонсогдож эхэлжээ. Монгол Манжийн нөлөөнд байх үед Хятадын "Шаолин” сүмд далд үүссэн "Манжийн эсрэг хан үндэстэн” гэсэн уриан дор бий болсон нууц байгууллага юм байна. "Гурамсал” буюу гурав гэдэг тоо нь дээд тэнгэр, доод газар, дунд нь орших хүн гэсэн гурвын холбоо гэж тайлбарладаг.
Тэр үед Манж Монголын хооронд байгуулсан гэрээгээр батлан хамгаалах салбарт цэрэг зэвсгээр хамтран ажиллана гэсэн заалттай байсан тул монгол цэргүүдээр "Шаолин” сүмд нуугдсан байгууллагыг шууд нухчин даруулсан бөгөөд тэр их хядлагаас амьд үлдсэн гурван нууц ажилтан цаашдаа зүүн өмнөд азируу гарч "Триад” буюу "Гурамсал” гэгч мафи үүссэн гэж түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг.
Триадын зарчим нь эхлээд тус улсад "чайнаа таун” бий болгодог тэгээд тэндээ нэг сүмтэй болдог, тэр сүмдээ нууц байгууллага нь бий болдог байсан байна.
Нийслэл хүрээнд хорьдугаар зууны эхэнд баригдсан Хятад маягийн хийцтэй хоёр сүм байдгийн нэг нь Хятадын хөхийн шашныг шүтэгч Гүвэ овогт Захар гэдэг хүн 1919-1920 оны үед шашны номлолыг Монголд дэлгэрүүлэх зорилгоор Их хүрээний баян чинээлэг пүүсүүдийн эзэн хятад иргэд, хятад лам нарын сүсэг бишрэлээр хуримтлагдсан мөнгөөр Гуанди шүтээн буюу Гэсэр сүмийг Тасганы овооны өвөрт байгуулжээ. Гуанди гэдэг нь Хятадын цэргийн нэгэн том эрхтэн Гуан Юүйн өргөмжилсөн нэр бөгөөд түүнийг тахин шүтсэн сүмийг "Гуан дийно” гэдэг байна.
Удаах нь Дарь эхийн сүм бөгөөд Улаанбаатар хотын Баянзүрхийн дүүрэгт тухайн үеийн Наймаа хот хэмээгч Амгаланд одоо ч байдаг. Их хүрээний газар хятад худалдаачдын Наймаа хотыг байгуулах болжээ. Элбэг-Амгалант гацаа , Наймаа хот , Амгалан баатар хот хэмээн тус тус нэрлэж байсан Улаанбаатарын чайна таун байсан бөгөөд яг энэ хоёр сүмд дээр өгүүлсэн "Гурамсал” анх байгуулагдсан гэж үздэг байна.
Сүмийн төв хэсэгт "Түмэн амьтныг их энэрэнгүй сэтгэлээр аварна” гэж хятдаар бичсэн байдаг.Гол сүмд хятад маягийн Дарь эх бурхны буултын өдөр хэмээн хуушаан нар хурал ном үйлддэг байв. Энэ сүмийг 1937-1938 онд нураасан .Дарь эхийн сүмийн чулуун багана нь боржин чулуун дээр хүн, амьтан, хээ, угалз ,бичиг үсгийг маш уранаар сийлж хийснээрээ онцлог бөгөөд монголд 11м өндөр ,ийм уран хийцтэй өндөр багана байдаггүй.
Энэ хоёр сүмд "триад” оршиж Да шин хү гэх мэт пүүсүүдийг элсүүлэн далд санхүүжүүлж зээл олгон өртүүлэх бодлогын маш чадамгай хийж байсан тухай архивт арвин материал үлджээ.
Социализмын үе
Мөн хошууч генерал цааш захидалдаа өгүүлэх дээ:
"БНХАУ 1949 онд байгуулагдсаны дараагаар манай нам, засаг 1954 оны эцсээр улсын хилийг найрамдал нөхөрлөл, эв нэгдлийн хил болгон зарлаж, Цэргийн яам, Дотоод яамыг 90 гаруй хувиар цомхтгон нэгтгэж, хилийн цэрэг, хилийн хамгаалалтыг татан буулгасныг далимдуулан энэ зай сиймхийгээр 50-иад онд хятадын тагнуул туршуулууд олон арваараа манай нутагт чөлөөтэй шургалан орж тархан суурьшдаг болсон юм. 50-иад он, 60 оны эхээр манай улсын баруун хилээр хятадын цэрэг, тагнуулын салбар цөмрөн орж ирж нутгийн ард иргэдийг хөөн зайлуулж газар нутгийг эзлэн сууж, шаардлага тавьсан аюулаас хамгаалах, хилийн төлөөлөгчдийг баривчлан зоддог хэрэг явдлыг удаа дараа гаргаж, хил орчмын нөхцөл байдлыг хурцатгаж байсан. Хятадуудтай харилцан зодолдвол түүгээр шалтаглан цэргийн мөргөлдөөн, хэрэг будлиан үүсгэхэд бэлэн байсан бөгөөд тийм шалтаг олгохгүйн тулд манай аюулаас хамгаалах, тагнуул, хилийн төлөөлөгчид номхон хүлцэнгүй байж, хятадын цэрэг цагдаа тагнуулынхны зодуурыг тэсвэрлэхээс өөр аргагүйд хүрдэг байв.Хятадуудад зодуулснаас манай аюулаас хамгаалах, хилийн төлөөлөгчдийн олон арван офицер, ахлагч, ажилтнууд гэмтэж бэртжээ.Баруун хилд цөмрөн орж ирсэн хятадын цэргийн тагнуулын салбар манай нутаг дээр тагнуулын үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. 1960, 61 оны байдлаар Монголын нутагт тагнах ажиллагаа явуулах үүрэг бүхий 100 туршуулаас бүрдсэн маш нууц сүлжээ байгуулчихсан нь илрэв…” хэмээжээ.
Социализмын үед тагнуулын ажиллагаа хэрхэн явагдаж байсныг цагдаагийн дэд хурандаа З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан гэсэн гарчигтай ярилцлагадаа:
"Дэлхий нийтээрээ гадаад тагнуулаа байршуулах олон хэлбэр бий. Элчин сайдын яам, Консулын газар, Төлөөлөгчийн газраар халхавчлан тагнуулаа илгээдэг. 1960 онд Хятад, Монгол хоёр их найрсаг байх үед хятадууд манайд ажиллах хүчин болгож 35-40 мянган ажилтан өгсөн. Тэр хятадууд аймаг болгонд барилга барьсан.Хөх даалимбан цамцтай, хар шаахайтай хятад ажилчид цэнхэртэж байдаг байсан.Туул голын ойрхон морин тойруулга дээр барилга барьж байсан хятадууд дотор тагнуул байгаа сэжиг гарсан юм.Шалгаад үзсэн чинь жирийн барилгачид дотор Хятадын генерал тоосго зөөж, шавар зуураад явж байсан шүү дээ.Гэтэл тэд бүгд цэргийн зохион байгуулалттай байсан. 3540 ажилтан бүгд Хятадын цэргийн хүмүүс байсан…” хэмээн ярьсан байдаг.
нэ түүх бол Хятадын талаас хамгийн анх 1958 онд 22,5 сая, 1960 онд 45,0 сая шилжих рублийн зээлийг жилийн нэг хувийн хүүтэй олгож Улаанбаатар хотын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн бөгөөд энэ үед Энх тайвны гүүр, Их тэнгэр, Их дэлгүүр, Улаанбаатар, Баянгол зочид буудал, 2 р цахилгаан станц 40,50, 120 мянгатыг Хятадын зээл болон засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан бөгөөд энэ барилга байгууламжийг барихаар ирсэн хятад ажилчдын тухай өгүүлж байгаа нь өнөөх л 20 р зууны эхээр хөдөлсөн тагнан турших ажил энэ үед ч явсаар байсныг илтгэнэ.
Ардчилсан хувьсгалаас хойших үе
"Манай улсын экспортын 85.6 хувь нь зөвхөн Хятадруу гаргадаг болжээ. Манай экспортын гол түүхий эд болох ашигт малтмал, эрдэс бүтээгдэхүүн үндсэндээ 100 хувь Хятад руу гарч байна гээд тоочвол манай улсын эдийн засагт энэ улс маш том орон зайг эзэлж байгаа юм… Монгол Улсад оруулсан гадаадын нийт хөрөнгө оруулалтын 61 хувийг БНХАУ-ын хөрөнгө оруулалт эзэлдэг. 2009 оны эцсийн байдлаар Монгол Улсад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 4927 компани бүртгэгдэж, нийт 2.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна…хэмээн Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн зөвлөх Н.Энхтайван 2010 оны 7 сарын 15 нд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. Үнээс хойш 7 жил өнгөрсөн болохоор энэ тоо улам өссөн нь тодорхой юм.
"Цензургүй яриа”-нд хошууч генерал Ж.Баатар энэ тухай өгүүлэхдээ;
"Энэ тагнуулын ажиллагаа их эртнээс улбаатай юм. Манай орныг 1900 оноос эхлээд Хятадын тагнуул судалж эхэлсэн юм шүү дээ…1912 оны 2 р сарын 12-нд БНХУ байгуулагдсан юм. Тэгээд 2 сарын 16 нд Хятад улсын үндэсний хурал нь түр ерөнхийлөгчөөр Юань Ши Кайг томилсон. Тэгээд гуравдугаар сарын эхээр бүх тагнуулын байгууллагын удирдагчид болон засгийн газар нь хэд хоног зөвлөгөөн хийсэн бөгөөд тэр зөвлөгөөн дээр Монголын асуудлыг авч хэлэлцсэн байдаг. Энэ зөвлөгөөнөөр Монгол улсыг Хятадад нэгтгэх зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд Олноо өргөгдсөн Монгол улсыг эдийн засгийн талаар Хятадаас хараат улс болгох, Монголын ард түмнийг өрийн барьцаанд авах, Дотоод Монгол,Гадаад Монголыг нэгдүүлэхгүй болгох, Олноо өргөгдсөн Монгол улсыг олон улсын тавцанд ганцаардуулах, Богд Жавзундамбын засгийн газрыг хагалан бутаргах, Богдын нэрийг унагах болохгүй бол алах…тэр цагт Хятадын тагнуулын Сийлэнбуугийн яам хөөгдөөд гарчихсан болохоор "Хятад иргэдийн зөвлөл” гэгчийг байгуулж дээр ярьсан "Гурамсал” бүлгийг ажиллуулж эхэлсэн болохоор дээрх зорилтуудын ихэнх нь биелсэн байдаг…Хоёр Монгол нэгдээгүй, 1915 оны Хиагтын гэрээгээр манай тусгаар тогтнолыг үгүй хийж чадсан, засгийн газрыг хагалсан нь одоо энэ Нямдоржийн хийж байгаатай ижил арга барилаар хар, шар гэж хагалсан …Тэр зорилтоос хоёр нь бүрэн биелээгүй үлдсэн. Эхнийх нь эдийн засгаар Хятадаас хараат улс болгох, улс даяар нь өртүүлэх хоёр бодлого…гэхдээ энэ бодлого одоо ч яваад бараг хэрэгжиж байна …” хэмээн ярилаа.
Ерээд оны үед нэг хэсэг яригдаад л намждаг байсан олон сэжигтэй яриа байдаг.Үүний нэг нь ерөнхийлөгч Н.Багабандийн Туул жинпангийн хэрэг буюу түүнийг Хятадын тагнуулын албадтай холбогдсон тухай яриа.Энэ талаар хэвлэлд их бичсэн.
…1991 онд Багабаньди Хятад улсад айлчлахдаа Туул жинпан компанийн захирал Хуй хай пинтэй эхнэр А.Оюунбилэгээ холбож өгөөд тэд хоорондоо маш дотно болж улмаар Туул жин пангаас 9 сая төгрөгийн хахууль авсан, дараа нь 1993 онд дахин энэ мэт үйл явдал давтагдсан гэх мэтээр олон цуврал нийтлэл гарч хожим нь 1994 онд энэ тухай шалгасан хүмүүсийн дунд байсан Ц.Элбэгдорж Улсын нууц задруулсан хэргээр УИХ-ын гишүүнээс хөөгдсөн явдал бөгөөд энэ үед хошууч генерал Ж.Баатар Туул Жин Пангийн хятад тагнуулыг бичилт хийж байтал тэр нь ерөнхийлөгчийн эхнэртэй холбогдож тэгээд чи биднийг тагнаад байна гэж хэл аманд орж зуулгасан гэж Баатар өөрөө хэллээ.
Тэр үед өнөөгийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбай дээр болсон жагсаал цуглааны үеэр Монголд байгаа хятадын тагнуулын нууц байгууллагуудын тухай ярихдаа Туул-жин пан дэлгүүр нь Хятадын тагнуулын байгууллагуудын сүлжээний нэг хэсэг болох тухай жишээ татаад Хятадын тагнуулын хэд хэдэн объек Монголд байгаа тухай олны өмнө ярьсан юм.
Бас дараа нь буюу 1996 оны VII сарын 19-нд Мэндсайхан овогтой Энхсайхан Ерөнхий сайд болов. Тэрбээр 12 дугаар сарын 5-нд Засгийн газрын 290 дүгээр тогтоолыг баталж, Монгол Улсын тагнуулын төв газрыг татан буулгалаа. Энэхүү тогтоолын дагуу Улсын аюулгүй байдлыг хангах газрын даргын 1996 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 03 тоот тушаал гарч олон арван жилийн турш өндөр түвшинд бэлтгэгдсэн 110 гаруй ажилтнуудыг хоморголон халжээ. Тагнуулын ерөнхий газрын албан ёсны сайтад "1996 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 290 дугаар тогтоолоор тус газрыг татан буулгаж, 2000 онд мөн газрыг Тагнуулын ерөнхий газар болгожээ” хэмээн бичсэн байдаг.
Ц.Нямдорж, Н.Багабанди М.Энхсайхан нарыг Хятадын тагнуул мөн биш, тэдний гар хөл санаатай хийгээд санаандгүй болсон эсэхийг хууль, шүүх тогтоох асуудал юм.
Харин сүүлийн гучь орчим жилд манай гадаад худалдааны 90 шахуу хувь нь урагшаа гарч байгаа тухай эхэнд дурдсан бөгөөд 90 хувь гадаадын буюу Хятадын ажил олгогч, худалдан авагч, хамтран ашиглагч, хөрөнгө оруулагчтай уул уурхайн компаниудын цаана манай улс төрийн томчууд байдаг нь хэнд ч ил зүйл билээ. Тэхээр бид бүр 1912 оны үед гаргасан Хятадын Монголыг нэгтгэх зорилт энэ сүүлийн 27 жилд биелэлээ олсон юм биш биз. Бид эдийн засгийн алуурчин гэж их ярих болсон ч тэднийгээ зангиа зүүсэн барууны хүмүүс гэж бодоод байдаг атал экспортын ерэн хувийг эзэмшиж буй Хятад эзэд юм биш биз?
Энэ дээр өгүүлсэн хэдэн жишээ бол ил нүдэн дээр харагдаж байгаа зүйлс.
Тэгвэл ил харагддаггүй, олны танил биш хэчнээн ч тагнуул бидний дунд яваа мөн хэн гэгч эрхэм Хятадын тагнуулын гар хөл болчихсон, ядаж л тэр цагтаа тэдний заавраар ажиллаж тушаал шийдвэр гаргаж байсан зэргийг харах ямар ч боломжгүй шахуу болжээ.
Өнөөгийн Хятадын тагнуулын байгууллагуудын тухайд
Мэргэжилтнүүд "Хятад бол анхны тагнуулийн онолыг бий болгосон орон” гэж үздэг нь ч дэмий үг биш юм.
Одоогоор олонд танил болсон эртний Хятадын зургаан нууц ном байдаг. Үүний нэг нь Сүн Зи-гийн "Дайтах урлаг” хэмээх ном билээ. Энэ нууц судруудад хэрхэн дайснаа хүч бага гаргаж цэргийн гэхээсээ энхийн мэт аргаар аажуу дийлэх тухайд сургасан байдаг ажээ.
Дайтах урлаг номонд өгүүлэхдээ…эхлээд цэргийн бус хүч хэрэгслийг ашиглах хэрэгтэй. Үүний үндэс нь дайсны түшмэдийн аппаратыг задлан хуваах, самууруулан завхруулах 12 арга юм. Тэр нь аялдан дагалдах, хүслийг нь зоргоор нь тавих, өөрийн талд татах, мөнгө болон хүүхнээр самууруулах, хуйвалдаан зохион байгуулах, дураар нь тавих, үгсэн тохиролцох, хорлон сүйтгэх ажиллагаанд татан оролцуулах, бялдуучлах, тоглоомын сайдууд томилох, сүрдүүлэг хийх гэжээ.Энэ бүхний хүчинд засгийг зэвсгийн хүчээр бус тайван замаар солих, улмаар улс орны тусгаар тогтнолыг алдуулснаар дуусгавар болох учиртай хэмээжээ.
Хятад улс батлан хамгаалах салбартаа жил 188 тэрбум доллар зарцуулдаг, жил бүр техник, технологи, зэвсгийн шинэчлэлд 67 тэрбум доллар зарцуулдаг оронд гадаад тагнуулын ажиллагаандаа хэчнээнийг төсөвлөх нь ойлгомжтой юм.
Дээр дурдаад өнгөрсөн олон нууц байгууллагын нэг "Гурамсал” буюу Триад гэхэд Хонг Конг болон эх газрын шөнийн цэнгээний газрууд, казино, хар тамхи, янхан зэрэг мафийн үйл ажиллагааг нийтэд нь хянадаг төдийгүй тэдний толгойлогчдод НАХЯ,УАХЯ ны офицерүүд шургалсан байдаг байна. Гэмт хэргийн бүлэглэл улсынхаа аюулыг хамгаалахтай хамтарч ажилдаг туршлага бол ганц Хятад төдийгүй Оросод бүр цаашилбал АНУ зэрэг барууны орнуудад ч түгээмэл байдаг.
Орос анх өмч хувьчлал эхлэх үед Ю.А.Андропов ерөнхийлөгч байхдаа гэмт хэргийн ертөнцийн хуульчлагдсан хулгайчуудыг өршөөлөөр суллаж тэднээр гэмт хэргийн бүлгүүдийг үүсгээд давхар хянаж байсан, тэр цагт Оросын шоронд 3-4 сая хоригдол байсны гол гол хүмүүсийг өршөөлөөр сулалж өмч хувьчлалд бүлэг болгон оруулсан бол өмч хувчлал гадныхны гарт бүгдээрээ орчилгүй Оросод үлдсэний дараа нь В.В.Путин тэдний хооронд гүйцэтгэх ажлын шугамаар зөрчил зориуд үүсгэж хооронд нь алалцуулж зарим олигархийг шоронд хийж, заримыг нь нутгаасаа хөөж дарсан түүх бэлээхэн бий. Оросын зэвсгийн наймааны томоохон бүлгийн толгойлогч Оросын гэмт хэргийн загалмайлсан эцэг гэгдэг Виктор Бутыг ч АНУ ын тагнуулын алба ашиглаж байсан тухай Николас Кэйжийн гол дүрд нь тоглосон "Дайны бурхан” хэмээх уран сайхны кино хүртэл хийж гаргасан байдаг.
Хятад улс 1980 аад оноос маш эрчимтэйгээр тагнуул, сөрөх тагнуулын бүтцийг сайжруулж 10 -15 жилийн хооронд бүх дэлхийг хэрсэн үйлдвэрийн болон улс төрийн маш хүчирхэг тагнуулын сүлжээтэй болжээ. "Хятад хүн бүр тагнуул хийж чадна хийх ч үүрэгтэй” гэсэн уриан дор тэд дэлхийгээр нэг тарсан цагаач иргэдийн бүлэглэл болох "хуайцо”( хужаа ) бүлэг эхлээд ажилдаа ордог байна.
Хятадын НАХЯ тусгай тагнуулын дээд сургуулийг 1983 онд байгуулж 1000 гаруй хүнийг төгсгөсөн бөгөөд 1989 оны Тяньмэний талбайд залуучуудын хөдөлгөөнийг цус асгаруулан дарах ажилд тэд оролцжээ. Мөн 1983 онд Улсыг Аюулаас Хамгаалах Яам буюу Гоаньбуг 300 мянгаас дээш алдагсадтайгаар шинээр байгуулжээ. Энэ байгууллага маш сайн цалин хангамжтай бөгөөд АНУ, Япон болон Европоос авчирсан орчин үеийн техник технологитой. УАХЯамны тагнуулын бүтэц "Ирвэс” "Цасны чоно”… гэх мэт олон нууц бүлэглэлүүдтэй байдаг.
Энэ байгууллага тагнуулын ажлын далайцаараа дэлхийд гуравт орно гэж үздэг. Тэд цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийн тагнуулаас эхлээд сансар, цэрэг армийн үйлдвэрлэл зэрэг маш олон салбарт амжилттай тагнуулын ажиллагаа явуулсаар байна. Хятад улс зөвхөн сансрын төсөвт хоёр тэрбум доллар төсөвлөсөн бол Орос улс нэг тэрбумын төсөвтэй, Хятадын сансрын салбарт 200 мянга орчим хүн ажиллаж байгаа бол АНУ энэ салбарт 75 мянга хүн ажиллуулдаг зэргээс харахад Хятад улс ямар өргөн далайцтай хөдөлж байгааг харж болно хэмээн Олег Глазуновын "Китайская разведка” номонд дурдсан байна.
Сүүлийн арваад жилд Хятадын тагнуулын албад АНУ, Орос, Европод маш хүчтэй нөлөөтэй болсон байна. Хятадын тусгай албад аль эртнээс бусад улсын эрх барих байгууллагуудын бүтцэд орчинд нь мэдэгдэхгүйгээр нэвтрэх онцгой стратегийг ирээдүйтэй гэж үзэж нам улс төрийн удирдагчдыг нууцаар санхүүжүүлэх, улс төрийн зүтгэлтнүүдийн төрөл садангийн хүмүүст эдийн засгийн хөнгөлөлт ямар нэг аргаар үзүүлэх зэргээр ашиглаж эхэлснээ "нууц дайн” хэмээн нэрлэдэг байна.
Хэдийгээр энэ нууц дайн тэр дороо амжилт гаргахгүй ч ямхын онолоор яв явсаар тус улсын тусгаар тогтнолыг чимээгүй залгих зорилготой.Ийм чимээгүй дайн Орос оронд бас хэдийнээ эхлээд явж байгаа тухай "Известия” сонины нэгэн дугаарт " Чимээгүй түрэмгийллийн энэ үйл явц үнэхээр явагдаж, тэхдээ тооны хувьд ч учрыг нь олж болохооргүй тийм чимээгүй байдлаар явж байна” хэмээн бичиж байна. Хятад ийм чимээгүй түрэмгийлэлээ эхлээд Хонг Конг, Малайз, Филлипини, Тайланд, Сингапур улсуудад туршсан бөгөөд одоогийн байдлаар дээрх орнуудын зах зээлийн 50- 80 хувийг эх газрын Хятад хянаж байгаа буюу мөнгөний урсгалын ная хүртлэх хувь Хятадруу урсаж байгаа нь туршилт амжилттай хэрэгжиж байгааг шууд харуулж байна гэж барууны хэвлэлүүд маш ихээр бичих боллоо.
Бас нэг анхаармаар зүйл бол Хятадын тагнуулын алба ямар ч улс орны тухай мэдээллийн 80 хувийг зүгээр ил байгаа мэдээллээс олж болно гэдгийг олж харжээ. Тэгээд цахим ертөнцийг хянах ажилд их эртнээс бэлтгэлтэй орсон байх юм.
2004 онд анх Монголд төлөөлөгчийн газраа нээсэн ZTE компани нь одоо нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, "Жи мобайл” компанийн байрны дөрөвдүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулдаг юм. Арваад жилийн өмнө СDМА-2000 технологиор манай улсын баруун, өмнөд бүс нутагт тоон радио релейний сүлжээ байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
ZTE дэлхийд авилга, татвар, нууц мэдээлэл чагнадаг хэргээрээ алдаршжээ. Хятадын төрийн өмчид 51 хувь нь байдаг "ZTE” компани дэлхийд салбартаа үйл ажиллагааны цар хүрээгээр тавдугаарт жагсдаг хэдий ч нэр хүндээрээ хойноосоо нэгдүгээрт жагсах аж. Энэ компани нь дэлхийн хэд, хэдэн оронд харилцаа холбооны төхөөрөмжөөрөө дамжуулан хяналтаа тогтоосон байдаг. Ялангуяа Филиппин, Уганда, Замби, Кени, Шри-Ланка, Иран гээд хөгжиж буй орнуудад тагнаж туршсан хэрэгт холбогдож байжээ.АНУ-ын Конгрессын тагнуулын албыг хариуцсан байнгын хороо БНХАУ-ын цахилгаан холбооны Huawei болон "ZTE" хэмээх компаниуд жил шахам судалж гаргасан тайландаа эдгээр компаниудыг цаанаас нь Хятадын Засгийн газар удирддаг бөгөөд үүгээрээ дамжуулж өөр улсуудыг чагнаж тагнадаг гэжээ.
Энэ төхөөрөмжүүд дээр нууц программ суулгахад дэлхийн ихэнх хүмүүсийг чагнах боломжтой."HUAWEI" компанийн Англид нийлүүлсэн тоног төхөөрөмжөөс мэдээлэл хулгайлах чип илэрч байсан удаатай. Мөн Герман улсын бүх их, дээд сургууль болон шинжлэх ухааны байгууллагуудыг хооронд нь холбодог "Deutsches Forschungsnetz" хэмээх сүлжээнд "Huawei"-ийн төхөөрөмж ашиглаж болохгүй гээд хорьсон бол Австрали улс ч гэсэн мөн ийм шийдвэр гаргасан хэмээн дурдсан байна. Энэтхэг, Норвеги зэрэг орнууд "ZTE”-ийн төхөөрөмжийг яриаг замаас нь тагнадаг гэж хэрэглэхийг хориглож ч байсан.Жилд 20 миллиард ам, долларын гүйлгээ хийж хэдэн миллиард ам.долларын ашигтай ажилладаг Хятадын "HUAWEI", "ZTE" компаниудын бүтээгдэхүүн тоног төхөөрөмжөөс дэлхий нийтээр татгалзаж эхэлсэн аж.
Монгол Улсад интернетийн үйлчилгээ үзүүлдэг Railcom, Mobinet, Magicnet, Citinet, Micom компаниуд бүгд БНХАУ-ын ZTE, HUAWEI компанийн техник хэрэгсэл, программ хангамжийг ашигладаг гэж ярьдаг.
Эдгээрээс дүгнэхэд Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал алдагдах эрсдэл тун өндөр байна.Хөгжингүй орнууд татгалзах гол шалтгаан болсон өнөө нууц чипүүдээрээ энгийн иргэдээс эхлээд төрийн эрх мэдэлтнүүдийн нууцыг чагнаж болохыг хэн ч үгүйсгэхгүй юм.
Гэтэл энэ сүлжээг анх оруулж ирсэн хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабаньд төрийн эрхийг барих үедээ, 1998 онд БНХАУ руу албан ёсоор айлчилсан.Айлчлалын үед Н.Багабанди "ZTE” группийн үйл ажиллагаатай танилцаж, чухам тэр үед "Хөдөөгийн харилцаа холбооны сүлжээ” төслийг үзэглэсэн байна.Өөрөөр хэлбэл, Н.Багабандийн буянаар хятадууд Монголын харилцаа холбоонд ноёрхох дардан замынхаа эхийг тавьсан гэсэн үг.
Энэ айлчлалын дараа нэг их удалгүй "ZTE”-гийн төлөөлөгчид Монголд ирэхэд Н.Багабанди өөрийн биеэр хүлээн авч уулзжээ.Уг уулзалтаар Хятадын тал Монголд дөрвөн сая ам.долларын шууд дэмжлэг үзүүлсэн аж.Одоо сонсоход инээдтэй байж мэдэх ч тухай үед энэ хэмжээний мөнгө бүхэл бүтэн баялаг байсан.Гэхдээ дөрвөн саяас тусдаа мөнгө ч Монголд сэмээрхэн орж ирсэн гэж эх сурвалж ярьсан байдаг зэргээс хөөж үзвэл олон ээдрээтэй асуудлууд хөвөрч мэдэх юм.
Энэ анализ нийтлэлээрээ хэн нэгнийг Хятадын тагнуул байсан, одоо ч байгаа гэж батлах гээгүй бөгөөд батлах арга ч байхгүй тул өмнө сонин хэвлэлээр олонтоо бичигдсэн нийтлэл, өгүүллэг хийгээд Тагнуулын төв газрыг удирдаж байсан хошууч генерал Ж.Баатрын ярианд тулгуурлан дүгнэх гэж оролдов.
Монголоо гэсэн, тусгаар тогтнолоо гэсэн чин сэтгэлтэй нийтлэлч, сэтгүүлч, улс төрчид цаашид энэ талаар дэлгэрүүлэн бичих байх гэж найдаж байна. Бид тагнуул туршуул гэдгийг киногоор л ойлгодгоо одоо орхиж хамар доор чинь юу болоод байгааг харах нүдтэй, чихтэй, сэтгэлтэй улсад сануулах энэхүү дүгнэлтийг тэрлэв.
2017 оны 4 сарын 18
Нийтлэлч Доржхандын Төрмөнх
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!