ЗҮҮН ХҮРЭЭ ДАШЧОЙЛОН ХИЙДЭД ЦАМ ХАРАЙХ ЁСЛОЛ БОЛЛОО

🕔 2017/08/02 09:21

ЗҮҮН ХҮРЭЭ ДАШЧОЙЛОН ХИЙДЭД ЦАМ ХАРАЙХ ЁСЛОЛ БОЛЛОО
Зүүн хүрээ Дашчойлон хийдэд "Хүрээ цам” ёслол 15 дахь жилдээ өчигдөр зохион байгуулагдлаа. "Хүрээ цам”-ын ёс жаягийн зан үйл дөрөв хоногийн өмнөөс эхэлж лам хуврагууд ном хурдаг байна. Энэхүү жахар цам нь нууц тарнийн бясалгал дияаны зан үйл бөгөөд тус хийдийн лам хуврагууд 10 гаруй жилийн өмнөөс "Хүрээ цам”-ын хэлбэрт оруулан өөрийн хөрснөө буулгажээ.

Тэд цам гарахаас дөрвөн өдрийн өмнөөс бясалгал дияан, нянба дүва хийж, улмаар жахар цамд хэрэглэх балин тахил, баг өмсгөл тэргүүтнээ адислан, жанлав оршоох "адислага” хэмээх хурал хурдаг аж. Дараах гурван өдөр нь хот мандал болон аливаа муу бүхний үндсийг тасдагч сорын балинг дүвлэн бүтээх жахар цамын хурал хурах ба өдөр бүр дотор цам гардаг байна.

Харин зуны адаг сарын шинийн есний өдөр сүсэгтэн олонд цамын бүжиг, ёслолыг сонирхуулдаг. Ингэхдээ цамнах газрыг ариусган адисалж, тойрон цамнана. Энэ нь сав ертөнц болон түүн дээр оршин буй шим ертөнцийн мөнх бус чанарыг таньж мэдсэнээр сая ариусал гэгээрэлд хүрдгийг билэгддэг аж.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!