Л.Ганболд: Эрхтэн шилжүүлэн суулгууллаа гээд иргэн ядуурч болохгүй

🕔 2017/07/03 18:34

Л.Ганболд: Эрхтэн шилжүүлэн суулгууллаа гээд иргэн ядуурч болохгүйМонгол эмч нар " Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг” Монголдоо нутагшуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд өдөр тутам хэрэглэдэг технологи болгохоор зорин ажиллаж буй. 

 

Энэхүү  ажлыг эхлүүлэхийн тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмч нарыг Монголд урьж хамтран ажилласан түүхтэй. Тодруулбал, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал гэдэг нь олон төрлийн салбарын нэгдэл төдийгүй анагаахын шинжлэх ухааны технологийн дэвшил, мэргэжлийн баг хамт олны ажил билээ.  Энэ ажлын хүрээнд " Эрхтэн шилжүүлэн суулгалт”-ын Олон улсын хоёрдугаар хурлыг долоодугаар сарын 9, 10 –ны өдрүүдэд  Blue Sky-д зохион байгуулахаар болжээ. Энэ талаар АШУҮИС-ийн Яаралтай тусламж, Мэдээгүйжүүлэг судлалын тэнхмийн эрхлэгч, профессор Л.Ганболдтой ярилцлаа.

Монгол эмч нар"Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо” Азийн болон бусад олон орны эмч нарын багтай хамтран  энэхүү хурлыг зохион байгуулж байгаа нь сонирхол татлаа. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

"Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо” ТББ нь мэргэжлийн эмч нарын багтай хамтран тус хурлыг зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Тус холбооны тэргүүнээр Төрийн шагналт, Монгол Улсын гавьяат их эмч, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөрний мэс заслын тасгийн зөвлөх Д.Нямсүрэн ажиллаж байна. Бид энэхүү олон улсын хурлаараа эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний ололт амжилтын талаар олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, энэ салбарыг тэргүүлж яваа мэргэжлийн эмч нартай санал бодлоо солилцох, туршлага хуваалцах боломжтой томоохон хэмжээний хурал болно гэж харж байгаа. Манай улсын хувьд одоогийн байдлаар элэг, бөөр, ясны улаан чөмөг, үйдэл эс шилжүүлэн суулгаж байна.

Олон улсдаа нэр хүндтэй мэс заслын эмч нар нэг дороо цугларна гэж ойлголоо.  Тэгвэл энэ хурлын гол ач холбогдлыг та хэрхэн үзэж байна вэ?

 

Энэ хурлыг өөрийн улсдаа зохион байгуулснаар Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нь архаг өвчний төгсгөлийн шатанд хэрэгжүүлдэг, төгс эмчилгээнд тооцогддог бөгөөд үүнийг олон улсын төвшинд хэрхэн хүргэх  аргачлалыг хамтдаа хайж байгаа  хэрэг. 

Олон улсын тодотголтой уг хурлыг ЭМЯ, УНТЭ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын холбоо, Япон, Солонгосын эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг, Rafael international байгууллага, Vitallink зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулагчаар оролцож байна. Эдгээр зохион байгуулагчдаас гадна Эрхтэн шилжүүлэн суулгах эмч нарын дэлхийн холбооны тэргүүлэгчид, нийгэмлэгүүдийн удирдлагууд, эмч, мэргэжилтэн, судлаачид гээд 50 гаруй төлөөлөгчид оролцоно.

Энэ хурлыг өөрийн улсдаа зохион байгуулснаар Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нь архаг өвчний төгсгөлийн шатанд хэрэгжүүлдэг, төгс эмчилгээнд тооцогддог бөгөөд үүнийг олон улсын төвшинд хэрхэн хүргэх  аргачлалыг хамтдаа хайж байгаа  хэрэг.  Хоёрдугаарт, энэ эмчилгээ нь анагаах ухааны шинэ ололт амжилт, технологи дээр суурилдаг. Энэ  эмчилгээг хийхийн тулд донорын асуудал хамгийн чухал байр суурийг эзэлж байна. Донор эрхтэнийг зөв хүнд нь, таарсан цаг хугацаанд нь сонгож, шуурхай шийдвэр гаргах гэдэг их чухал. Тиймээс донор эрхтэний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахын тулд олон улсын хүрээнд харилцаа холбоог тогтоох шаардлагатай. Тиймээс бид энэ талаар олон улсын туршлагыг сонсох, асуудлыг хэлэлцэж,  шийдвэр гаргах түвшинд саналаа тавина.

Монгол Улсын хувьд эрхтэн шилжүүлэн суулгана гэдэг нэлээд хол сонсогддог. Яагаад гэвэл манай иргэд  гадаад орнуудыг  ихэвчлэн зорьж энэ эмчилгээг хийлгэдэг?

Өнөөдөр Монгол эмч нарын мэдлэг, чадвар олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн гэдгийг энд онцлох хэрэгтэй. Ялангуяа мэс засалчдын эмч нарын мэдлэг, чадвар үнэхээр сайжирч өндөр технологийг ашигласан нарийн төвөгтэй эмчилгээг хийх бололцоо бүрдсэн. Тиймээс манай улсын хувьд өөрсдөө эрхтэн шижүүлэх мэс заслыг  хийх цаг нь болсон, хийж ч байгаа.  Одоо хийхгүй бол  бид хэзээ хийх вэ. Тиймээс Монгол эмч нарын цаг болжээ гэж ойлгох хэрэгтэй.

(Эрхтэн шилжүүлэн суулгалт Монголын холбооны тэргүүн, УНТЭ-ийн зөвлөх эмч, хүний гавьяат эмч Д.Нямсүрэн, Глобал Медикал байгууллагын профессор ноён Дуглас нарын хамт)

Тэгвэл Азийн орнуудын аль төвшинд нь манай эмч нар байна вэ?

Монгол Улс хөгжлийнхөө үе шатаар буурай хөгжилтэй орнуудаас дунд хөгжилтэй улс орнуудын эгнээнд ороод төдийлэн удаагүй байна. Мэс заслын тусламжийн зохион байгуулалт, хүртээмж, эмчилгээ үйлчилгээний чанарын үзүүлэлтүүдээр дунд хөгжилтэй орнуудны дундаас манай улс жишиг орон болсон.

Мэс заслын хөгжил тогтвортой хөгжлийн эрин үед ямар байх вэ, дэлхий дахины мэс заслын яаралтай тусламжийг ямар төвшинд, хэрхэн хүргэх вэ гэдгийг 5 тивийн нэр хүнд бүхий 25 эрдэмтэд, судлаачид хамтарч чуулга зохион байгуулж дээрх зорилтыг тодорхойлсон. Энэ чуулган дээр Монгол Улсыг мэс заслын тусламжаа амжилттай хөгжүүлсэн жишиг  улс болгон зарлаж, сайн  үнэлгээ өгсөн. 

Цаашдаа дундаас дээш хөгжилтэй орнуудын дундаас Мексик улс, харин дундаас доош буурай хөгжилтэй орнууд Монгол Улсын жишигт хүрэхийн тулд хэрхэн ажиллах, ямар туршлага, ололт амжилтыг нь хуулбарлан хэрэгжүүлэх, хэдий хэрийн хөрөнгө зарцуулах шаардлагатайг тооцооолж гаргасан.  Манай улсын хувьд  21 аймгийн бүх нэгдсэн эмнэлгүүдэд мэс заслын тасаг  байдаг. Энэ нь орон нутагт амьдарч байгаа иргэдийн мэс заслын тусламжийг жигд, хүртээмжтэй хүргэхэд чухал ач холбогдолтой нэгжүүд мөн. Мэс заслын өрөөнд хэн бүхэн орж үзээгүй тул энэ салбарын үйл хэрэг хэрхэн явагдаж байгааг иргэн бүр мэдээд байх боломжгүй  ч  дэлхий дахинд монгол эмч нарын  ур чадварыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болно. Үүнээс гадна дархлаа судлал, лабораторийн болон анагаах ухааны олон салбарын эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар өндөр түвшинд хүрсний үр дүнд өнөөдөр эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол эмч нар хийж нутагшуулан ажиллаж байна. Бид "Монгол эмч, Монгол хүнд, Монгол нутагтаа шаардлагатай бүх тохиолдолд, эрхтэн шилжүүлэн суулгаж эмчлэх” эрхэм зорилгын дор нэгдэж ажиллаж байна.

Манай улс хамгийн анх ямар эрхтэнг шилжүүлэн суулгасан байдаг вэ?

 

Одоо ажиллаж байгаа эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний баг 2006 онд анх удаа бөөр шилжүүлэн суулгасан. Түүнээс хойш одоогийн байдлаар 135 иргэн шинэ бөөртэй болсон.

Одоо ажиллаж байгаа эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний баг 2006 онд анх удаа бөөр шилжүүлэн суулгасан. Түүнээс хойш одоогийн байдлаар 135 иргэн шинэ бөөртэй болсон. 2011 онд Солонгос эмч нарын багтай хамтран элэг шилжүүлсэн. Тэд эхлээд бүх дэд бүтэц, багаж хэрэгслээ авчрахын тулд онгоц дүүрэн ачаатай ирдэг байв. Тэгвэл одоо ингэх шаардлагагүй болсон. Манай эмч нарын баг өөрсдөө бие даан элэг шилжүүлэн суулгаж сурсан, шаардлагатай гэж үзвэл Солонгосоос ганц хоёр эмч нар ирдэг. Элэг шилжүүлэн суулгалт дээр Монгол Улс 49 дэх орон болсон. Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд болон бусад мэргэжлийн судалгааны байгууллагууд ямар оронд, ямар эрхтэнг шилжүүлэн суулгаж байгаа тал дээр анхаарал тавин ажилладаг. Энэ ажлын хүрээнд манай эмч нар жил бүр тайлангаа гаргаж өгдөг. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал дэлхийн хэмжээнд мэдээ мэдээллээ гаргаж, дүгнэн цэгнэдэг юм.

Эрхтэн шилжүүлэн суулгахад донорын асуудал их чухал. Манайхан ярьдаг л даа. Бидэнд бүтэн эрхтэн гэж байдаг юм уу гэж.  Тиймээс доноруудыг бэлтгэхэд ямар асуудал гардаг вэ. Мэдээж мэс заслын хэдэн эмч нар тойрч сууж байгаад донор олчихно гэж байхгүй биз дээ.

 

Донор хаанаас олох вэ гэдэг дээр нэг л зөв хариулт бий. Энд илэн далангүй ярихад хүн бүр амьдралын төгсгөлийг үздэг жамтай.  Энэ тохиолдолд нас барсан хүний эрхтэнийг авч  "амьгүй донор” болгох бололцоотой.

Донор хаанаас олох вэ гэдэг дээр нэг л зөв хариулт бий. Энд илэн далангүй ярихад хүн бүр амьдралын төгсгөлийг үздэг жамтай.  Энэ тохиолдолд нас барсан хүний эрхтэнийг авч  "амьгүй донор” болгох бололцоотой. Ялангуяа тархины гэмтэл ослын улмаас нас барж буй хүний тархины үйл ажиллагаа сэргэх боломж байдаггүй. Өөрөөр хэлбэл, тархи нь аль хэдийнээ ажиллахаа больсон (бидний хэллэгээр тархины үхэлтэй болсон) тохиолдолд бусад эрхтэнүүд нь эрүүл байх нь элбэг.  Тиймээс тархины үйл ажиллагаа зогсож, үхэжсэн үед тусгай зөвшөөрөлтэй туршлагатай эмч нарын баг зөвлөлгөөн хийж шийдвэр гарган тухайн цогцосноос донор эрхтэн авах боломжтой. Үүнийг дэлхий дахинд хамгийн зөв арга гэж үзээд байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн хүн бурхны хутгийг олсон хэдий ч нэг хүнд эрүүл эрхтэнээ бэлэглэх замаар амьдрал бэлэглээд явж байгаа гэсэн үг. Ийм учраас энэ бүхнийг иргэд их зөв ойлгох хэрэгтэй юм.

Та эмч хүн болохоор асуудлыг сайн мэдэж байгаа байх. Гэхдээ манайхан Монгол ёс заншлаа бодохоор нэг л бууж өгөхгүй сэдэв байж магадгүй?

Энэ бол үнэн. Монголчууд бусад орнуудаас өөр зан зашилтай. Тухайн хүнээ хүндэтгэх үүднээс цогцост нь хамаагүй хүрэхгүй, дал мөрөн дээрээ өргөж хүндлэж оршуулдаг ард түмэн. Энэ нь нэг ёсондоо тухайн хүнээ хайрлаж, хүндэтгэж байгаагийн илрэл. Хэдийгээр бодит амьдрал дээр ийм байгаа хэдий ч түүний цаана амьдрахыг хүссэн, эрхтэн шилжүүлэн суулгуулах ээлжээ хүлээсэн мянга мянган хүн үлдэж хоцордог нь жам. Тиймээс "нас барсны дараа миний эрхтэнийг шилжүүлэн суулгахыг зөвшөөрнө” гэсэн гэрээслэл-картыг биедээ хадгалаж явдаг иргэн бүхий улс орон олон байдаг. Ойрын хүний эрхтэний өглөгийг зөвшөөрч донор болгуулахын тулд та бүхнээс их зориг, тэвчээр шаардагдана. Үүнд иргэдийн эрүүл мэндийн боловсрол, хүмүүнлэгийн гэгээрэл маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Элдэв осол гэмтэл зэргийн улмаас бурхны хутгийг олсон хэн нэгэнд хэрэгтэй эрхтэн үлдсэн байдаг, тэр эрхтэнийг архаг өвчинд нэрвэгдсэн хэн нэгэнд шилжүүлэн суулгах боломтой гэдгийг энд хэлж байна.  Энэ бүхнийг орчин цагийн эмчилгээний аргаар шийдэх боломжтой, хэн нэгний өглөгөөр түгээсэн эрхтэн өөр хэн нэгэнд амьдрал хайрладаг гэдгийг л ойлгуулахыг зорьж байгаа юм.

Засгийн газрын зүгээс ч юм уу, эсвэл хууль эрх зүйн орчинд нь өөрчлөлт оруулвал донорын асуудлыг шийдэх гарц байж болох уу?

Төр засгийн зүгээс анхаардаг. Донорын хуулийн шинэчилсэн найруулга явагдаж байна. Хуулийн тайлбар, дагалдан гардаг олон дүрэм журмын хүрээнд манай улсад амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийхийг нэлээд дэмжих боломж бүрдэх байх. Гэхдээ үүний зэрэгцээ нэг асуудал бий.  Энэ нь эрхтэний наймаа, хүний наймаа гэж хоёр зүйл байна. Энэ асуудлууд хууль хяналтын байгууллага, нийгмийн анхаарлын төвд байдаг. Хүний наймаа хэмээх ойлголт нь эрхтэн шилжүүлэн суулгахтай шууд холбоо хамааралгүй. Донорын хуулийн хүрээнд эрхтэний наймаа гэдгийг нь анхаарч үзнэ. Жишээ нь, баян хүн өвдлөө гэхэд ядуу нэг нь түүнд эрхтэнээ худалдах боломжийг хязгаарлах, эрхтэн худалдахыг хориглох тухай ойлголт мөн. Ялангуяа энэ байдал хөгжил буурай орнуудад элбэг тохиолддог. Тийм учраас үүнийг хуулийн байгууллагууд хүний наймаа, эрхтэний наймаа гэдгийг ялган салгаж үзэж шалгадаг болсон. Иймээс энэ хоёр заагийг мөн л олох  ёстой.  Дэлхий дээр цогцсоос эрхтэн шилжүүлэн суулгадаг орнуудаас хамгийн нэгдүгээрт Испани улс байна. Үүнийг төрийн бодлогоор зохицуулдаг. Манай орны хувьд эрхтэн шилжүүлэн суулгах, нутагшуулах тал дээр их анхаарч ажиллаж байна.

"Эмч бидний хүсээд байгаа нэг зүйл бол монгол эмч, монгол хүндээ, монгол хүнийхээ эрхтэнг суулгадаг энэ үйл ажиллагаагаа өргөтгөөд өдөр тутмын практик үйл ажиллагаа, эмчилгээний түгээмэл арга болгох юмсан гэж зорьж байгаа. Бид яагаад заавал гадаад орныг зорьж хамаг мөнгөө зарлагадах ёстой юм."

Нэг эрхтэн шилжүүлэн суулгахад хэчнээн зардал гардаг юм бол оо. Монголын дундаж ханш гэж байдаг уу. Манайхан гадаад орнуудыг зорьж эмчлүүлж байгаа нь монгол эмч нартай итгэдэггүй юм болов уу?

 

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ өндөр зардалтай. Энэ эмчилгээний үнэ ханшийг тогтоохын тулд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн санхүүгийн мэргэжилтнүүд мэс заслын үеэр бидэнтэй хамт байдаг. Энэ нь хэчнээн төгрөгийн төсөв орж байгааг хянаж байгаа юм. Харин эмч нар бид юу гэж боддог гэхээр тухайн өвчтөн эрхтэн шилжүүлэн суулгалаа гээд ядуурах ёсгүй, санхүүгийн хямрал, дарамтанд орох ч ёсгүй гэдэг. Даатгалын байгууллагуудтай хамтран эрүүл мэндэд, өвчтөн түүний гэр бүлийнхэнд ээлтэй системийг хайж байна.

Манай эмч нарын баг эрхтэн шилжүүлэн суулгахад яаж оролцдог юм бэ. Бэлтгэгдсэн баг гэж байдаг уу?

Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний баг гэж бий. Энэ багийнхан Нэгдүгээр эмнэлэг дээр байрлаж байна.  Тус багт Нэгдсэн нэгдүгээр эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Шастины нэрэмжит Гуравдугаар эмнэлэг, Гэмтэл Судлалын Үндэсний төвийн эмч нар багтдаг.  Манай улсын хувьд анхбөөр шилжүүлэн суулгах баг байгуулагдаж байв. Энэ багийг Англи улсын иргэн, өөрийн улсдаа анх удаа бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг үндэслэсэн хүний нэг болох Морис Слапак  байгуулж байлаа.  Үүний дараа 2011 онд Солонгос улсын эмнэлгийн багтай хамтарч элэг шилжүүлэн суулгах багийг байгуулсан.

Эрхтэн шилжүүлэн суулгуулахад шууд л эрүүл болдог гэлээ.  Тэгвэл хэдэн нас хайрладаг юм бэ?

Шинээр эрхтэн шилжүүлэн суулгуулаад одоо хүртэл сэрүүн тунгалаг хүмүүс байгаа. Дэлхий дээр анх удаа бөөр шилжүүлэн суулгуулсан иргэн одоо хүртэл байгаа гэсэн баримт байна.  Хэчнээн удаан нас наслахыг хэлж  мэдэхгүй ч  энэ эмчилгээ маш онцлогтой. Эрхтэн шилжүүлэн суулгасан бол шууд л эрүүл хүн болно. Мэс заслын дараа нэг дархлааны эм уудаг юм. Түүнийгээ уугаад байхад амьдраад л байна шүү дээ. Тэгэхээр эрхтэн шилжүүлэн суулгалт гэдэг бол дахин амьдрах, амьдралын чанар эрс сайжрахын эх үндэс юм.

Монголын үнэн В.Сарантуяа

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!