ЭРДЭНЭ МЭТ “ЭРДЭНЭТ” ХУВЬЦАА ӨР ТЭГЛЭХ АМЛАЛТААС БОДИТОЙ СОНСОГДОЖ БАЙНА

🕔 2017/07/06 14:41

ЭРДЭНЭ МЭТ “ЭРДЭНЭТ” ХУВЬЦАА ӨР ТЭГЛЭХ АМЛАЛТААС БОДИТОЙ СОНСОГДОЖ БАЙНА
Эрдэнэтийн хувьцаатай, эвтэй найртай сайхан наадъя гэсэн уриалга цахим ертөнцөд давалгаалж байна. Төрт ёсны баяр наадмаа монголчууд бид өөрсдийн гараар босгосон "Эрдэнэт” үйлдвэрээс хувьцаа эзэмших эрхтэй өнгөлөг мэдээгээр угтаж байна. Дөрвөн сарын өмнө УИХ-ын шийдвэрээр ард түмний өмчлөлд эргэн ирсэн "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцаанаас нийт ард иргэдэд хувь эзэмшүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ шийдвэрийн дагуу Монгол Улсын иргэн бүр "Эрдэнэт”-ээс хувь эзэмших эрхтэй болж байгаа юм.

ОХУ "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувиа монголын талд шилжүүлсэн. Харамсалтай нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар төр эзэмших бүрэн эрхээсээ сайн дураар татгалзаж хувийн компанид хуйвалдаанаар, хууль бусаар энэ эрхээ шилжүүлсэн байдаг. Ингэхдээ Худалдаа хөгжлийн банкаар бамбай хийсэн "Монголиан коппер корпорейшн” ХХК хэмээх бизнесийн түүхгүй ганцхан жилийн настай компанид 400 сая ам.доллараар зарж орхисон. Харин энэ удаагийн УИХ хууль бус шийдвэрийг цуцалж 49 хувийг төрд эргүүлэн авсан юм.

Тэгэхээр "Эрдэнэт”-ээс хэдий хэмжээний хувь хишиг бидэнд, бидний гэр бүл, үр хүүхдэд ногдох вэ гээд тооцоо хийж үзье. Энэ бол эдийн засгийн нарийн тооцоолол биш, зөвхөн иргэний хувиар энгийн хар ухаанаар тооцсон тооцоолол юм. Төрийн эзэмшилд ирсэн 49 хувийг үнэлбэл хамгийн наад зах нь 400 сая ам.долларын үнэд хүрнэ. 400 сая ам.долларыг одоогийн ханш буюу 2350 төгрөгөөр тооцвол 940 тэрбум төгрөг. Манай улсын нийт хүн ам 3.1 сая гэж үзвэл нэг хүнд 303 мянган төгрөг ногдож байна. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэт” үйлдвэрээс эгэл жирийн иргэн надад ногдож буй хувь хишгийн хамгийн бага нэрлэсэн үнэ 303 мянган төгрөг болж байна. Нэг өрх дунджаар дөрвөн ам бүлтэй гэж тооцвол дор хаяж 1.2 сая төгрөгийн хувьцаатай болно гэсэн үг. Гэхдээ энэ бол хувьцааны хамгийн доод үнэ. Хувьцаагаа зарж борлуулна гэвэл хамгийн багадаа ийм үнэ ханшаар зарах боломжтой. Хэрвээ иргэн та өөрт оногдсон хувьцаагаа зарахгүй, жил болгон ногдол ашиг авна гэж шийдвэл үнэ нь "Эрдэнэт” үйлдвэрийн жилийн борлуулалт, ашгаас хамаарах юм. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсөөд л байвал бидний гар дээрх эрдэнэ мэт хувьцааны үнэ ханш, авах ногдол ашиг дагаад л өсөх боломжтой. Жишээ дурдахад, 2011 онд дэлхийн зах зээлд зэсийн үнэ "мандан бадарч”, 8000-9000 ам.долларт хүрч байх үед ОХУ "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувиасаа 110 тэрбум төгрөгийн ногдол ашиг авсан байдаг.

Иргэн бүр ингээд "Эрдэнэт”-ээсээ хувь эзэмшсэнээр асуудал дуусахгүй. Иргэн бүр хувьцаатай болсноор бодит орлого өснө, амьжиргаанд нь нэмэр болох нь гарцаагүй. Иргэд ногдол ашгаа аваад эхлэнгүүт хөгжиж байгаа хөрөнгийн зах зээл маань хөл дээрээ бат зогсож эхэлнэ. Гаднын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, эдийн засаг сэргэнэ гээд тоочвол олон давуу тал бий болно.

АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга өр тэглэх амлалт өгч яваа нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Яагаад гэвэл улсын жилийн төсвөөсөө давсан өрийг тэглэх ямар ч боломжгүй. Өр зээлгүй хүн ч байна. Гэхдээ өргүйгээсээ өртэй нь илүү олон. Өр зээлтэй иргэдийн өр ширийн хэмжээ харилцан адилгүй. Хэдэн тэрбумаар нь өр тавьчихсан нэгэн байхад 1-2 сая төгрөгийн өртэй нэгэн ч бий. Тэгэхээр өр тэглэхэд шударга ёсны болон бүх хүнд ижил тэгш хандах зарчим  үйлчлэхгүй.

Харин хүүхдийн мөнгийг нөхөн олгох, "Эрдэнэт” үйлдвэрээс хувьцаа эзэмших шийдвэр Монгол Улсын иргэн бүр, өрх болгонд хамаатай. 0-18 насныхан хүүхдийн мөнгөтэй, алдрай бяцхан үрсээс азай буурал хүртэл бүх хүн хувьцаатай болно. Шударга ёсны зарчим энд үйлчилж байна. Өр тэглэх хэзээ ч бүтэшгүй популист амлалттай харьцуулахад "Эрдэнэт” үйлдвэрээс хувьцаанаас иргэн бүртээ хувь эзэмшүүлэх, хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөгийг нөхөн олгох гэх мэт Засгийн газрын шийдвэр илүү амьдралтай бөгөөд бодитой сонсогдож байна. Хэрэгжих боломжтойг ч дээр дурдлаа. Өнөөдрийн байдлаар эдийн засаг 4-4,5 хувийн өсөлттэй, 500 тэрбум төгрөгийн давсан орлоготой байна. Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Тэгэхээр энэ давсан орлогоосоо хүүхдийн мөнгө аваагүй хүүхдүүдэд мөнгийг нь нөхөж олгож, цаашид бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох, эдийн засгийн орлогоос иргэн, өрх бүртээ хүртээх бодлогыг Засгийн газар хэрэгжүүлэхээ зарлалаа.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!