Улаанбаатарт Ази, Номхон далайн бүсийн скаутуудын 31-р жембори болно

🕔 2017/07/21 15:27

Улаанбаатарт Ази, Номхон далайн бүсийн скаутуудын 31-р жембори болно

Монголын Скаутын Холбоо Ази Номхон Далайн Бүсийн 31-р Жембори хэмээх Скаут хүүхдүүдийн майхант зусланг долоодугаар сарын 27-ноос эхлэн долоо  хоногийн турш Олон улсын хүүхдийн "Найрамдал” цогцолборт зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.  Энэхүү арга хэмжээнд  Ази-Номхон далайн бүсийн орнууд, Европ, Америк тивийн нийт 40 орны 1500 скаут, Монгол улсын 21 аймаг, 9 дүүргийн 4000 гаруй скаутууд болон сайн дурын 1500 гаруй удирдагч нар нийлээд 7000 хүүхэд залуучууд оролцох томоохон арга хэмжээ юм.

Байгаль дэлхийтэйгээ ойр байж, хайрлаж хамгаалах, өв тэгш хүмүүжилтэй зөв хүн болж төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлэх энэхүү арга хэмжээ нь монголд анх удаа болж байгаа хамгийн олон хүүхэд, залуучуудыг хамруулсан цугларалт гэдгээрээ онцлог юм. Ази Номхон Далайн Бүсийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа арга хэмжээг олон улсын стандартад нийцсэн олон төрлийн сонирхолтой хөтөлбөр, үйл ажиллагаа, зохион байгуулагдана. 

Жембори дээр скаут хүүхдүүдийг хөгжүүлэх 5 томоохон цогцолбор төв ажиллана. 

"Нүүдэлчдийн соёл цогцолбор” - /Монгол ахуй, нүүдэлчдийн соёл, уламжлалтай, танилцах өртөөнүүд/ - Зөвхөн гадаад оролцогчдод

"Адал явдалт цогцолбор” -  /Төрөл бүрийн авхаалж самбаа, эр зориг, багийн ажиллагаа шаардсан өртөөнүүд/
"Шинжлэх ухаан, танин мэдэхүйн цогцолбор” - /Шинжлэх ухааны туршилтууд, танин мэдэхүйн сонирхолтой өртөөнүүд/
"Браунси арал цогцолбор” - /Скаутын төрөл бүрийн ур чадваруудыг олгох, шинээр суралцах, хөгжих өртөөнүүд
"Нийгмийн хөгжлийн хотхон цогцолбор” - /Амьдрах арга ухаанд хэрэгтэй, дэлхийн иргэний хувьд нийгмийн асуудлуудад анхаарал хандуулах мэдээллийг багтаасан өртөөнүүд/
"Чөлөөт цагийн цогцолбор” - /Төрөл бүрийн спортын болон хөгжөөнт тоглоомууд, шинэ дуу, бүжиг сурах өртөөнүүд /

Хүүхэд бүхэн эдгээр төвүүдээр зочилж өөрийгөө сорьж, хөгжүүлж, шинэ мэдлэг, дадал, ур чадвар эзэмшихээс гадна үе тэнгийн олон найз нөхөдтэй болж, илүү ихийг хийж бүтээх хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй болоход туслах юм.

Монголын Скаутын Холбоо тус Жемборийг "Go Nomad” буюу "Нүүдэлчдийн зүг” гэсэн уриатайгаар зохион байгуулж нүүдэлчин ахуй соёлоо дэлхий дахинд сурталчлан таниулж байгаа нь талархууштай.

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үе тэнгийнхэнтэйгээ нэг хотхонд долоо хоногийн турш байрлаж 10 хүүхэд нэг салаа болж, өөрсдөө хоол хүнсээ төвлөрсөн цэгээс худалдан авалт хийж, хамтран хоолоо хийж, хамтран амьдарч, тоглох наадах орчноо өөрсдийн гараар бий болгох гээд сонирхолтой, хөгжилтэй байдлаар 7 хоногийн өнгөрүүлэх юм. 

Улаанбаатарт Ази, Номхон далайн бүсийн скаутуудын 31-р жембори болно

Байгалийн үзэсгэлэнт Баянголын хөндийд зохион байгуулагдах энэхүү арга хэмжээг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар хамтран зохион байгуулж байгаа бол Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Засгийн газрын ажлын хэсэг, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн ажлын хэсэг байгуулагдан дэмжиж ажиллаж байна. 

Мөн энэхүү сонирхолтой арга хэмжээг очиж сонирхохыг хүссэн хүн бүхэн "Day Visitor” хөтөлбөрт хамрагдаж, 10 мянган төгрөгийн төлбөр төлөөд скаут жемборийн бүсэд зочилж өдөр тутмын адал явдалт амьдралтай танилцах боломжтой юм.Монголын Скаутын Холбоо нь байгуулагдаад 26 жилийн турш тасралтгүй идэвхтэй үйл ажиллагаа явуулахдаа нийт 100,000 орчим хүүхэд залуучуудыг скаутын гишүүний эгнээндээ нэгтгэсэн байна. Эдгээр үе үеийн скаутуудыг  Ази Номхон Далайн Бүсийн 31-р  Жемборийн арга хэмжээг зохион байгуулалтын ажилд доорх байдлаар туслалцаа үзүүлэхийг хүсэж байна гэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!